Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.05.03

Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, энэ өндөр сэнтийд залрах хүсэлтэй олон хүний нойрыг хугаслаж байгаа нь хоёргүй үнэн билээ.

Хэдийгээр манай улс Парламентийн засаглалтай ч "Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч" хэмээн тунхагласан төдийгүй хууль, шүүхийн гээд бас бус өндөр албан тушаалтнуудыг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид хамааруулсан байдаг.

УИХ-ын гишүүн байгаа ганц эмэгтэй улстөрч нь сонгогчиддоо "Анхны эмэгтэй Ерөнхийлөгч байж болох хүн" хэмээн хүлээн зөвшөөрөгдчихөөд байдаг.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүрэг хүлээдэг энэ өндөр албан тушаалын эрх мэдэл, сүр хүч, нэр төр нь өөрөө нэр дэвшигчдийнхээ өмнө өндөр босго болж, улс нийгмээ гэсэн эх оронч сэтгэлгээтэй, хатуужсан, зангарагтай, лидер улстөрчийг шаардаж байдаг бичигдээгүй хуультай.

Улс орны нүүр царай болсон энэ албан тушаалд АН-аас, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон. Харин түүний гол өрсөлдөгч нь аль намын хэн байх вэ гэдэг асуудал улстөрчид болоод сонгогчдын анхаарлын төвд байна. Мэдээж түүний гол хүчтэй өрсөлдөгч нь МАН-аас гарч ирэх нь дамжиггүй.

Гэхдээ МАН-аас нэр дэвшсэн л бол хэнбугай ч байсан одоогийн Ерөнхийлөгчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болно гэвэл үүн шиг том эндүүрэл байхгүй. Намууд хэдийгээр гишүүнчлэлтэй байдаг ч эцсийн эцэст ард түмэн намд нь бус нэр дэвшигчид нь саналаа өгдөг гэдгийг мартаж болохгүй.

Үүнийг өнгөрсөн сонгуулиуд ч батлаад өгсөн. Хорин нэгэн мянган төгрөгөөр сар бүр угжиж байсан ч эрх барьж байсан МАН унаж, УИХ-ын сонгуульд АН олонхи болсныг харахад ард түмний сонголтод намын нөлөө гэхээсээ нэр дэвшигчийн нэр хүнд нэлээдгүй жин дарах болсныг илтгэж байна.

Ц.Элбэгдорж бол Монголын улс төрийн тавцан дээр хоёронтоо унаж, гурвантаа босож ирсэн, Ардчилсан хувьсгалыг санаачлагч, манлайгчдын нэг, яах ч аргагүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лидер улстөрч. Тэгвэл түүний гол өрсөлдөгч нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэн байх вэ?

Гэхдээ МАН дотор Ц.Элбэгдоржийн дайны хатаагдаж ширээгдсэн лидер улстөрч одоохондоо алга. Хэдийгээр лидерүүд нь багталцахгүй чихцэлдэж байгаа гэдэг ч, МАН-ыг эрх барьж байсан жилүүдэд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр дэвшихээр горилогсдын тоон дунд орчихсон цохиж яваа дуулдана.

Нэгэнт уруудаж яваа тэдгээр нөхдийн нэр төр МАН-д гай болно уу гэхээс лав гавьяа болохгүй. Учир нь ард түмэн тэднээс залхсан. Нөгөө талаар тэд улиг болсон. Сүүлийн үед, "Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж яагаад болохгүй гэж..." гэсэн санал гарч хэвлэлийн хуудсаар хэлэлцэгдэх боллоо.

Тэр бүү хэл, Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэн байж болохыг нь хүртэл ил тод нэрлэжээ. Тэр нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Муугүй сонголт. Цагтаа эвлэлийн ажилтан байсан тэрбээр УИХ-ын гишүүн байсан ч, дараагийн сонгуулиар нь удирдлагынхаа дарамтад орж тойргоо алдан нэр дэвших эрхгүй үлдэж байсан.

УИХ-д сууж буй цорын ганц эмэгтэй улстөрч, намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог.

Гэсэн ч дараагийн сонгуулиар дахин нэр дэвшин сонгогдсон. Одоо бол намаасаа УИХ-д сууж буй цорын ганц эмэгтэй улстөрч, намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог. Д.Оюунхорол удаа дараа УИХ-д сонгогдож байсан ч, сайд болж тендер будлиантуулж яваагүй, төрд алба хашиж түмний хөрөнгөнөөс хөлжөөгүй гээд олон эерэг хандлага түүнд бий.

Гэхдээ түүний нэрийг МАН гаргаж ирсэнгүй, Д.Оюунхорол өөрөө ч "Би Ерөнхийлөгчид яг таарах хүн" гэж зарласангүй. Харин ард түмэн өөрсдөө, тэр тусмаа сонгогчид нь "Д.Оюунхорол л анхны эмэгтэй Ерөнхийлөгч байж болох хүн. Ядаж нэр цэвэр" хэмээн нэр цохон дурьджээ. Олны үг ортой гэдэг. Тэгэхээр сонгогчдын энэ сонголт цаанаа нэгийг хэлээд байгаа хэрэг.

МАН эмэгтэй улстөрчиддөө төдийлөн найр тавиад, өөд нь гаргаад дэвжүүлээд  байдаггүй гэх юм билээ. Одоо ч гэсэн УИХ-д МАН-аас ганцхан эмэгтэй улстөрч байгаа нь үүнийг батлах мэт. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан эмэгтэй улстөрчдөөс Т.Ганди "моодноос гарч", Д.Арвин "айлд өргөгдсөн".

Одоо УИХ-ын гишүүн байгаа ганц эмэгтэй улстөрч нь сонгогчиддоо "Анхны эмэгтэй Ерөнхийлөгч байж болох хүн" хэмээн хүлээн зөвшөөрөгдчихөөд байдаг. Энэ давуу талаа МАН яагаад ашиглаж болохгүй гэж. Гэсэн ч МАН, Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ нам дотроо хайсаар л байна.

Намууд нэр дэвшигчээ тодруулах цаг хугацаа ойртсоор байгаа энэ мөчид  Д.Оюунхоролтой өрсөлдүүлэхээр намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын нэрс дуулдаж байна. Намын их, бага хурлуудын үеэр өөр эрхмүүд гарч ирж нэр дэвшиж магадгүй гэцгээж байна. Гэхдээ л Д.Оюунхорол шиг нэр цэвэр хүн олдохгүй л болов уу.

Тэгээд ч нийгэм өөрөө "Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байхад яагаад болохгүй гэж" гэсэн хүлээлт үүсгэчихээд байхад өөр хэн нэгэн сайд дарга байсан ч юм уу, эсвэл гэнэт баяжиж хөрөнгөжөөд олигархи энэ тэрээрээ дуудуулаад эл дол болчихсон, эсвэл улстөрчийнхөө хувьд лидерийн хэмжээнд хүрч үнэлэгдэхгүй байгаа эрхмүүдийн хэн нэгнийг Ц.Элбэгдоржтой өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлбэл эцэс сүүлд нь амаа барьж, дараа нь намынхаа удирдлага руу дайрч давшлах хэрэг МАН-д мандах вий.

Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар бол байдаг л нэг улстөрчид. Тэд бол олноос онцгойрсон сонин содон фигур биш. Хэдэн жил улс төрийн тогоонд чанагдлаа гээд улстөрчийнхөө хувьд хийсэн үйлдэл гээд ч шальтай юм алга. Хэлж ярьж байгаа нь ч гэсэн байдаг л нэг улстөржсөн дэмий үг яриа.

Улс төрд хийсэн тэсрэлт алга. Урагш тэмүүлсэн дэвшил, ирээдүйг харсан холч ухаан гээд эрчүүдээс гардаг ур чадвар уран арга мэхийг тэднээс өнөө болтол ард түмэн олж хараагүй л байна. Өөрөөр хэлбэл, болд мэт ширээгдсэн улс төрийн лидерийн шинж төрх тэдэнд байхгүй, байлгая гээд өнгөрсөн үе рүү нь эргэж хараад ч тоймтой юм харагдахгүй байна гэсэн үг.

Ийм хүмүүсийг дэвшүүлээд ард түмнээсээ оноо авна гэвэл томоос том эндүүрэл болох биз ээ. Д.Оюунхоролд энэ бүхэн байхгүй ч гэлээ, "МАН-аас УИХ-д суугаа цорын ганц эмэгтэй улс төрч" гэдгээрээ, "Эмэгтэй Ерөнхийлөгчтэй яагаад байж болохгүй гэж" гэсэн нийгмийн хүлээлт байгаа учраас, "Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход хүрвэл таарах хүн нь Д.Оюунхорол байх магадлалтай" гэсэн олон нийтийн үнэлгээ, "Дэлхийн улс төрийн манлайлалд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирлээ" гэсэн нийгмийн сэтгэлгээ түүнийг Ц.Элбэгдоржтой өрсөлдөх хэмжээний гол, хүчтэй өрсөлдөгч болгон тодосгож байна.

Тэгээд ч 21 дүгээр зуунд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсээр байгаа бөгөөд "21 дүгээр зуун эмэгтэйчүүдийн зуун болно" хэмээн дэлхийн сонин хэвлэлүүд бичицгээж байна. Үнэхээр ч гурав дахь мянган жил эхэлсээр дэлхийн олон улс оронд шашин шүтлэг, ёс заншил үл харгалзан чадварлаг эмэгтэйчүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын сэнтийд заларсаар байна.

Азид саяхан анхны эмэгтэй Ерөнхийлөгч Өмнөд Солонгост сонгогдсон бол дараагийнх нь Мянъмарын сөрөг хүчний удирдагч Нобелийн шагналт Аун Сан Су Чи  байх магадлал тун өндөр юм. АНУ-д ч гэсэн, Б.Обамагийн дараагийн Ерөнхийлөгчийг Хиллари Клинтон байх болно хэмээн ил тод тунхаглаж байна.

Энэ үүднээс харахад дэлхийд эмэгтэй улстөрчдийн нэр хүнд улам өссөөр, цаашид ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын сэнтийд эмэгтэйчүүд заларсаар байх нь гэсэн гаргалгаа аяндаа гарч ирж байна. Монголчуудад ч гэсэн эмэгтэйчүүдийн хатан ухааныг дээдэлж ирсэн уламжлал бий. Их эзэн Чингис хүртэл өөрийн хатадгүйгээр төрийн хэрэг хэлэлцэхэд оролцдоггүй байсан гэх юм билээ.

"Эмэгтэйчүүдэд, эрчүүдийг бодвол бусдыг хайрлах энэрэх сэтгэл илүү хөгжсөн байдаг. Тиймээс бусдыг хайрлах энэрэх үйлсэд нь эмэгтэйчүүдэд боломж олгох хэрэгтэй" хэмээн Далай лам айлджээ. Үнэхээр ч эрчүүдийн хийдэг муу муухай бүхнийг өөрчлөх цаг болсон.

Эрчүүд адгийн муу аминчхан үзэл гаргахаас өгсүүлээд, атомын бөмбөгөөр хүнийг үй олноор нь хөнөөх шийдвэрээ ч юман чинээ бодолгүй гаргадаг хатуу сэтгэлтнүүд шүү. Ёс суртахууны доройтолд орж, мөнгөний төлөө элэг нэгтнээ бүү хэл, эх орноо  худалдахаас ч буцахгүй болсон өнөөгийн энэ ороо бусгаа үед эх хүний, эмэгтэй хүний өр нимгэн, зөөлөн нинжин сэтгэл л бидэнд хэрэгтэй байна даа, МАН-ын бага хурлын гишүүд минь...