Байнгын хороо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа
2013.05.03

Байнгын хороо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг дэмжлээ

Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг зөвшилцлөө.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хаалттай горимоор хэлэлцлээ. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Үүний дараа “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс “гуравдагч хөрш” АНУ-тай цаашид чөлөөт худалдааны гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатар хотноо 2007 оны гуравдугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр Монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан юм байна.

АНУ-ын тал Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө худалдааны дэглэм, эрх зүйн тогтолцооны томоохон шинэчлэл хийх, хөдөлмөрийн орчин нөхцлөө сайжруулах нь зүйтэй гэж үзэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах хариуг өгсөн юм байна.

Тухайн үеийн Гадаад харилцааны сайд С.Батболд 2009 оны зургадугаар сард Вашингтон хотод АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирктэй уулзахдаа хоёр улсын хооронд Ил тод байдлын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх болсноо зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сард АНУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр тал хэлэлцээрийг байгуулж гарын үсэг зурах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа болохоор Орон улсын гэрээний тухай хуульд зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс “гуравдагч хөрш” АНУ-тай цаашид чөлөөт худалдааны гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэнэ.

АНУ-ын хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээрийг 19 оронтой, Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг есөн оронтой байгуулсан.

Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд хэлэлцээрийг байгуулахын өмнө АНУ-ын бусад орнуудтай, тэр дундаа манай орон шиг хөгжиж буй орнуудтай байгуулсан гэрээнүүдийг сайн судалж үзэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр мэргэшсэн хуульчдыг ажиллуулахын чухлыг онцолж байсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи энэхүү хэлэлцээрийг байгуулахыг дэмжлээ.