Ботаникийн хүрээлэнд шүүхийн цогцолбор барих эсэхийг Э.Бат-Үүл шийдээгүй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл
2013.05.29

Ботаникийн хүрээлэнд шүүхийн цогцолбор барих эсэхийг Э.Бат-Үүл шийдээгүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хууль, шүүхийн байгууллагын цогцолбор барих гэж байгаа гэнэ.

Энэ тухай бүр одоогоос гурав, дөрвөн сарын өмнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ерөнхий төлөвлөгөөний газарт хаягласан нэгэн хүсэлт очсон тухай мэдээлэл бий.

Хууль зүйн яамаар толгойлуулан тус цэцэрлэгт хүрээлэнгийн дөрвөн га газарт шүүхийн цогцолбор байгуулахад талбай олгож өгөхийг уг хүсэлтдээ дурьджээ. Тиймээс энэхүү үүсээд буй асуудлын мөрөөр сурвалжилга  бэлтгэлээ.

Иргэдийн дунд “Хууль зүйн яам аль хэднийнэ газраа шийдүүл­чихсэн” гэх мэдээлэл тархжээ. Уг нь эл Ботаникийн цэцэрлэг бол өмнөх Засгийн газруудын үед ч тэр газрын наймаанд өртөөгүй, байшин барил­га сүндэрлээгүй үлдсэн талбай.

Энэ жил 2000 гаруй мод суулгасан

Нөгөөтэйгүүр нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулж энэ 32 га газрыг тохижуулж эхэлж буй нь энэ. Харамсалтай нь өнөөдөр олон нийтийн аялж, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор байгуулах гэж байсан Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг манай хууль, шүүхийнхэн онилсон нь иргэдэд таагүй байдал төрүүлж байгаа аж.

Тэгвэл нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Хууль зүйн яамныхны хүссэн газрыг нь шийдээд өгчихсөн юм уу. Нөгөөтэйгүүр Ботаникийн цэцэр­лэгт хүрээлэнгийн хувь заяа цаашид хэрхэх зэрэг асуудлаар хариулт авлаа.

Хууль зүйн яамныхан "Хүсэлтийн хариу ирээгүй" гэв

Хууль зүйн яамныхны хувьд ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй хариулт өгөх боломжгүй гэнэ. Харин “Хүсэлт гаргасан нь үнэн. Гэвч одоогоор нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн хариу ирээгүй, тэнд шүүхийн цогцолбор барих эсэх нь тодорхойгүй байгаа” талаар олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэллээ.

Хэрэв шүүхийн цогцолборыг тэнд барихаар болчихвол 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө устана гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал газар доорх услалтын систем, хашаа хайс, хамгаалалтын зурвас, гадаадаас авчирч тарьсан зургаан зүйлийн улиас, дөрвөн зүйлийн хус, хоёр зүйлийн  улиан­гар байдаг гэнэ.

Эдгээр модыг 15-43 жил арчилж ургуулсан. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод буй модноос хамгийн олон жил ургаж байгаа нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг талаар Хүрээлэнгийн цэцэр­лэгчид онцолсон юм. Энэ жил гэхэд тэнд 2000 гаруй мод суулгасан бөгөөд өөрсдийн хийсэн ажлын хөрөнгийн жагсаалтаа Хууль зүйн яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухааны академид хүртэл өгсөн аж.

Ерөнхий төлөвлөгөөний газар цэцэрлэгт хүрээлэнг өөрсдөө санал болгосон уу

“Салхи босоогүй бол шороо хаанаас хөдлөх вэ” гэг­чээр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Хууль зүйн яаманд шүүхийн цогцолбор барих газрыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг талбайд барих саналыг тавьсан талаар мэдээлэл байна. Уг газар үнэхээр ийм санал тавьсан бол иргэд дургүйцэх нь аргагүй.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Яагаад гэвэл тэнд ургамлын судалгаа шинжилгээ хийдэг тусгай хамгаалалтын бүс. Энэ цэцэрлэгт хүрээлэнд барилга барих, бусдад шилжүүлэхийг зөвхөн Засгийн газар л шийдэх учиртай. Түүнчлэн олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс болгохыг зорьж гурав, дөрвөн мянган мод тарьчихсныг нүдтэй хүн бүр мэдэх биз.

Тэгвэл Ерөнхий төлөвлөгөөний газрынхан ямар байр суурьтай байгааг тодруулсан юм. Холбогдох удирдлагууд нь гадуур судалгаа хийж яаваа гэсэн ч эх сурвалжийн хэлснээр “Хууль зүйн яамны хүсэлтийн дагуу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шүүхийн цогцолбор барих асуудал маргаантай, тодорхойгүй хэвээр байна.

Төлөвлөгөө, судалгаа ч бүрэн хийгдээгүй. Ядаж тэнд шүүхийн цогцолбор бариулна гэхээр иргэдийн зүгээс хүртэл нэлээд дургүй байгаа” гэлээ.

Ботаникийн цэцэрлэгийн зүүн хэсэгт газар тухай ярьжээ

Хууль зүйн яамныхны авна гээд буй хэсэг нь Ботаникийн цэцэрлэгийн яг аль хэсэгт байдаг вэ гэдэг нь нууц байгаа. Харин бид тус цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр чухам ямар байдалтай байна вэ, мөн шүүхийн цогцолбор барих газрыг хүрээлэнгийн аль хэсэгт барих сургийг нь гаргасан юм.

Өнгөрсөн 2008 оноос эхэлж тарьсан модны ихэнх нь сайн ургалттай байгаа гэдгийг цэцэрлэгийн зүүн хэсгийн манаач хэллээ. Мөн шөнийн цагаар согтуу хүмүүс нэлээд ирж, архины шил, идсэн хоолныхоо савыг хаячихаад явчихдаг гэнэ. Саяхан гэхэд хуучнаар Цагдаагийн академи буюу Дотоод хэргийн их сургуулийн 190 орчим сон­согч хогийг нь цэвэрлэсэн талаар манаач нар онцолсон юм.

Цэцэрлэгийн зүүн урд хэсэг нь хогийн ургамлаар дүүрчихсэн байдалтай байлаа. Харин УИХ-ын нэг гишүүний бариулсан хүүхдийн тоглоомын газрын хаалгыг төмөр гинжээр ороочихсон, ажилладаг эсэх нь тодорхойгүй байв. Зүүн хэсгийн манаач айлын хүмүүсийн хэлснээр энэ хавар 500-аад мод тарьсан байна.

Түүнчлэн “Миний хувьд энэ цэцэрлэгт хүрээлэнд есөн жил ажиллаж байна. Зураг төсөлд гаргасан шигээ хийсэн ажлаа дуусгачихвал зүгээр юмсан. Нөгөөтэйгүүр төмөр хашааг нь хулгай аваад болдоггүй. Ядаж байхад хүний хөдөлгөөн ихтэй, гэр хороололтой ойрхон учраас хог маш ихээр хийсэж ирдэг” гэдгийг тэд онцолсон.

Харин бидний сурвалжлагын сэдэв болох шүүхийн цогцолбор барих 4,2 га талбай нь цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт “Оргил” худалдааны төвийн ард байрлах аж.

Шинэчлэлийн Засгийн газ­рынхны ам гарснаар 2030 он гэхэд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 20-25 ам метрт хүргэнэ гэж хэтийн зорилтдоо тусгаад баталчихсныг уншигч та санаж буй. Гэхдээ энэ тоо бол дэлхийн нийтийн тэр дундаа хөгжингүй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоотой харьцуулбал хоёр дахин бага тоо гарна. утаа, шар шороо, хаа сайгүй сүндэрлэх барилгын сүүдэрт дарагдсан иргэд энэ цэцэрлэгт хүрээлэнг алдахыг хүсэхгүй байгаа нь энэ бизээ.