УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.05.28

Л.Болд: Голомт банктай холбоотой асуудал удахгүй тодорхой болно

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон. Энэ дагуу 2012 онд Дэлхийн байгаль орчны өдрийн арга хэмжээг Бразил улс зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ үеэр 2013 оны Дэлхийн байгаль орчны өдрийг манай улсад зохион байгуулах санал тавьсан байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 18-22-нд Кени улсын нийслэлд болсон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурлаар 2013 оны Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улс зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарлажээ.

Мөн дээрх хурлын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл гэсэн шинэ хөтөлбөрийг баталсан аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд НҮБ-аас дэлхийн 30 орныг сонгон авч долоон жилийн турш ногоон эдийн засгаа хөгжүүлэхэд нь туслахаар болжээ.

Энэхүү 30 орны нэгээр манай улсыг сонгосон тухайгаа НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан манай улсад айлчлахдаа албан ёсоор мэдэгдэх юм байна.

Манай улс Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Л.Болд сайдын мэдээлснээр манай улс дээрх 30 орны тоонд багтсанаар ногоон эдийн засагт чиглэсэн ажлын байр бий болгох, байгаль орчны бохирдлыг бууруулах, байгаль орчинд хоргүй технологи хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр НҮБ-аас тусламж авах боломжтой болох юм байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун ирэх зургадугаар сарын 1-5-нд зохион байгуулах Дэлхийн байгаль орчны өдрийн арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ үеэр Засгийн газраас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ нь банкны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Тухайлбал, зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн дунд байгаль орчны сэдвээр уралдаан, дэлхийн долоон орны тамирчид оролцох марафон гүйлтийн тэмцээн, 2-ны 10.00-17.00 цагт байгаль орчинд ээлтэй машингүй өдөр, 3-нд Төрийн ордонд Ногоон Хөгжлийн үндэсний чуулган, 4-нд Салхитын хөндийд барьж буй салхин цахилгаан станцын нээлт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Харин зургадугаар сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдрийн албан ёсны арга хэмжээ Төрийн ордонд болох ажээ. Энэхүү аргах хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал нар оролцох юм байна.

Энэхүү мэдээллийн дараа Гадаад харилцааны сайд Л.Болдоос “Голомт" банктай холбоотой асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-”Голомт” банктай холбоотой асуудлаар Монгол банкны удирдлагад захидал бичсэн байсан. Захидал бичих болсон шалтгаанаа тодруулна уу?

-Би өөрөө захидал бичээгүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичсэн юм. Хуулиараа би УИХ-ын гишүүн учраас банктай холбоотой энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. “Голомт” банк бол хамгийн найдвартай Монголын тэргүүлэх банкуудын нэг. Үүнд эргэлзэх шаардлагагүй.

Хоёрдугаарт, тодруулах, шалгах, буруутныг нь олж тогтоох ёстой асуудал бий. Үүнийг шалгах ёстой байгууллагууд нь шалгаад дүгнэх байх. Харин энэ нь банкны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тодорхой цаг хугацааны дараа бүх зүйл үнэн зөвөөрөө тодорхой болох байх.