С.Эрдэнэ: Удахгүй ахмад настнуудын тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, шийднэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаасаа хойш хүний хөгжлийн талаар ярьж байна. Ер нь хүний хөгжил гэдгээ яаж тодорхойлоод байгаа юм бэ?
-Манайд хүн амын хөгжлийн талаар бие даасан яам байгаагүй бөгөөд бодлого нь ч гэсэн тунхагийн шинжтэй байсаар ирсэн. Шууд хэлбэл монгол хөгжил, бодлого зорилтоо тодорхойлж, хийж, хэрэгжүүлэхдээ хүн амынхаа талаар үг дуугарч байгаагүй. Ингэж хүн амыг хоёрдугаарт тавьж ирсэн учраас хүн төвтэй хөгжил ирэлгүй эдийн засгийн болоод мөнгөний хөгжил л явагддаг байлаа.
Тиймээс хүн амын хөгжлийн бодлогын цогц баримт бичгийг боловсруулъя. Хүн амын бодлоготой болъё дараа нь эдийн засаг, бүгээн байгуулалтын бодлоготойгоо энэ баримт бичгээ уялдуулж хөгжүүльө гэдэг асуудлыг хөндөж байгаа. Бид хүн амын хөгжлийн бодлогыг боловсруулахдаа хэдэн хүн ширээ тойрч сууж байгаад гаргачихсангүй.
Хүн амынхаа бүлэг тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион байгуулж өөрсдийнх нь дуу хоолойг сонсч байгаад баримт бичгээ боловсруулж байгаа. Ахмад, дунд, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хэлэлцүүлгээ зохион байгуулсан бол зургадугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүүхдийн асуудлаар Архангай аймагт хуралдана.
Хүн амын хөгжил гэдгийг хүн төвтэй хөгжил гэж ойлгох хэрэгтэй. Хүнээ орхичихоод бусад хөгжлөө бодоод байвал бидний хөгжил эцэстээ юу болох нь ойлгомжтой шүү дээ.
-Хүн амын хөгжлийг боловсролоор нь тодорхойлдог учраас та нарын яриад байгаа энэажлыг боловсролын салбар хийх юм шиг харагддаг. Ер нь хүн амын хөгжлийн баримт бичигт яг ямар заалтууд орж байгаа юм бэ?
-Хүн амын хөгжил гэхээр хүмүүс тэгж л ойлгодог. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд бол хүний нийгэмд зайлшгүй байх ёстой суурь хөгжил гэдэгт нь ордог. Хүн боловсролтой байх эрхтэй, эрүүл орчинд, эрүүл амьдрах эрхтэй гэх мэтээр. Харин бидний яриад байгаахүний хөгжил бол үүнээс өөр.
Ирэх аравдугаар сар гэхэд Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-ын тогтоолын хамт УИХ-д өргөн барина.
Хүний насжилт, шилжилт хөдөлгөөн гэх мэтээр асуудлыг ярьж байгаа, Адаглаад л эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалт ярихдаа хүнээ хаана нь тавих вэ гэдэг л хамгийн чухал байгаа юм. Энгийн жишээг дурдахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл тараад хаачиж байна вэ.
Яахав хичээл дээрх хугацаанд нь багш нь хариуцаад бусад үед нь хаана яваа нь хэнд ч хамаагүй байдаг. Энэ нь боловсрол олгосон л бол болсон гэдэг ухагдахуун болчихоод байгаа юм. Боловсрол гэдэг нь жаахан юм уншуулах, тоо бодуулах ш дээ. Гэтэл хичээлдээ сууж уншиж бичсэн хүухэд бусад үед нь яах юм.
Хаана байж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуудал босч байгаа. Хэл сурах уу, урлаг, уран зохиол, спортод шимтэх үү. Гэтэл энэ боломжууд өнөөдөр байна уу. Ингээд бүхнийг ярихаар хүн амын хөгжлийн бодлого байх ёстойг илэрхийлээд эхэлж байгаа юм. Ер нь ирэх аравдугаар сар гэхэд Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-ын тогтоолын хамт УИХ-д өргөн барина.
-Хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал, олон өөр бэрхшээл байна. Эдгээрийн нэг нь хүүхэд. Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар яам яаж ажиллаж байна?
-Хүн амын бүлэг тус бүрт тулгамдаж байгаа эмзэг асуудал байгаа. Энэ нь хэвийн зүйл мэт болчихсон. Хүмүүс түүндээ дасан зохицчихсон байна. Хүүхдийг хүн мэтээр авч үзэхгүй байх, хүүхдийн эрхэнд халдах, хүчирхийлэх, боолчлох гэдэг бол өнөөдөр үүсчихээд байгаа юм биш. Хэдэн зуун жил ингээд л яваад ирсэн. Миний үед л гэхэд саваа модоор чичлүүлээгүй, бөгжтэй гараар цохиулаагүй хүүхэд байгаагүй.
Тэр бүхэнд нь зөөж гүйдэггүй байсан. Ховловол нэмж зодуулна. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл тухайн үеийн хүмүүжлийн арга барил нь бүдүүлэг байж. Үүнээсээ өнөөдөр ч салаагүй байгаа жишээнүүд гарсаар байна. Тиймээс хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж өөрсдөөс нь саналыг нь сонсч байгаа юм.
-Яг өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн төлөөх байгууллагуудын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ. Тэд хүүхдийг хамгаалах бус хүчирхийлэлд өртсөн хүүхдийг олон нийтэд зарлаж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Байдал ийм байгаа нь үнэн. Гэхдээ тэд нарт үүнээс өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй. Ганц байгаа боломж нь хүүхдийн эрхийг хаана, хэн зөрчив гэдгийг ярих. Ингэж боломжоороо ажиллахдаа хүүхдийн эрхэнд давхар халдаж нэр хүндийг нь гутааж байна. Тэгэхээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй.
-Хүүхдүүдээс гадна өндөр настнуудын эрхийн асуудал хурцаар тавигддаг. Саяхан ахмад настнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэд яг ямар асуудлаа шийдүүльө гэж байх юм?
-Ахмад настны эрх зүйн боломжийг нэмэгдүүлж, боломжтой бол хөдөлмөр эрхлэх хэрэгтэй байна л гэж байна. Хэдий тэтгэвэрт гарсан ч бие, ухаан эрүүл хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр бас үл ойшоох бус үнэт зөвлөгөө авах, хөнгөн ажил эрхлүүлэх, эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх асуудалд анхаарахаар болсон.
Жишээлбэл монголчууд ахмаддаа хайртай нэрээр гэртээ байлгаж хүүхдээ харуулж, гэрээ цэвэрлүүлэн үнэгүй боолчилдог. Дээр ньзарим нь тэтгэврээ хураалгадаг гэх мэтээр асуудал байна. Энэ нь ахмадууд гавьяаныхаа, амралтыг эдлэх бус төрүүлж өсгөсөн хүүхдүүддээ боолчлогдох байдалтай болчихоод байгаа.
Нэн тэргүүнд энэ асуудлыг нь зохицуулах хэрэгтэй. Энэ ч үүднээс “Ахмадын байр” гэдгийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон. “Ахмадын байр” гэх хотхонд өндөр настнуудад хэрэгтэй бүхий л зүйл байх болно. Энэ мэтээр ажиллаж байна.
-Ахмадуудын байнга хүсдэг зүйл бол тэтгэвэр нэмэх. Ийм боломж байгаа юу?
-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэрэгжиж эхэлснээр тэтгэвэр боломжийн нэмэгдсэн. Энэ хуулиар 178 мянган хүний тэтгэврийн зөрүү арилсан гэх мэтээр үр дагавар нь сайн байгаа. Харин цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмэгдүүлж байх нь зүйтэй гээд өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн хуулиар заагаад өгчихсөн юм.
Жил бүр Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн тэтгэврййн асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаж байх болно. Нэг үгээр хэлбэл сонгуулиар улс төрийн шоу хийх бус жил бүр энэ асуудлыг хэлэлцэж байна гэсэн үг.
-Энэ жилийн хувьд хэдийгээр тэтгэвэр нэмэх асуудлыг шийдэх вэ?
-Бид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулгаа явуулсан. Ирэх долоо хоног гэхэд асуудлыг хэлэлцчих байх. Хэрвээ дэмжигдвэл Засгийн газарт энэ асуудлыг танилцуулж, улмаар шийдвэрлэх болно.
-Ойролцоогоор хэдэн төгрөгөөр нэмэх юм бол. Хүмүүс харилцан адилгүй тэтгэвэр авдаг. Ахмад настнуудын тэтгэвэр бүгд нэг ижил хэмээр нэмэгдэх үү?
-Үндэсний статистикийн хорооны судалгаан дээр үндэслэж ойролцоогоор 22 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн. Харин хэнийх нь цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг тооцоолж гаргаагүй байна.
-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг гүйцээн олгохоор болсон. Харин хувьцаагаа нэг сая төгрөг хэлбэрээр авах хүсэлтэй хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ. Бас одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөгийг бэлнээр олгох амлалт хэрэгжээгүй байна?
-Эдийн засгийн судалгаанууд хийгдэж байгаа. Одонтой эхчүүдийн мөнгийг олгох эсэх асуудлыг судалгааны дүнг гартал харзнахаар байна. Одонтой эхчүүдийн мөнгийг олгох шаардлагагүй гэж үзвэл цалин, тэтгэвэр нэмэх асуудлаа ярина. Шаардлагатай гэсэн судалгаа гараад ирвэл бид дараа жилээс асуудлыг ярина.
НЗДТГ-тай хамтран “Ахмадын байр”-ыг хэрэгжүүлэхээр болсон.
Харин 21 мянган төгрөгийг манай улсын иргэдийн дийлэнх нь авчихаж. Тэгэхээр хүн бүр эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс гүйцээн олгохоор болсон. Тэр нэг сая төгрөгийг хувьцааны оронд авах асуудлыг эрс эсэргүүцэж байгаа.
Хэрвээ иргэдийнхээ гар дээр байгаа хувьцааг төр нь өөрөө үнэлээд, өөрөө зараад эхэлбэл 1990 оны цэнхэр, ягаан тасалбарыг барааны савангаар сольсон шиг л юм болно. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоо “Энержи ресурс”-ийн хувьцаа л гэхэд дөрвөн мянга хол давж байна. Гэтэл мянган төгрөгөөр солино гэдэг буруу асуудал.
-Засгийн газрын гишүүд долоо хоног бүр л “Би тийм юм хийнэ” гээд яриад байна. Яг энэ жилдээ багтаад хийчих бүтээн байгуулалт нь юу байна?
-Бусад сайд нарын өмнөөс би тэдний ажлыг дүгнэх нь ёс зүйгүй асуудал юм. Харин манай яам бодит зорилтоо тодорхойлчихлоо. Ажлуудаа хийгээд, хуулиа хэрэгжүүлээд, зорилтоо хангаад явж байна.