2011.01.15

Зангиагүй уулзалтаар юу ярив

Сангийн сайд С.Баярцогт газар, хэлтсийн дарга нарынхаа хамт зангиагүй уулзалт хийлээ. Сангийн яамны бүх хэлтсийн дарга нар болон яамны харьяа агентлаг болох Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нар 2010 онд ямар ажил амжуулж, энэ онд юу хийхээр төлөвлөснөө тайлагнав. С.Баярцогт сайд өнгөрсөн 2010 онд Сангийн яам ажил үйлсээрээ бусад яамдаа манлайлсан, олон бодит ажлыг хийсэн гэж уулзалтын эхэнд магтаад авна лээ. Хэлтсийн зарим дарга нь "Зангиагүй уулзалт" хийж байгаа юм чинь зангиагаа авсан нь дээр байх гээд цүнхэлж харагдсан. Өнгөрсөн онд Концессын тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зэрэг арван хуулийг шинээр, 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-аар батлуулсан гэнэ. Тэр дундаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг шинээр батлуулж Монгол Улс түүхэндээ анх удаа эрсдэлээс хамгаалах хуримтлалтай болох алхмыг тавьсан гэж онцолж байв. 2011 онд энэ хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 184 тэрбум төгрөг төвлөрөх гэнэ. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал "Төвлөрлийг задлах, орон нутагт эрх мэдэл олгох гээд төсвийн бодлогод эрс шинэчлэл хийхээр ажиллаж байна. Ямар ч байсан Төсвийн тогтвортой байдлын тухай гэсэн "малгай" хуулийг боловсруулан УИХ-аар батлууллаа. Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг нэгтгэн Төсвийн тухай хуулийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо хэлэлцэж эхлээд байгаа. Энэ хууль гарснаар орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, Төсвийн хууль зөрчигчдөд ногдуулах хариуцлагыг чангатгана гээд зарчмын томоохон өөрчлөлт орж байгаа" гэв. Сангийн яамны "томчууд" нэг дор бүгд цугласан учир сонирхож байгаа зүйлээ хэвлэлийнхэн асууж тодруулсан юм.

Японоос тусламж гуйхаар шийджээ

Гадаадын орнууд, олон улсын байгууллагууд манай улсад 1990-2009 онд нийтдээ 1.8 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг юм байна. Тэр дундаас хамгийн өглөгч нь Япон улс. Тусламжийн энэ хөрөнгөөр Биеийн тамирын ордон, нарны зам, Энгельсийн гүүрийг барьж ашиглалтад оруулснаас гадна бүх аймаг, сумдын сургуулийн номын санг тохижуулжээ. Мөн энэ хугацаанд нийтдээ хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авсан байна. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний системийг хянах, малын индексжүүлсэн даатгал зэрэг олон төслийг санхүүжүүлжээ. Харин одоо Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал сүндэрлүүлэх юм байх. Улаанбаатар хот өвлийн улиралд Утаанбаатар болж, хорт хийгээр дүүрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ байдлыг бага ч атугай багасах зорилгоор шөнийн цагт цахилгааныг үнэгүй түгээе гэхээр цахилгаан станцуудын хүчин чадал дийлэхгүйд хүрээд байгаа. Бас нийслэл рүү иргэд шавах болсон учир хэрэглээ ихээр нэмэгдэж эрчим хүчний хомсдол нүүрлэж магадгүй байгаа гэнэ. Тиймээс тавдугаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шаардлагатай болжээ. Азийн хөгжлийн банкны тусламжаар тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийж эхэлсэн байна. Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барихад ойролцоогоор 500-800 орчим сая ам.доллар хэрэгтэй юм байх. Энэ их хөрөнгийг улсын төсвөөс гаргаад барьчих бололцоо одоогоор байхгүй учир Японы Засгийн газарт хандахаар болсон байна. Манай улсад өгдөг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээ тавдугаар цахилгаан станцыг барихад зарцуулах хүсэлт хүргүүлэхээр болжээ.

Гадаад зах зээл дээр үнэт цаас гаргана

Засгийн газар хөрөнгө оруулалтын төрийн өмчийн Хөгжлийн банк байгуулж, Сангийн яам дүрмийн санг нь шилжүүлж, банкийг удирдах менежментийн багийг шалгаруулаад байна. Энэ банк төмөр зам, цахилгаан станц барих, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр, аймгийн төвүүдийг засмал замаар холбох зэрэг том төслүүдийг санхүүжүүлнэ гээд байгаа. Гэвч хөрөнгийг нь хэрхэн босгох гэж байгааг Сангийн сайд С.Баярцогтоос тодруулахад:

-Шинэ бүтээн байгуулалт гэсэн 18 их наяд төгрөгийн өртөгтэй хөтөлбөрийг баталсан. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө босгож Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ. 2011 оны улсын нэгдсэн төсөв 9.9 хувийн алдагдалтай батлагдсан. Хэрэв бүтээн байгуулалт өрнүүлэхэд зарцуулах хөрөнгийг төсөвт суулгавал төсвийн алдагдал 30 хувьд ч хүрч мэднэ. Тиймээс Хөгжлийн банк байгуулж стратегийн болон улс орны чанартай том ажлуудыг өрнүүлэхийг зорьж байгаа. Хөгжлийн банкийг бай-гуулсан. Гэхдээ үйл ажиллагааг нь зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Одоо мөрдөж байгаа Арилжааны банкны болон Төв банкны тухай хуулийн дагуу явах бололцоогүй гэж үзээд манай яамнаас Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэ нь батлагдах байх. Засгийн газар баталгаа гаргаж гадаад зах зээлээс мөнгө босгож том төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. 1993-1994 оны үед Марбенийн өр гэж дуулиан дэгдсэн учир Засгийн газрыг баталгаа гаргах эрхгүй болгосон. Одоо үүнийг өөрчлөх гэж байгаа. Ингэснээр Засгийн газар Хөгжлийн банканд баталгаа гарган өгч Хөгжлийн банк бонд буюу үнэт цаасаа гадаад зах зээл дээр арилжаална. Гадаад зах зээл дээр бонд арилжих бүхий л бэлтгэл ажлыг базаасан. Томоохон хөрөнгө оруулалтын банкнууд манай үнэт цаасыг арилжихаар саналаа ирүүлээд байна гэж тайлбарлалаа. 2010 онд туршилт маягаар гадаад зах зээл дээр 172 сая ам.долларын үнэт цаас арилжаалсан бол 2011 онд тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Урьдчилгаа төлбөрийн хүүг бууруулжээ

Зангиагүй уулзалтын үеэр Сангийн сайдаас "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авахаар болсон, гэвч хүүтэй зээл л юм билээ, хүүг нь бууруулж болохгүй юу" гэхэд тэрбээр тайлбар хийв. Урьдчилгаа төлбөр гэх 250 сая ам.долларыг 100,50,100 сая гэж гурав хувааж аваад ард иргэддээ эх орны хишиг гээд тараажээ. Хөрөнгө оруулагчдад энэ зээлийн хүүг бууруулах санал тавьж хэлэлцээр хийснээр эхний 100 саяд гурван хувь, дараагийн 50 саяд нь 1.75 хувь, эцсийн 100 саяд нь нэг хувийн хүү төлөхөөр тохиролцоонд хүрээд байгаа гэнэ.

Инфляцийг газар авахуулахгүй гэж мэдэгдэв

Монгол Улс түүхэндээ  анх удаа асар их алдагдалтай төсөв баталсан. 2011 оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж байгаа юм. Ер нь сүүлийн жилүүд  төсөв тэлсээр ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төсөв нэрээр жилд монголчууд зарцуулдаг болсон. Сонгуулийн амлалтыг биелүүлж иргэддээ 1.5 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сар гэхэд өгч дуусгахаар төлөвлөсөн учир 2011 онд түлхүү тусгахаас аргагүй байсан гэж Сангийн сайд С.Баярцогт тайлбарлаж байв. Бэлэн мөнгө тарааж байгаагаас болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ууц л гэхэд 280 мянган төгрөгт хүрлээ, хурдацтай өсөж байгаа инфляцийг яах гэж байна хэмээн Засгийн газрын гишүүн, монгол Улсын мөнгөний "уутыг" атгаж байгаа сайдаас лавлахад "Засгийн газар цаг тухай бүрт нь яаралтай арга хэмжээ авч инфляцийг газар авахуулахгүй хязгаарлах болно" гэж мэдэгдлээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.