Хүний их эмч хангалттай, сувилагч дутагдалтай байна
Эрүүл мэндийн яам
2013.07.01

Хүний их эмч хангалттай, сувилагч дутагдалтай байна

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг энэ жил төгсөж, эрүүл мэндийн салбарт ажиллах эрхээ авсан хүний их эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Хөдөлмөрийн яармаг 2013” арга хэмжээг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй уг яармагийн үеэр хөдөө орон нутаг, тэр дундаа сумын төвд ажлын байрны эрэлт хэрэгцээ ихээхэн байгааг ажил олгогчид хэлж байв.

Сумын төвд ажиллах сонирхолтой эмч тийм ч олон биш байдаг. Тэндхийн ажлын байрны талаар залуус сонирхохдоо нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгөх талаар түлхүү асууж байлаа.

Тухайлбал, орон сууц, амьдрах байраар хангах эсэх, цалин, мөнгө хэд байх тухай лавлаж байсан юм. Анагаах ухааны боловсрол олгох улсын болон хувийн найман их, дээд сургуулийг энэ жил 2933 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн төгссөн байна.

Монгол улсын хүний хөгжлийн индекс

Улсын хэмжээнд байгаа ажлын байрыг нээлттэй зарлаж, эрүүл мэндийн байгууллагууд ажилтнаа сонгох боломжийг энэхүү яармаг бүрдүүлж өгч байгаа аж. Энэ үеэр манай улсад эмчийн нөөц тэр дундаа орон нутагт ямар байгааг Эрүүл мэндийн яамны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баярмаагаас тодрууллаа.

-Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр, ам судлалын их эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч гэсэн үндсэн мэргэжлээр төгсөж байна. Бид өнгөрсөн жилээс анагаахын чиглэлийн их, дээд сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдээс судалгаа авч байгаа. Улсын хэмжээнд жилд 3000 гаруй хүн төгсөж байгаагаас 900 орчим нь хүний их эмч байна.

Тиймээс хүний их эмч манай улсад хангалттай байгаа гэсэн судалгаа гарсан. Иймд энэ мэргэжлээр шинээр элсэгчдийн тоог бууруулах саналыг БШУЯ-нд тавьсан. Харин олон улсын жишгийн дагуу нэг эмчид гурван сувилагч ногддог харьцааг илүү баримталбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тухайн хүндээ чанартай хүрнэ. Сувилагч мэргэжлээр төгсөж буй хүүхдийн тоо жил ирэх тусам буурч байгаа тул энэ мэргэжлээр түлхүү сургах бодлогыг яамны зүгээс баримталж ажиллана.

-Тэгвэл орон нутагт эмч хангалттай байж чадаж байгаа юу?

-Эрүүл мэндийн яамнаас тодорхой бодлого хэрэгжүүлсний үр дүнд орон нутгийн эмчийн хэрэгцээг хангаж байгаа. Нэг суманд дор хаяж нэг хүний их эмч ажиллаж байна. Цаашид бодлогоор энэ тоог нэмэгдүүлнэ.