Америкийн нэгдсэн улсаас монгол улсад 6,2 сая ам. долларын  буцалтгүй тусламж олгов
2011.10.28

Америкийн нэгдсэн улсаас монгол улсад 6,2 сая ам. долларын буцалтгүй тусламж олгов

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн хоёр хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жонатан Эдлтон, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгч Чак Ховелл нар Монгол Улсад хөгжлийн тусламжийн хүрээнд нийт 6.2 ам.долларыг нэмж зарцуулах гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд гарын үсэг зурлаа.

Энэхүү хоёр хэлэлцээрийн эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт оруулсан 9 дэх нэмэлт өөрчлөлтийн дагуу нийт 4,338,000 ам. доллар олгох юм. Бизнесийг дэмжих санаачлага төслийн хүрээнд олгогдох энэхүү хөрөнгөөр Монголын хувийн хэвшлийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог эрчимжүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн стратегид дэмжлэг үзүүлэх болно. Уг төсөл нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар болон санхүүгийн салбарын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Нөгөө хэлэлцээр нь ардчиллын стратегит буцалтгүй тусламжийн хэлэлцээрт оруулсан 16 дахь нэмэлт өөрчлөлт бөгөөд энэхүү олгогдох хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх “Ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх“төслийг санхүүжүүлнэ. Тус төсөл нь захиргааны шинэчлэл, авлигатай тэмцэх болон шүүхийн салбарыг бэхжүүлэх замаар Засгийн газрын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.

 

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын ардчиллыг тууштай  дэмжиж  ирсэн бөгөөд улс төр, санхүү эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт үзүүлж буй тусламж дэмжлэг нь манай улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтэд чухал хувь нэмэр оруулж байгааг Сангийн сайд С.Баярцогт уулзалтын үеэр тэмдэглэн хэллээ.

 

Тэрээр цааш нь АНУ ын Засгийн газраас дээрх хоёр Стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн  хүрээнд нийт 124,741,540 ам. долларыг олгосон бөгөөд 2011 оны 9 дугаар сарын 22-ны өдөр зурсан сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон 626,000 ам. долларыг ирэх оны Улсын Их Хурлын сонгуульд иргэдийн оролцоо, идэвхийг сайжруулах, Ардчиллын Нийгэмлэгийг даргалах үүргийг хэрэгжүүлэхэд Монголын Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сургуулийн ариун цэврийн системийг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах болно гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.