Эдийн засгийн хөгжил нэг хүнд оногдох хайлсан металын хэмжээгээр тодорхойлно
Улсын хэмжээгээр метал боловсруулах, засварын бие даасан 10-аад үйлдвэр, авто машины 20 техник үйлчилгээний газар, 30-аад трактор, хөдөө аж ахуйн техникийн засварын газар, уул уурхай, барилгын машин механизмд засвар хийх, техникийн үйлчилгээ хийх з
2013.07.08

Эдийн засгийн хөгжил нэг хүнд оногдох хайлсан металын хэмжээгээр тодорхойлно

“Төмрийн хүдрээ экспортолж, машинаа экспортоор авч байна”

Төмөр эдлэл бидний амьдралд маш их нөлөөтэй, хүчирхэг эд. Халбага, сэрээ, хутга, хайч, алх, хаалга, цоожноос эхлээд олон зүйлд төмөр ордог.

Бас олон зүйлийг хийхэд төмөр машин, механик маш чухал үүрэгтэй. Бидний амтархан иддэг талхыг хийхийн тулд зуурмагны төмөр машинд л оруулж, хийдэг.

Аливаа улс орны хувьд төмөр, төмрийн хүдрээ хэрхэн ашиглаж, төмөр эдлэл, эд анги хийж байна вэ гэдгээс тухайн улсын хөгжлийн найдвартай байдал харагддаг ажээ. Хэрвээ ингэж сэтгэл манай улс ямар хөгжилтэй вэ?

Манай улсад төмрийн хүдэр бий. Таамаглаж буйгаар нэг тэрбум тонны нөөцтэй. Одоогийн байдлаар ихэнхи компаниуд төмрийн хүдрийг урагшаа зөөх байдлаар буюу экспортод гаргаж ашиглаж буй.

Харин тэд баяжмалын агуулгаа нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байгаа. Гэхдээ гаргасан түүхий эдээ бас л гаргах байдлаар ашиглахаар нэгэнтээ шийдчихсэн. Улс үүнийг нь дэмжиж байгаа.

Уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч, гадаад худалдааны тэнцэл 2011 оны 12 дугаар сард 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай болж, түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэсэн тэмдэглэл байна. Гэхдээ экспорт ч дутахааргүй гүйцэтгэлтэй гарч 2010 оны эцэст 2.9 тэрбум ам. доллартай тэнцэж байсан бол 2011 онд 4.8 тэрбум ам. доллар болж өссөн. Экспортын энэ өсөлтийг дэмжсэн гол бараа нь БНХАУ руу гаргаж байгаа нүүрс, төмрийн хүдэр эзэлж байна гэж дурдсан.

Экспортын хувьд метал боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 0% эзэлж байгаа билээ.

Харин гангийн үйлдвэр, боловсруулах үйлдвэр, ширмийн үйлдвэр одоохондоо хөгжөөгүй байгаа нь харамсалтай. Ганцхан үйлдвэрлэж байгаа төмөр бүтээгдэхүүн арматур /барилгын багана/. Гэхдээ жилийн хэрэгцээг 40 хувиар л хангадаг. Зарим жижиг компаниуд хувьдаа хадаас, эдлэл үйлдвэрлэхээр оролдож байгаа ч брэнд болоод олон нийтэд танигдчихсан бүтээгдэхүүн үнэндээ хуруу дарам.

Анх удаа л “Цахилгаан тээвэр” ХХК дуобус автобусыг монголдоо хийж чадлаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хөөрч” байсан. Үүнээс цааш гарахгүй байгаа нь энэ салбарын хөгжил сул дорой байгааг илтгэнэ.

Уул уурхай эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж байгаа үед машин, тоног төхөөрөмжийг маш ихээр импортоор оруулж ирж байгаа нь алтаа ухангаа эргүүлээд алтан ээмэг худалдаж авч байгаатай ялгаагүй хэрэг. Төмрийн хүдрээ өгчихөөд оронд нь төмөр хаалга, машин авч байна.

ШУТИС, Механик инженерийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор М.Дэлгэрмаа:

“Том уурхайг дагаад маш их тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Гэтэл тэр төхөөрөмжүүд удалгүй элэгдэлд орж эвдэрдэг. Нэг хоёр жил ажиллаад л эвдэрч байгаа. Үүнтэй холбоотойгоор эргээд сэлбэг хэрэгслийн импорт өсч байна.Энэ их хэрэгцээ шаардлага нь нөгөөтэйгүүр металлурги, метал боловсруулалтын үйлдвэрлэлийг хөгжих бүрэн боломжтойг харуулж байгаа юм” гэсэн.

ХААИС-ийн Инженерийн сургуулийн Механикийн тэнхимийн багш, профессор Л.Чулуунбат:

“Дотооддоо үйлдвэрлэж болох зүйлийг гаднаас авахыг хориглох хэрэгтэй. Энэ үйлдвэрлэлийг дэмжихийн тулд машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой. Бидэнд асар өнөөдөр асар их нөөц боломж байна. Гэтэл ашиглаж чадахгүй байна. Төрийн бодлогын хараа байхгүйгээс өнөөдөр бид ийм байдалтай байна. Уг нь манай улсад металл боловсруулдаг бага ч гэсэн хүчин чадалтай завод байна шүү дээ” хэмээв.

Метал боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжихөд хими, эрчим хүчний, барилгын материалын үйлдвэрлэлүүд дагаж хөгждөг жамтай. Гэтэл дагуулах салбар нь хөгжөөгүй байгаа нөхцөлд бусад үйлдвэрлэл импортоор л бүх хэрэгцээгээ хангаж, худалдаа наймааны дөнгөнд л хөгжиж байна.

Төмөрлөг, метал боловсруулалт, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай суурь машин, тоног төхөөрөмжийн хүчин чадлын 10 хүрэхгүй хувийг ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ихээхэн нөөц боломжийг алдаж байна. Нөөц боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Энэ салбарын төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө дуугарч байгаа хүн саарал ордон дотор лав алга.

Хүн төрөлхтөн хөгжлийн тухай их ярьдаг. Гэтэл Солонгос 30-40 жилийн дотор буюу хүний нэг насны дотор дэлхийн топ хорид орсон. Одоо 13 дугаар байрнаас 10-д орж чадлаа. Тэд өөрсдөө машин үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан. Тэд яаж чадсан юм бэ гэвэл ерөөсөө л төр нь ард түмэндээ итгэсэн хэрэг.

KOTRA’s Global TransporTech 2010 in Korea

Ард түмэндээ итгэсэн учраас дэлхийн хэмжээнд хөгжиж чадсан. Ард түмэнд боломж олговол тэд сэтгэж чадна. Түүнээс биш удирдлага сэтгэхгүй.

Удирдлага сайн байвал баяр хөөр инээд байдаг, удирдлага муу байвал ерөөсөө  уналтанд ордог жамтай.

Одоо металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хэрэгцээ шаардлага нь хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт үүсдэг. Учир нь эдгээр салбар байнга газар шороотой харьцдаг учраас техникийн элэгдэл хорогдол их үүсдэг.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд судалгаа, сургалт, үйлдвэрлэл гэсэн шат дараатай явж хөгждөг. Байнга бие биеэ нөхөж байх хэрэгтэй.

Гэтэл манай орон доод сууриа харалгүй, үсрээд хөгжих гээд байгаа мэт. Гэнэт бэлэн мөнгөтэй болчихсон учраас шууд л гаднаас бэлнээр бүтэээгдэхүүн авч байна. Үнэхээр улс орноо чанартай хөгжүүлье гэвэл доод сууриа харж, судалгааг хөгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.