УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.07.18

Хүн амын хөгжлийн асуудалд төрийн оролцоо алдагдсан байсан

“Тоон тойм” нэвтрүүлэгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож хүн амын хөгжлийн цогц бодлогын талаар мэдээлэл өглөө.

-Хүн амын хөгжлийн цогц бодлоготой болох ажил ямар шатандаа явж байна вэ?

-Хүн амын хөгжлийн цогц бодлогын асуудал хүн амын бүх бүлгийг хамарсан хэмжээнд анх удаа яригдаж байгаа. Өмнө нь 2004 онд хүн амын хөгжлийн баримт бичиг гэж тунхагийн шинж чанартай зүйл гарч байсан.

Бид анх хүн амын хөгжлийн бодлогыг төрийн бодлогын түвшинд тавьж бие даасан төрийн байгууллагын бүтэц болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ цагаас судалгаа шинжилгээний ажлуудыг шаргуу хийсэн. Хүн амын бүлгээ хэрхэн хуваахаас гол ажил эхэлсэн. Хуучин хүн амаа дөрвөн бүлэгт хувааж үздэг байсан. Ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд гээд.

Энэ дээр хүн амын бүлэг дотроо онцгой асуудал шаардсан, эрсдэл хүлээсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүлэг байсан. Хүн амын багагүй хувийг эзэлж байгаа. Өдөр бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо механикаар өсөх хандлагатай байна. Бид эхлээд нийгэм эдийн засгийн бодлогыг хүн амын хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай.

-Ахмадуудын 12 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Ахмадуудыг яаж нийгмийн харилцаанд, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн бодлого яаж уялдах ёстой вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хувьд тодорхой буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ахмадуудаа янз бүрийн мэргэжлийн чиглэлээр зөвлөхөөр явуулж ажиллуулаад өндөр цалин хөлс өгдөг.

Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоо алдагдаад байна.

Тэгснээрээ ахмадуудынхаа амьдралын баталгааг хангаж байдаг. Манайд одоохондоо тийм боломж алга байна. Гэхдээ бид дотооддоо ахмадуудынхаа олон жил хуримтлуулсан баялгийг яаж үр дүнтэй залуу үедээ өвлүүлэх гэдэг асуудал бий.

Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоо алдагдчихаад байна. Залгамж чанартай хоорондын хэлхээ холбоог амьд бодит хэлхээ холбоо болгох вэ гэдэг хүн амын хөгжлийн цогц бодлоготой салшгүй холбоотой.

-Бодлого бий болсноороо энэ асуудлыг нэг тийшээ болгох уу?

-Маш олон зүйлийг бий болгоно. Бид яагаад хүн амын таван бүлэг тус бүрээр үндэсний чуулган зохион байгуулав. Тэнд маш олон асуудлууд хөндөгдөж, бидний олж хараагүй асуудлууд хүртэл яригдсан.

-Чуулгануудад 4000 гаруй ард түмний төлөөлөл бодит саналаа тусгасан байх. Тэр хүмүүүсийн санал хэр бодитой хэрэгжих боломжтой гэж харж байна вэ?

-Төлөөлөл болж ирж буй бүрэлдэхүүн 4000-5000 хүн байгаа. Үүний ард хэдэн арван мянган хүн бий. Бид энэ бодлого боловсруулах ажлыг эхлүүлэхдээ нийт ард түмний оролцоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Тэгж байж хөгжлийн баримт бичиг бодит, амьд, хэрэгжих боломжтой бичиг баримт болж гарна гэж үзсэн.

-Хөгжлийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын тогтолцоо, төрийн бус байгууллагуудтайгаа хамтрах ажлууд байгаа. Энэ тогтолцоо бий болж чадсан уу?

-Нэг эмгэнэлтэй зүйл ажиглагдсан нь хүн амын хөгжилтэй холбоотой асуудлууд дээр төрийн оролцоо бараг байхгүй шахуу болчихсон. Үүнээс үүдэлтэйгээр тэр бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зорилготой хэдэн зуун төрийн бус байгууллага бий болсон байсан.

Төрийн бус байгууллагуудын нэг хэсэг нь үнэхээр хүн амынхаа тухайн бүлгийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг. Нэг хэсэг нь тэр боломжийг ашиглан амьдрах арга хэрэгслээ болгож байдаг.

Зах зээлийн тогтолцоо руу шилжиж буй ийм эмзэг үед хүн амынхаа хөгжлийн бодлогыг  хэдэн төрийн бус байгууллагын нуруун дээр хаяад явах нь төрийн хувьд маш хариуцлагагүй алхам байсан. Хүн амын хөгжлийн бодлого маань нийгмийн хамгааллын салбараасаа дутахааргүй том бодлогын асуудал.