Д.Ганбат: Амрахгүй гэсэн засгийн газрынхан амарч, наадаж яваа нь утгагүй юм
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.07.26

Д.Ганбат: Амрахгүй гэсэн засгийн газрынхан амарч, наадаж яваа нь утгагүй юм

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ сум төслийн явц хэр байгаа вэ. Хугацаандаа ашиглалтад орж амжих нь уу?

Ирэх есөн сар гэхэд ерөнхийдөө бэлэн болчих байх. Явцын дунд бараа, бүтээгдэхүүн нь хил, гааль дээр саатах, цаг агаарын байдал зэргээс шалтгаалан бага зэргийн хүндрэл гарч байна. Гэхдээ 10 сар гэхэд орчихно.

-Баянхонгор аймгийн хоёр суманд энэ төслийг эхлүүлсэн. Мэдээж, ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Харин бүтээн байгуулалтын явцад орон нутагт үр өгөөжөө хэр өгч байна. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр?

Сум тус бүрт орон нутгийн 100 гаруй залуу ажиллаж байгаа. Мөн ажиллагсдын хоол, цайг хийх, ажлын хувцсыг нь оёх зэргээр уялдаа холбоотойгоор ажлын байрууд бий болсон.

Түүнчлэн орон нутгийн иргэд гадны инженер, мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар баригдаж буй барилга, байшинг ажиглаад тэндээс маш ихийг суралцаж байгаа нь харагдсан.

-Таны сонгогдсон тойргийн газар нутаг алт «нууснаасаа» болж сүүлийн жилүүдэд нэлээд зовлон үзэж байгаа. Энэ жил хэр байна. Саяхан хүртэл мөнгөн усны асуудал сөхөгдсөн?

-Энэ жил урьдын адил хувиараа алт олборлогчид байна. Гэхдээ иргэдийн сэтгэлгээ нэлээд өөрчлөгдсөн. Аймагт хэд хэдэн удаа мөнгөн ус алдсан тохиолдол гарлаа шүү дээ. Тиймээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхлэхээр иргэдийн оролцоо болон ойлголт өөрчлөгдсөн. Ядаж л хор хөнөөлийг нь мэдсэн.

Тэгэхээр төр, засгийн болон аймгийн өмнөх удирдлагууд анхаарал хандуулахдаа тун тааруухан байж гэсэн сэтгэгдэл одоо төрж байна. Тухайн үед нь өөгшүүлэхгүйгээр, арга хэмжээ авч, хуулиа хэрэгжүүлэхийг зорьсон бол асуудал газар авахааргүй байсан нь одоо харагдаж байна шүү дээ.

Шинэ сум төсөл

Хамгийн гол нь тэрхүү асуудлыг хааж, боохдоо чухал биш. Тэр хүмүүст ядаж л ажлын байр бий болгож өгөх хэрэгтэй. Эсвэл бүр зохион байгуулалтад оруулж, тодорхой газрыг нь заагаад өгвөл өөр. Шууд хаагаад эхлэхээр тухайн айлуудын амьжиргаанд ч нөлөөлж эхэлж байгаа нь харагд- сан.

-Баянхонгорчуудыг өмнө нь төрд АН, МАН-ын хоёр гишүүн төлөөлдөг байлаа. Харин өдгөө АН-аас хоёр төлөөлөл байгаа болохоор гар нийлж, сүрхий хурдтай хөгжүүлэх байх. УИХ- ын чуулган завсарлачихсан, гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Таны хувьд Баянхонгор явав уу?

-Ерөнхийдөө ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр бүх сумаараа тойрсон. Дахиад ч удахгүй явах гэж байгаа. Манай Х.Баттулга гишүүн Засгийн газрын гишүүн ч гэлээ цаг гаргаад ажиллаж байна. Бид хоёрын хувьд нэг нутаг усных, хэн хэнээ мэддэг. Түүгээр ч барахгүй үзэл бодол нэг болохоор хамтарч ажиллахад сайхан байдаг юм.

Ямартай ч хонгор нутаг маань хар замаар нийслэлтэй холбогдоно, хамгийн түрүүнд улсынхаа жишиг сумдыг ашиглалтад оруулна гэх зэргээр бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

-Шинэ сум төслийн эц- сийн үр дүн нь аймаг, хот руу зүглэсэн их нүүдлийг саармагжуулах биз дээ. Зорилгоо биелүүлэх байгаа?

-Монгол Улс гэдэг маань зөвхөн Улаанбаатар хот биш. Улсын нийт хүн амын тал хувь нь орон нутагт амьдарч байна. Тиймээс тэднийхээ ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулж, тал нутгийнхаа эзэн болсон малчдын амьжиргааг хөдөөд нь шийдэх боломжоор хангах нь нэн чухал.

Ядаж л төрийн үйлчилгээг сумандаа авдаг болно гэдэг тэдний хувьд цаг хугацаа, зардлын хувьд хэмнэлт болно. Аль ч аймгийн сумдад 80, 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэтэл байгуулагдаад энэ олон жилийг ардаа орхиод XXI зууны иргэдийн үйлчилгээг хангахааргүй орчин, нөхцөлтэй байгаа.

Харин «Шинэ сум» төслийн хүрээнд XXI зуунд, орчин цагийн шаардлагад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болно. Залуучуудын хувьд нөхцөл нь сайжирчихвал заавал хотод шигдээд байхгүй хөдөөг зорино гэсэн итгэлтэй байна. Зөвхөн манай аймгийн жишиг хоёр сум гэхгүй. Иргэд бүх сум энэ маягаар шинэчлэгдэхэд хот хөдөөгийн ялгаа арилж малчид маань Канад, АНУ-ын жишгээр амьдарч болох нь гэсэн итгэл найдвартай болчихсон байна.

-УИХ-ын гишүүдтэй зэрэгцээд Засгийн газрынхан бас амарчихлаа. Төрийн эрх баригчдын хувьд хэр зохистой алхам бэ?

-Хүн юм хойно амралгүй л яах вэ. Гэхдээ өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй ажиллана л гэж байсан хүмүүс шүү дээ. Тэр яриа нь мартагдаагүй л байна. Уг нь Засгийн газрын гишүүдийнхээ гуравны нэгийг амраах байдлаар шийдэж болох байсан.

Жилийн дөрвөн улиралтай, ихэнх ажил дулааны улиралд явагдаж байхад засгийнхан өвөл эсвэл бүр намраас амарч болно шүү дээ. Нэгэнт амласан бол шүүмжлэлд өртөхөөргүй ажиллах хэрэгтэй. Хангалттай баярлаж, наадлаа. Тэгэхээр одоо шуурхайлан ажиллах нь чухал.

Амралт

Наадмын дараа намар гэдэгчлэн нэг өдөр байтугай нэг цаг хайран болсон үе. Бороо ганц өдөр нэг км зам ч болтугай тавих нь бидэнд л хэрэг Тиймээс Засгийн газрын бөөнөөрөө амрах нь буруу.

-Олуулаа хүмүүс олуулаа амрах нь буруу юм бай Тэгвэл жилийн ойтойгоо золгож гэж буй өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг та ямар байна гэж дүгнэх вэ?

-Ажлыг нь ирэх намар бүрэн дүгнэх боломжтой. Мэдээж хийж, бүтээж буй хүмүүст хэлж, яримаар алдаа дутагдалтай зүйл байлгүй яах вэ. Гэхдээ өмнөх Засгийн газруудтай харьцуулахад хамгийн боломжийн гэж хэлнэ.

-Яагаад боломжийн гэж. Нам нэгтэй болохоор тэгж хэлээд байна уу?

-Хийж эхэлсэн, төлөвлөсөн ажил, баримталж буй бодлого аливаа асуудлын хойноос хөөцөлдөж шийдэж байгаа зэргийг нь өмнөх Засгийн газруудтай харьцуулж харсан. Дараагийн 20 жилд ямар засаг байхыг мэдэхгүй ч өмнөх жилийнхийг бол мэдэж байна. Тиймээс боломжийн гэж хэлнэ. Ингэж хэллээ гээд гадны орнуудын хөгжилтэй харьцуулахад хэцүү. Тиймээс 3асгийн газрын гишүүд амарч, наадаж яваа нь утгагүй л юм.

-АН-ынхан дотооддоо дараагийн Засгийн газрын тэргүүний асуудлаар зөрчилдөж байгаа сурагтай. Энэ нь таны хэлж байгаачлан тааруухан ажиллаж байгаатай холбоотой юу. Эсвэл нөгөө л зөрчил үү?

-Хүмүүс юу ч гэж ярьж дүгнэж болно. Миний хувьд улстөр тогтвортой байх нь дээр гэж үздэг. Тогтворгүй байдлаас болж иргэдийн аяга л дундарна. Өөрөөр хэлбэл, нийгмийн эмзэг хэсгийнхэнд энэ байдал сөргөөр нөлөөлдөг. Угаасаа төр, засаг түвшин, түмэн олон амгалан байг гэдэг үг ч бий.

Яах вэ, үнэхээр хэлсэндээ хүрэхгүй олны шүүмжлэлийг авахгүй байвал ажлаа хийдэггүй хүмүүс нэг өдөр ч байх нь буруу л үзэгдэл. Тэгэхээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

-Гэхдээ хийж буй ажлаас илүүтэйгээр нам дотроо хэр нөлөөтэй байгаагаас шалтгаалан Ерөнхий сайдын суудал яригддаг биз дээ?

-Намын асуудал байдаг байх. Гэхдээ ард түмний төлөө нийгэмдээ яаж ажиллаж, хэрхэн нөлөөлж байна гэдэг асуудлыг харах хэрэгтэй. Түүнээс бүхнийг зөвхөн намын гишүүд шийднэ гэсэн ойлголт байхгүй.