Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр
2013.07.04

Н.Алтанхуяг: Хоригдсон хүмүүсийн талаар мэдээлэл алга

Ерөнхий сайдын 30 минут уулзалт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзаж, өгөрсөн долоо хоногт болон шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулдаг билээ.

Засгийн газраас өнгөрсөн Цагаан сарын үеэр "Монгол брэнд" үзэсгэлэнг зохион байгуулсан бол энэхүү үзэсгэлэн Үндэсний их баяр наадмын үеэр ч мөн үргэлжлэхээр болжээ. Мөн даваа гаригаас эхлэн "Бүтээн байгуулалт цаг" буюу Засгийн газрын сайд нар юу хийж, юу амжуулж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгч байгаа юм байна. Энэ бол Засгийн газрын хийж байгаа бас нэг ажил гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын агаарын тээврийн онгоцууд өмнө нь өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, алдагдал хүлээдэг байсан бол одоогоос эхлэн хямд үнэтэй буюу Солонгос улсын шатахуун хэрэглэхээр болсон нь Засгийн газрын бас нэг дэвшил гэлээ. Хүй долоон худаг Монгол наадмын төв болох бөгөөд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн Засгийн газраас иргэддээ нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Үүний хүрээнд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд иргэд бүртгэлийн байгууллагад очиж урт дараалал үүсгэж, цагаа үрэхгүй бөгөөд банкуудад байршуулсан байна. Энэ мэт олон ажлыг эхлүүлж, хийж гүйцэтгэж байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын үеэр онцоллоо. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ жилийн наадмын төсөв нэмэгдэж магадгүй гэж яриа байгаа?

Наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө 80 хувьтай байна.

-Наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө 80 хувьтай байна. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд бага засвар хийсэн. Харин Хүй долоон худагт олон ажил хийгдэж байгаа. Ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Хуваарийн дагуу дуусах байх. Наадмын нээлтийн үйл ажиллагааг МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сособарам найруулж байгаа. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд бага зэрэг төсөв нэмэгдэж магадгүй байгаа. Ойролцоогоор 100-150 сая төгрөг нэмэгдэх байх.

-Чигис бондын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

-Бондын мөнгөнөөс 400 сая ам.долларыг үйлдвэржилтэд зориулахаар бэлтгэж буй. Одоогоор ямар үйлдвэржилтэд зарцуулахаа товлоогүй байна, ярилцаж байгаа. Одоо бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа бүх төслүүдэд 1/3  санхүүжилтийг нь бондын хөрөнгөөс гаргаж байгаа.

-Засгийн газрын харьяа "Цэвэр агаар сан"-ийн удирдлагууд болон ажилтнууд нь хоригдсон байгаа. Энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-"Цэвэр агаар сан" Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяа байгууллага юм. С.Оюун сайд өчигдөр энэ талаар надад мэдээлсэн. Тэгээд мэдээлэл аваад эргээд надад мэдэгдэе гэсэн. Одоогоор надад мэдээлэл ирээгүй байна.

-Төрийн орон сууцны корпораци байгуулах талаар ярьж байсан. Энэ нь одоогийн ОССК-оос өөр байгууллага уу?

өрийн орон сууцын корпораци байгуулахаар болсон. Энэ байгууллага нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх байгууллага юм.

-Орон сууц, санхүүжилтийн корпораци буюу ОССК нь өмнө Засгийн газрын үед байгуулагдсан гүйцэтгэл муутай байгууллага. Тиймээс Төрийн орон сууцын корпораци байгуулахаар болсон. Энэ байгууллага нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх байгууллага юм.

-Төсвийн орлого одоо яг ямар байгаа вэ, буурч байгаа гэсэн мэдээлэл их байгаа?

-Бүтээн байгуулалтын ажил хийхэд Төсвийн орлого, Чингис бондын мөнгөнөөс хэрэгжүүлж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ буурч байгаа. Энэ бол дэлхий нийтийн үзэгдэл. Тиймээс бид шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

-Төсвийн тодотгол хийнэ гэсэн үг үү?

-Одоогоор төсвийн тодотгол хийх талаар яригдаагүй байна. Намраас төсвийн тодотгол хийх талаар ярина.

-"Оюутолгой" ХХК бүтээгдэхүүнээ хэзээ гаргаж эхлэх вэ, хоёр тал тохиролцоонд хүрсэн үү?

-Засгийн газрын зүгээс гаргаж байгаа бүтээгдэхүүний мөнгийг хаана байршуулах талаар "Оюутолгой" ХХК-ийн талд тавьсан. Гэтэл бүтээгдэхүүний мөнгө гадаадад дансанд байршуулна гэсэн. Тиймээс бид энэ тал дээр ойлголцохоор ярилцаж байна. Тиймээс удахгүй баяжмалаа гаргах байх.