МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.08.05

МАН улс төрийн хамгийн хүчтэй нам

ТВ5 телевизийн Монгол улсаа хөгжүүлье нэвтрүүлгийн зочноор МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцож намын бага хурлын талаар ярилцлаа.

-МАН бага хурлаа ямар байдлаар, хэдий хэр хугацаанд товлон зарлаж хийдэг вэ?

-МАН-ын удирдах зөвлөл хуралдаад албан ёсоор энэ сарын 5-нд МАН-ын ээлжит бага хурлаа явуулахаар шийдсэн. Намын удирдлагын түвшинд орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль гээд хоёр том сонгуульд оролцсон. Дээр нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд бас ялагдал хүлээсэн байсан.

МАН-ын дүрэмд зааснаар 2-4 жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа намын их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын их хурал гурван жил орчим явагдаагүй. Хурлын товыг энэ намар байхаар ярьж байсан ч нийгэм, улс төрийн байдлаа аваад үзсэн ч асуудлыг хойшлуулахгүй шийдвэрлэх ёстой.

Намын дүрмээр 45-аас доошгүй хоногийн өмнө намын бага хурал хуралдсан байх ёстой учраас энэ сарын 5-ны өдөр бага хурлаа зарласан. Үүнээс хойш хамгийн багадаа 45 хоногийн дараа намын их хурал байхаар зарлах ёстой.

Энэ бага хурлаар гол яригдах асуудал бол намын их хурлын тов, төлөөлөгчийн тов сонгох журам, намын даргын улс төрийн илтгэл, бусад асуудлууд  бий. МАН дотооддоо тодорхой хэмжээний зөрчил хямралтай байна уу гэдэг асуудал яригдаж үүнийг яаж өөрчилж, шинэ нөхцөл байдалд хүчин чадлаа бэхжүүлж дасан зохицож гарах вэ гэдэг асуудал яригдаж байна.

МАН өнөөдөр УИХ-д гуравны нэгийг бүрдүүлж буй сөрөг хүчний дээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд удаа дараагийн сонгуулиудад монгол улсын төрийн дээд эрх мэдлийг барьж, тодорхой бодлого явуулж ирсэн. Монголын улс төрийн хамгийн том хүчтэй зохион байгуулалттай нам. Нөгөө талаас сонгуульд үзүүлж буй дэмжлэг нь олон зуун мянган гишүүдээр хэмжигддэг.

Монголын улс төрд гурван янзын нам бий. Нэг нь 90 гаруй жилийн түүхтэй тогтсон улс төрийн нам болох МАН.  Нөгөө нь 20 гаруй жилийн хугацаанд бий болж бүрэлдэн төлөвшиж буй АН, тэгээд шинээр төрсөн намууд. МАН-ын хувьд олон жилийн түүхтэй учраас шинэчлэгдэх нь зүй ёсны асуудал.

-МАН ялагдал, шинэчлэл гэдэг үгийг сүүлийн хоёр жил ярьж байгаа. Шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу?

-Шинэчлэлийн асуудлыг ярихдаа онол арга зүйн талаас нь ярих болно. Зөвхөн монголд намын шинэчлэл яригдаад байгаа биш. Тулгамдаж буй асуудал бол өргөн олны гишүүнчлэлтэй нам цаашид яаж иргэний нийгэмтэйгээ шүтэлцэж илүү хүчтэй болох вэ гэдэг. Өөрчлөлтийн цаана хоёр гурван зүйл байдаг.

Бидний хамгийн том иж бүрэн чанарын цогц өөрчлөлт гэж ярьдаг зүйлийг хууль зүйн онолын үүднээсээ тодорхой байгууллагын үйл ажиллагаа арга барил, бүх зүйлээ цогцоор нь шинэ шатанд дэвшин орох чиглэлээр, хөтөлбөржсөн аргачлалаар ажилладаг зүйлийг шинэтгэл гэж байгаа.

МАН-ын бага хурал

Шинэчлэл нь байгууллага, компани гээд бараа бүтээгдэхүүн үйл ажиллагаа явуулж буй бүх газар явагдаж байдаг. Шинэчлэл бол тасралтгүй үйл явц. МАН удирдлагынхаа дээд түвшний хүрээнд намын дарга цэргээ сольсноор бусад намаас илүү. Гэхдээ илүү байлаа гээд муу байгаагүй.

Сонгуулийн үр дүнг үзвэл 20 жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд бид гурван удаад нь ялсан. Тиймд энэ шинэчлэлүүд үр дүнгээ өгөөгүй биш өгсөн. Одоо намын томоохон ялагдлын дараах асуудал нь удирдлагын солилцооны түвшинд яригдах биш юм байна.

МАН-ын зохион байгуулалт, гишүүдийн анхдагч эрх мэдэл, гишүүд нь илүү шийдвэр гаргадаг оролцоотой нам болох тухай асуудал. Яаж гишүүн бус иргэний нийгмийн байгууллагуудыг илүү татан оролцуулж, иргэний нийгэмтэй харилцан ажиллах вэ гэдэг асуудал бий. Мөн төрийн систем дээр МАН орж ажиллахдаа боловсон хүчнээ оруулах, гаргах, сонгон шалгаруулах, итгэл хүлээх асуудал.

Илүү том утгаар нь яривал МАН-ын шүүмжлэгдэж буй зүйл нь заалны, төрд шигдэж сууж ажилладаг конторын улс төр, цаасны, амаар ярьдаг улс төр. Ийм маягийн шинжүүдээс хэлбэртэх хандлага байгаа учраас хүмүүс итгэл алдаад байна. Намын хувьд олон түмний итгэл хамгийн гол капитал баялаг. Цаашид МАН-ын хувьд ойрын үед бүтцийн өөрчлөлт хэрэгтэй.

-Бага хурал гэхээр л даргаа солино гэсэн хардлага яваад байдаг. Энэ тал дээр?

-МАН-ын дүрмээр намын их хурлын чөлөөт цагт намын удирдлагын асуудлыг бага хурал шийдвэрлэх эрх хэмжээтэй. Одоогийн бага хурал таван удаагийн сонгуультай холбоотойгоор үргэлжлээд явж байгаа. Их хурлаа хийхгүй байгаагаас шинэ бага хурал бүрдээгүй яваад байна.

Бага хурлаас бий болсон удирдлагын асуудал хууль бус гэсэн зүйл яригдахгүй. Намын дүрэмд зааснаар УИХ-ын сонгуульд цөөнх болбол намын удирдах зөвлөл, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга огцрох хүсэлтээ гаргана.

Орон нутгийн сонгуульд цөөнх болбол тухайн орон нутгийн намын удирдлага огцрох хүсэлтээ гаргах заалттай. Дүрмийн хариуцлага буюу хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлага гэж бий. Түүнтэй адилхан эрх үүргээсээ хамаараад хариуцлага нь дотроо хамтын, хувийн гэж хоёр хуваагддаг.

Намын удирдлага, нарийн бичиг хувийн хариуцлага хүлээхэд удирдах зөвлөл дагаад хамтын хариуцлага хүлээх хэрэгтэй болдог. Шинэчлэлийн хамгийн гол санаа бол өнгөрсөнтэй зууралдаж, дайтах биш шинэ эхлэлийг тавих, тулгамдсан асуудлуудыг шийдэх юм.

-Та намын нарийн бичгийн даргын хувьд “Шинэчлье” хөдөлгөөнийг хэр хүлээж авч байгаа вэ?

-“Шинэчлье” хөдөлгөөнөөс дэвшүүлж буй гол гол асуудлууд нь ерөнхий зарчмын хувьд буруу биш. Гол нь зарим асуудлууд нь өнөөдөртөө онож байна уу гэдэг. Ер нь аливаа асуудлыг цаг хугацаанд нь авч үзэх хэрэгтэй. Яг одооны тулгамдсан асуудлууд биш гээд ангилж үзэхэхэд зарим зүйлүүд орсон байгаа.

Шинэчлэлийн хамгийн гол санаа бол өнгөрсөнтэй зууралдаж, дайтах биш шинэ эхлэлийг тавих, тулгамдсан асуудлуудыг шийдэх.

Энэ талаас нь үзээд шүүмжилж болох ч намд ажиллахаас гадна улс төрд ажиллаж буй хүний баримталдаг зарчмын хувьд аливаа өөрчлөлтийн төлөө үүссэн хямралтай байдлыг шийдэх санаачилга шийдлүүдийг эсэргүүцэх, цаг үрсэн дэмий зүйл гэж үзэх нь буруу.

Энэ хөдөлгөөний хамгийн чухал нь хэд хэдэн зохион байгуулалтад, салангид байсан хүмүүс “Шинэчлье” гэж нэгдсэн хөдөлгөөн үүсгэн, тэргүүн нь манай намын ирээдүйтэй улстөрч Ж.Эрдэнэбат гишүүн байна. Энэ бол нам доторх хамтын ажиллагаа.

Ер нь ганц манай нам ч биш хаана ч өөрчлөлтийг гаргаж тавихад эсэргүүцэгчид болон дэмжигчид бий болдог. Мөн өөрчилье гэсэн болгон зөв байдаггүй. Гэхдээ гол зүйл нь үүссэн нөхцөл байдал нь бодитой байгаа. Тэрэн дээр шийдлүүд олон янз бий.

-МАН-ыг шинэчлэх асуудалд ямар нэгэн судалгаа хийсэн зүйл бий юү. Эсвэл сэтгэлийн хөөрлөөр хандаад байна уу?

-Одоогийн намын удирдлага хоёр том сонгуулийн ачааг үүрч гарах үүрэг хүлээсэн. Намын шинэчлэлийн асуудал, программ боловсруулахад бид үзэл санаагаа гаргаад ажиллаж байсан ч бидний үндсэн зорилт бол сонгуульд энэ намын байгаа хүчин чадлыг зангидаж орох явдал байсан.

Тэгээд үүн дээр хийсэн зүйл нь намын гишүүдийн оролцоотой шийдвэр гаргахыг нэмэгдүүлэх, гишүүн бус дэмжигч ч дуу хоолойгоо илэрхийлдэг болъё гээд орон нутгийн сонгуульд намын анхан шатны байгууллагууд илүү эрх мэдлийг нэр дэвшигчид олгоод Ерөнхийлөгчийн сонгуулиар нийгэмд хэлэлцүүлэг хийж намын гишүүдийнхээ оролцоог хангаж орсон.

Одоо яригдаж буй шинэчлэлийг тодорхой арга хөтөлбөр, аргачлалаар явуулах асуудал байгаа. Намын хурлын гол зорилго бол асуудлыг томъёолж гаргах. Миний харж байгаагаар намын шинэчлэлийн цаана бид нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч нийгмийн улс төр хийх тухай асуудал байгаа.