Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид бараалхав
2013.08.26

Ерөнхийлөгчид Японы парламентын төлөөлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён М.Хаяши тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ноён М.Хаяши Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг Монгол УлсынЕрөнхийлөгчид гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа талархаж буйгаа ноён М.Хаяшид илэрхийллээ.

Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.ХаяшиМонгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр жилийн дараа Монголд эргэн айлчилж,Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын удахгүй Японд хийх айлчлал ихээхэн ач холбогдолтой гэж Монголын тал үзэж байгаа юм. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал хамтран боловсруулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийх айлчлалын үеэргарын үсэг зурна гэж итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.

Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны EPA хөтөлбөрийг ойрын үед байгуулах нь чухал гэж Монголын тал үзэж байгааг дахин илэрхийллээ. Японы хувийн хэвшлийн компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа нэлээд судалгаа хийдэг.

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа, ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл Японы хувийн хэвшлийг идэвхжүүлэхэд ихээхэн татах хүч болж үйлчилнэ гэдэгт найдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж хэллээ.

Монгол Улс НҮБ-ын шинэчлэлийг дэмжиж, Япон улсын энэ үйл хэрэгт оруулж ирсэн хувь нэмрийг ямагт өндөр үнэлж байдаг. Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг нь цаашид дэмжиж ажиллана гэдгийг мөн нотлон хэлсэн юм. “Японы Ерөнхий сайд Ш.Абэг Монголд айлчлах үеэр “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Монгол Улс дэвшүүлсэн.

Япон Монголын найрамдлын бүлгийн дарга

Энэ санаачлагыг гүнзгийрүүлж хамтарч ажиллах бодолтой байгаа. Таны өгсөн бэлэг дурсгалууд, ялангуяа Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд УИХ, Японы парламент дахь найрамдлын бүлгүүдийн хүчин чармайлт маш их байдгийг цохон тэмдэглэе.

Бид та бүхэнтэй маш ойрхон харилцаж ажиллахад бэлэн байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Японы төлөөлөгчдийн айлчлалыг Японы хувийн хэвшлийн 53 төлөөлөгч дагалдан иржээ. Бизнесийн төлөөлөгчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, спорт, аялал жуулчлал гэсэн гурван хэсэгт хуваагдан Монголын хувийн хэвшлийнхэнтэй уулзаж туршлагаа хуваалцаж байгаа юм байна.

Энэ нь Японы парламентын төлөөлөгчдийн хувьд анх удаа бизнесийн салбарынхантай хамтран айлчилж байгаа тохиолдол ажээ. Японы тал одоо байгаагаас илүү олон тоогоор Монголоос оюутан, дадлагажигч авч сургахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хөнгөлөлттэй зээлийн талаар яригдах гэж байгаад баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд илэрхийлэв. Ноён М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хариу илэрхийлж байлаа