2010.11.10

С.Баярцогт: Бүгдийг улсын төсвөөр санхүүжүүлж болдоггүй юм байна

"Төсвийн шинэчлэл ба орон нутаг" сэдэвт семинар болж, аймгуудын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар оролцлоо. Уг семинар нь орон нутагт эрх тэднийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдлоо өгөх юм. Өнөөдрийн бодит байдлаар 10 аймгаас хөрөнгө татан төвлөрүүлээд 12 аймагт хуваарилж байна. Хэрвээ Нэгдсэн төсвийн тухай хууль батлагдах юм бол нэг ч аймгаас хөрөнгө татан төвлөрүүлэхгүй болох ба төрөөс олгож буй санхүүжилтийг аймгууд өөрсдөө нийлүүлж аймаг бүрт 2-75 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бий болох юм.Тэгэхээр энэ мөнгөөрөө тулгамдсан асуудлуудаа шийдэх бүрэн боломж нээгдэх юм байна. Орон нутгийн удирдлагууд хуулийг хурдан батлуулж, эрх тэднийг хэрэгжүүлэх хүсэлтэй байлаа. Уг семинар болон төсөв, мөнгөний талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Батлуулахаар өргөн барьсан хуулийн талаар тодруулахгүй юу?

-Төсвийг одоо Нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар зохицуулж байгаа. Энэ хоёр хуулийг нэгтгээд Нэгдсэн төсвийн тухай хууль болгон өргөн барьсан.Төсөв нь худалдан авалттай шууд уялддаг тул төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдаж авах тухай хуулийг зэрэг боловсруулж байгаа. Энэ хоёр хууль хамтдаа хэлэлцэгдэж байж ач холбогдол нь гарна. Төсвийн шинэчлэл дөрвөн том хуулиас  бүрдэж  байгаа. Бид зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Үүний дараа Нэгдсэн төсвийн тухай хууль, Худалдан авах тухай хууль болон Өрийн менежментийн тухай хууль батлагдах ёстой. Ингэснээр төсөв маань бүрэн шинэчлэгдэх юм. Намрын чуулганаар удахгүй хэлэлцэгдэх байх.

-Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар буцааж авч байгаа гэсэн. Шалтгаан нь юу вэ?

-Түүнийг Засгийн газар хуралдаагүй учраас одоогоор шийдээгүй байна.

-Хэд хэдэн удаа хэлэлцэгдэх учраас амжих уу.Цаг бага үлдлээ?

-Баталж бол амжина.Төсөв гээд ярихаар бид төрийн үйлчилгээ хүргэдэг төсвөө л яриад байгаа шүү дээ. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганаар шинэ бүтээн байгуулалт төмөр замын бодлого, "Таван толгой" гэсэн хурдан хөгжих бололцоог нээсэн ажлын хууль эрх зүйн орчинг  бүрдүүлчихсэн.Үүнийгээ л санхүүжүүлэхийн тулд ингэж явна. Бүгдийг нь улсын төсвөөр санхүүжүүлж болдоггүй юм байна. Тиймээс үүнийг хийхийн тулд хөгжлийн санхүүгийн институци байгуулж байж санхүүжүүлдэг механизм руу орох ёстой. Үүнийг энэ удаагийн төсөвт зэрэг хийх, эсэхийг шийдэх сонголт үүссэн.

-Хүний хөгжлийн сангийн эх үүсвэр тодорхойгүй байгаа талаар хөндөгдөх болсон?

-Энэ сангийн орлогыг маш тодорхой хуульчилсан. Хуульдаа ноогдол ашиг, нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, өөрийнх нь орлого, стратегийн орд газруудын ашиглалтай холбогдуулж авч байгаа зээл урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэг гээд заачихсан. Одоогоор зарцуулах гэж байгаа санхүүжилт нь 805 тэрбум төгрөг. Нийт орлогын хэмжээ нь 320 тэрбум төгрөг. Мөн 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжүүлэх эх үүсвэр байгаа. Уг сангийн өөрийн орлого нь 30 тэрбум, Оюутолгойн гэрээний 100 сая ам.доллар гэхээр нийт дүнгээрээ 480 тэрбум төгрөг нь санхүүжүүлэхэд бэлэн байгаа. Мөн Таван толгой" дээр хоёр хэлэлцээр яригдаж байна. Сонирхож байгаа 11 компанийн удирдлагад консерциум болох хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Урьдчилгаа төлбөр дээр асуудал байхгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.