2010.11.08
Д.Ганхуяг: 2011 оны төсвийн төсөл хуульд нийцэхгүй байна
Ирэх оны улсын болон Нийгмийн даатгал, Хүний хөгжил сангийн төсвийн төслийгУИХ хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан төсөлд хэд хэдэн хуульд нийцэхгүй, тодорхой бус асуудал байна хэмээн АН-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж буй юм. Тиймээс АН-ын бүлгээс төсвийн төсөл дээр ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Түүнийг ахалж буй гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-2011 оны улсын төсвийн зарим орлого тодорхойгүй байна гэж танай Ажлын хэсэг үзсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-2011 оны Төсвийн төслийн орлогын 800 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр тодорхой бус байна. Үүний 50 гаруй хувь нь Хүний хөгжил сангаас иргэн бүрт cap тутам тараах 21.000 төгрөг, үлдсэн нь төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй холбоотой. Төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилийн дунджаар 460 орчим тэрбум төгрөг байсан. Гэвч энэ төсөлд хөрөнгө оруулалтын нийт дүн 76 тэрбум төгрөг байна. Үлдсэн 380 гаруй тэрбум төгрөгийг яах нь ойлгомжгүй. Засгийн газар уг орлогыг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийж, урьдчилгаа авах замаар бүрдүүлнэ гэсэн тайлбар өгч байгаа. Гэтэл Тавантолгойн энэ гэрээний төслийг УИХ-д өргөн бариагүй байна. УИХ орлогын үүсвэрийг нэмж батлахаар болбол нөгөө "гишүүдийн мөнгөний" асуудал гарч ирнэ, Уг нь УИХ, гишүүд төсвийг баталдаг болохоос зарцуулдаггүй. Дээр нь төсвийн урсгал зардал өмнөх оноос 60 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. УИХ 2010 оны төсвийг хэлэлцэх, түүнд тодотгол хийх үед Засгийн газарт шат дамжлагыг цөөлөх, хүнд суртлыг бууруулах байдлаар төсвийн үр ашгийг дээшлүүлж урсгал зардлыг бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх тогтоол, шийдвэр гаргаж өгсөн ч хэрэгжсэнгүй. Энэ байдлыг Сангийн яамтай ярьж ойлголцсон. Засгийн газар орлого, зарлага, зориулалтыг төрөл, ангилал тус бүрээр тодор-хой болгосон төсвийн төсөл оруулж ирэх үүрэгтэй.
-Тодорхойгүй байгаа эх үүсвэрийг шийдэх талаар Ажлын хэсэг ямар санал гаргаж байна вэ?
-Төр, засаг хууль дээдлэх нь үнэн юм бол Засгийн газар хуулийн төслөө буцааж татах нь зүйтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаасаа өмнө А лицензээ зүгээр өгснөөс болж шахалтанд орж, Монголд ашиг муутай гэрээ хийгээд, 250 сая долларын зээлийн урьдчилгаа авсан. Тиймээс Тавантолгойн гэрээний төслийг УИХ хэлэлцээгүй байхад УИХ урьдчилгаа авах нөхцөл бүрдүүлэх нь эрсдэлтэй. Ирэх онд Тавантолгойгоос 370 сая долларын урьдчилгаа авч иргэдэд хишиг хүртээнэ гэж төлөвлөж байна. Ирээдүйд орох орлогоосоо урьдчилж авснаар хойч үеэ өрөнд оруулна. Бэлнээр тараах мөнгөний дүн одоогоор 620 сая доллароос доошгүй болж байна гэсэн үг. Байхгүй мөнгийг амласан нь улс төрийн намын хариуцлагагүй байдалтай холбоотой. Уг нь АН ашигт малтмалынхаа тодорхой хувийг тэдэнд хувьчлах үзэл баримтлалтай байсан. Энэ талаас нь өнөөгийн эрх баригчдыг хариуцлагагүй шийдвэр гаргаж байна үзэж болно. Баялаг хязгаартай учраас үр дүнтэй ашиглах хэрэгтэй.
-Ирэх онд тараах бэлэн мөнгөнийхэмжээ нэмэгдэх нь. 2010 ондиргэдэд олгосон бэлэн мөнгө бодитэдийн засаг, микро түвшинд хэрхэннөлөөлсөн бол?
-Бэлэн мөнгө тараасны үр дүн сайн биш байна. Энэ жил бид иргэн бүрт 120 мянган төгрөг бэлнээр тарааж дуусч байна. Гэтэл инфляци 10 хувиас давж, төсвийг тэлсэн. Инфляцийг цаашид хөөрөгдөхгүйн тулд Монголбанк үнэт цаасныхаа хүүг нэмж зээлийн хүү 1-1.5 пунктээр өсөж, 2006 оны түвшиндээ буцаж 20-30 хувьтай болсон. Ядуурал 35 хувь, ажилгүйдэл 3.5-10 хувь, өрхийн зарлага орлогоосоо 20-30 хувиар авсан байна. 2011 онд иргэн бүрт сард 21.000 төг буюу өмнөх оноосоо хоёр дахин илүү бэлэн мөнгө тараахаар ярьж байна. Энэ нь эдийн засагт сайн нөлөө авчрахгүй болов уу.
-Гэхдээ хоёр нам байгалийн хишгээс иргэн бүрт тодорхой хэсгийг бэлнээр олгоно гээд амлачихсан. Амлалт тасралтгүйхэрэгжих учиртай. Гэтэл орлоготой болохоороо... гээд хойш тавьж болж байна уу?
-Ирээдүйгээсээ зээлж энэ амлалтыг хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу. Гэхдээ 1.5 сая төгрөгийн амлалт ажилгүй, орлого багатай иргэдэд чухал байгааг үгүйсгэхгүй. Эдийн засгаа сүйдэлчихгүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь АН ашигт малтмалыг жинхэнэ эзэн болох ард түмэнд хувьчлахаар амласан. Хоёрдугаарт, эзэндээ очдоггүй баахан халамж бий. Үүний оронд тэтгэвэр, цалинг тодорхой хугацаанд дэс дараатай нэмж, цалинг 1000 долларт хүргэх нь илүү сайн байсан.
-Орлого бүрдүүлэх боломжтой эх үүсвэрүүд байгаа юу. Тухайлбал, Эрдэнэсийн сангийн, Үл хөдлөх хөрөнгө, Өсөн нэмэгдэх роялтийн хуулийн төслийг төсвөөс түрүүлж баталснаар тодорхой орлого бүрдүүлж болно гээд байгаа шүү дээ.
-Эдгээр хуулийг Төсвийн тухай хуультай хамт УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиудыг баталбал төсвийн орлого 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм билээ. Өсөн нэмэгдэх роялти буюу шаталсан нөөцийн төлбөрийн хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл бол өмнөх хуулиас тусдаа, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар ирэх оноос хүчингүй болно. Уг татвараар улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн орлого орж байсан. Үүнээс болоод төсвийн хөрөнгө оруулалт 380 орчим тэрбум төгрөгөөр дутчихаад байна л даа. Ер нь 68 хувийн татварыг өөрчлөхтэй санал нэг байгаа. Үүний тулд УИХ өсөн нэмэгдэх роялтитай холбогдох хуулийг хурдан баталмаар байна. Гэтэл Засгийн газар уг татварыг Оюутолгойд биш зөвхөн "Эрдэнэт"-эд хамаарна гээд байгаа нь шударга биш. Оюутолгой бол нэг тонн зэсийг 7000 ам.доллараар тооцоход хоёр хүрэхгүй жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх төсөл. Тэгээд ч уурхай ашиглаж эхлэхээс өмнөх хугацааг оруулаад энэ төслийн алдагдлыг найман жилийн хугацаанд татвар ногдох орлогоос хасах тухай хуулийг Засгийн газар УИХ-аар батлуулсан. Ер нь зэсийн үнэ 6000-7000 доллар байхад 68 хувийн татварын 50 хувийг авахаар нөөцийн төлбөрийг тогтоох нь шударга ёсонд нийцнэ. Бусад оронд ч ийм байгаа. Эрдэнэсийн сангийн болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олборлосон алтыг зөвхөн Монгол банкинд төвлөрүүлэхээр ярьж буй нь зөв. Олборлолт нэмэгдээд байхад албан ёсоор бүртгүүлсэн, эсвэл татварт тушаасан алтны хэмжээ гурван жил дараалан 50 хувиар буурсан. Үүнд хариуцлага тооцох ёстой.
-АН эрх барьж буй намын нэг. Тэгэхээр бодлого дээрээ алдаа гаргасныг Та хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү?
-АН-ын 2008 оны сонгуулийн амлалтын гол хэсэг болох "Эрдэнийн хувь" нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн байсан. Үүнийг цаг хугацаа харуулна. Хамгийн чухал нь АН энэ үзэл баримтлал дээрээ туйлбартай зогсох шаардлагатай.
-Та АХХ-ны дэд тэргүүн учраас хамтарсан Засгийн газрыг шүүмжлээд байгаа юм аа даа. Уг холбооныхон АН-ыг МАХН-ын халаасанд орлоо, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Засгаас гарах ёстой гэж шаардаж байгаа...
-АХХ бол Ардчилсан үзэлтэй Монгол Улсын иргэнийг сонирхол, мэргэжил, эрхэлж буй ажлынхаа хүрээнд бүтээлчээр хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлж, шинэчлэлийг тасралтгүй, хурдацтай явуулах "Монголоо шинэчилье" гэсэн эрхэм зорилго бүхий төрийн бус байгууллага. Ямар нэг намын фракц биш. Энэ холбоонд харьяалагддаг гишүүд Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газрын талаар АХХ-ноос ямар нэг шийдвэр гараагүй байна. Энэ асуудлыг АН-ын ҮЗХ шийднэ. Ардчилсан нийгэмд УИХ-ын гишүүн байтугай энгийн иргэн ч Засгийн газарт шүүмжлэлтэй хандах эрхтэй, үүрэгтэй. Би ч гэсэн шүүмжилж байгаа. Тухайлбал, хоёр намын хооронд байгуулсан гэрээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгой, Тавантолгойн төслийн талаар гаргасан шийдвэрийг шүүмжлэх ч багадна. Тиймээс АН УИХ-д цөөнх байх нь Монгол Улсын эрх ашигт илүү нийцэхээр харагдаж байна л даа.
-Ирэх оны төсөвт аймгуудад 560 сая төгрөг хуваарилахаар тусгасан. Орон нутагт төсвийн эрх мэдэл өгөх тухай байнга л ярьдаг. Энэ асуудлыг төсөвт хэрхэн оруулав?
-Одоогийн байдлаар 12 аймгаас улсын төсөвт 260.8 тэрбум төгрөгийн татаас авч, 10 аймагт улсын төсвөөс 20.9 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр байна. 260.8 тэрбум төгрөгийн 94.5 хувийг нийслэл, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн чадавхи жил ирэх бүр нэмэгджээ. Гэхдээ 2011 оны төсвийн тухай хуулиар орон нутгийн эдийн засаг, төсөв, өмчийн эрх мэдэлд бараг өөрчлөлт орохгүй. Учир нь өнөөг хүртэл хүчинтэй мөрдөж ирсэн Төсвийн болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн хүрээнд 2011 оны төсвийн тухай хуулийг батлахаас өөр аргагүй. Цаашдаа бол өөрчлөгдөнө. Холбогдох хуулийн төслийг баталсны дараа төсвийг УИХ биш аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 4000 гаруй гишүүн шийддэг болно. 2011 оны төсвийн тухайд нийслэлээс авч буй 35 тэрбум төгрөгийг хотод нь үлдээх ёстой. Сумдын хүн амын тоо жил ирэх бүр цөөрч байхад төсвийн хөрөнгө оруулалтын 80 хувийг хөдөөд зориулдаг. Гэтэл нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.