2010.10.04

С.Баярцогт: цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч инфляцийг хөөргөхгүй

Сангийн сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж энэ сараас нэмэгдэж байгаа. Дээр нь Хүний хөгжил сан­гаас олгох мөнгөний хэм­жээ нэмэгдэнэ. Үүнийг төсөв шингээх үү?

-2008 онд  болсон сонгуулиар намуудын амлалтуудын гол амин сүнсийг хамтарсан Зас­­гийн газар хэрэгжүүлж чадна. Гол амин сүнс гэдэг нь ашиглалтад орж амжаагүй орд газрууд. Эдгээр ордыг хөдөлгөөнд  оруулаад үр ши­мээр нь улсаа хөгжүүлнэ, иргэддээ ч хувь эзэмшүүлнэ гэсэн зорилт  тавьсан.  Хэрэг­жих  бололцоотой. Мэдээж эхний хоёр  жилд гол техни­кийн ажлууд нь хийгдсэн. Гурав, дөрөв дэх жилээс иргэд хувь авах зэргээр бодитой хэрэгжинэ. Цалин, тэтгэвэр, тэт­гэмжийн 600 гаруй тэрбум төгрөг иргэдийн гар дээр очиж байсан. Дээр нь 300 гаруй тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгч байсан. Ирэх жилийн төсөвт тусгасан мөнгө 1.5 их наяд хүрсэн. Үүний 780 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмжид, 805 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр өгөх юм.

Жилийн дотор иргэдийн гар дээр очиж байгаа бэлэн мөнгөний хэмжээ гуравны нэгээр нэмэгдэж байна. 500 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Энэ нь Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй нийлүүлэлт. Мэдээж нийлүүлэлтээс болж сайн, муу талууд бий болно. Гэхдээ сайн тал нь илүү.

-Сөрөг тал нь инфляцийн өсөлт гарах эрсдэл биз дээ?

-Хүний хөгжил сангаас бэлэн мөнгийг сар бүр олгох учраас инфляцийг хязгаарлана. Засгийн газар нийлүүлэлтийн бодлого дээрээ урьдчилан арга хэмжээг аваад байгаа учраас инфляцийг их хэмжээгээр хөөрөгдөхгүй гэж үзэж байгаа.

-Хүний хөгжил сангаас өгөх нэг сая төгрөгийг орон сууц, эрүүл мэндийн даатгал, хувьцаа зэргээр шингээж өгнө гэж байсан. Үүнийг ирэх жилийн төсвийн төсөлд бодитой тусгаж чадсан уу?

-Тавантолгойн асуудлыг шийдэхэд  10  хувийг нь иргэд­дээ хувьцаа  хэлбэрээр бичээд тараах юм. Үүний дараа Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хаалттай хэлбэрээр 10 хувийг нь тараана. Иргэд стратегийн орд газраас хувь хүртэж байгаа нь баталгаажих юм. Зөвхөн нэг ордоос. Дараа нь үлдэж байгаа  15 ордонд тухайн иргэнийг яаж хамруулахыг шийднэ. Энэ нь бэлэн мөнгөний урсгалтай огт хамаарахгүйгээр шийдэгдэнэ. Иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгөхөд 700 гаруй тэрбум төгрөг зарцуулна.

Хүртээж байгаа хэлбэрийн тухайд малчдын гурван банкин дээр байгаа 57 тэрбум төгрөгийг хүүтэй нь хамт ший­дэхээр төлөвлөсөн. Мөн Төрийн  зээлийн  санд 8.3 тэрбум төг­рөгийн төгсөгчдийн  зээл  бай­гаа. Тэдэнд дипломыг нь өгөөд зээ­лийг  нь  бэлэн   мөнгөөр хаана.  Дараагийн   хэл­бэр нь одоо су­­ралцаж бай­гаа  165 мянган оюутны сургалтын төлбөрийн   500 мян­ган төгрөгийг олгоно. Үүнд 82.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан.  Мөн эрүүл мэндийн даатгалаас улс төлж байгаа мөнгө нь 10.9 тэрбум төгрөг болдог. Үүнийг сангаас олгоно. Эрүүл мэндийн даатгалд огт хамрагдаагүй иргэд бий. Тэднийг нийтээр нь хамруулж 9.3 тэрбум төгрөг зарцуулна.

-Орон сууцны хувьд?

-Харин   орон сууцны асууд­лыг эрэлт,  нийлүүлэлт  талаас нь  нягтална.  Нийлүүлэлт талаас нь  Хөгжлийн  банкаар  дэмжинэ. Өөрөөр хэлбэл, барилга барих бололцоог компаниудад нээж өгнө гэсэн үг. Барилга ямар хэмжээгээр баригдана, түүнд нь тааруулж бонд гарган иргэдэд урт хугацааны моргейжийн зээл хэлбэрээр санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ. Энэ нь Хүний хөгжил сангийн шууд бэлэн бусаар олгох мөнгөнд оруулах бололцоотой. Эрэлт, нийлүүлэлтийн зохицуулалтыг зэрэг хийхгүй бол орон сууц­ны үнэнд хөөс үүснэ. Их хэм­жээгээр нийлүүлэлтийг нэ­мэгдүүлбэл үнэ буурна, эрэлтийг нь ихээр дэмжвэл үнэ өснө. Үүнийг зохистой харьцаагаар явуулна. Гэхдээ дан төр биш хувийн хэвшилтэй хамтарч хийнэ.

-Хамтарсан Засгийн газ­рын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Юу амжуулав?

-“Бизнесийн орчны шинэт­гэлийн жил” агуулгын хувьд хоёр хэсэгтэй.  Эхнийх нь макро эдийн засгийн орчныг сайжруулаад нэр хүндийг нь өсгөж гадны хөрөнгө оруулалтыг татах боломжийг хангах. Нөгөө нь төрийн байгууллагуудын зүгээс хүнд суртал бий болгоод байгаа дүрэм, журмуудыг цөөлөх. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх юм. Мөн тодорхой төрлийн бизнесүүдийг төрөөс шууд дэмжих гэсэн зорилготой байсан. Өнгөрсөн хугацаанд төрийн бодлогын зүгээс макро эдийн засгийн хувьд Монголд бизнес эрхлэх тааламжтай боломжийг нээж чадсан. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх чадварын индексийг нэг жилийн дотор хорин байраар ахиулсан. Мөн уул уурхай эрхэлдэг дэлхийн эхний 25 улсуудаас манайх үзүүлэлтээрээ зургадугаарт би­чигдсэн байна. Энэ нь бидний хийж байгаа бодлого татварын орчин зэргээр манай улс хө­рөнгө оруулалтаараа хамгийн бололцоотой   гэдэг   нь хараг­даж байгаа. Энэ хугацаанд сайдын тогтоол, Засаг даргын олон тушаалыг хүчингүй болгосон.

-Ирэх жил төрөөс ямар бизнесийг дэмжих вэ?

-Өнгөрсөн жил алтыг дэмж­сэн. Цаашид уул уурхай хөгжөөд ирэхээр төгрөг чан­гарна. Төгрөг чангарахаар экс­порт, бусад салбарт өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг.  Тэгэхээр манайд голланд өвч­­ний шинж тэмдэг илэрч эхэлнэ. Үүнээс хамгаалахын тулд манайхаас экспортолж болох бусад салбарыг дэмжих хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг нэрлэж болж байна. Ирэх онд ноолуурын үйлдвэрлэлийг дэм­жинэ. 10 жилийн хугацаатай 100 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг ноолуурын салбарт өгөхөөр төсөвт тусгасан.

-Шинэтгэлийн жил дуу­сахад нэг улирал дутуу байна. Зорилтдоо хүрэх болов уу?

-Амьдрал бол процесс. Шинэтгэл ч гэсэн өөрөө процесс. Нэг жил зорилт тавиад биелүүлэх нь тоон үзүүлэлт. Цаашид манай улсад хөрөнгө оруулаад бизнес эрхлэх бо­лолцоо, төрөөс хамаарч байгаа эсэхээсээ ахиц гарч байгаагаар хэмжих ёстой. Энэ нь байнгын процесс.

-Ирэх оны төсвийн төс­лийн талаар асууя. Төсвийн орлого, зарлага ямар байх вэ?

-2011 оны төсвийн төсөлд гурван их наяд, 56.8 тэрбум төгрөгийн  буюу  ДНБ-ий 39 хувьд хүрэхүйц орлоготой, гурван их наяд 250.7 тэрбум төгрөгийн буюу ДНБ-ий 41.5 хувьтай тэнцэхүйц зарлагатай байна. Төсвийн  алдагдал нь 193.8  тэрбум  төгрөг.  ДНБ-ий   2.5 хувь  байна. Төсвийн тогт­вортой байдлын тухай хуульд зааснаар төсөв тэнц­вэрж­сэн байх ёстой. Энэ хуульд зааснаар анх удаагаа  төсвийн орлогын нэг хувиас илүү гарсан ашигт малтмалыг  дэлхийн зах зээлийн үнээр биш төсвийн үнээр авдаг болж байгаа. Одоогийн байдлаар манай улсын ашигт малтмалын экспортыг харж байхад зэс, нүүрсний орлого төсвийн нэг хувиас илүү гарч байна.

-Зэсийн үнийг яаж тооцоолсон бэ?

-Ирэх онд зэсийн үнэ 8425 ам.доллар байх таамаг байгаа. Харин  төсөвт суулгаж байгаа үнэ нь 5983 ам.доллар, бо­ловсруулсан   нүүрсний   хувьд 128 ам.долларын ханш­­тай байгаа ч төсөвтөө  98.8 тэрбум төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр энэ хоёрын зө­рүү­гээр 164.6  тэрбум төгрөг Тогт­воржуулалтын сан руу орж байгаа. Тогтворжуулалтын сан­гийн хөрөнгө 10 хувь болбол түүнээс дээших хөрөнгийг нь шаардлагатай зүйлд хө­рөнгө оруулах юм. Зэс, нүүрс хоёроос олсон орлого Тогт­воржуулалтын сангийн таван хувьд маш хурдан хугацаанд хүргэх бололцоо харагдаж бай­на. Өөрөөр хэлбэл, ирэх онд 164.6 тэрбум төгрөг  ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр дараагийн жил таваас дээш хувь болох магадлалтай. Төсөв ч цаашид тогтвортой байна гэсэн үг.

-68 хувийн татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэгдэнэ. Үүнийг орлуулах татвар байгаа билүү?

-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийн төс­лийг УИХ-д өргөн барьсан байгаа. Зэс дээр аргачлалыг тоо­цож үзээд хувь хэмжээг нэ­мэгдүүлэх  саналыг Засгийн газ­раас УИХ-ын ажлын   хэ­сэгт нэмж  хүргүүлнэ.   Өсөн   нэ­­мэгдэх нөөцийн төлбөрийн татвараар нийтдээ 202 тэрбум төгрөгийг олох бололцоотой. Дээрээс нь ирэх оны төсвийн тухай хуу­лийн төсөл өргөн барьсантай холбогдуулан  хэд хэдэн хуульд нэмэлт өөрч­­лөлт оруулахаар өргөн барь­сан байгаа. Тэм­дэгтийн    хураамжийн    хуульд шинэчилсэн найруулга хийж байна.  Энэ  хууль  1993  онд  буюу  17 жилийн   өмнө бат­лагдсан  юм. Мөн төв банкны тухай хуульд  өөрчлөлт оруулж байгаа. Алтыг Монголбанкинд л тушаах ёстой.  Алтны ху­раалт хяналт сайжирна. Ингэс­нээр тө­сөвт 5.6 тэрбум  төгрөгийн орлого  нэмэгдэнэ. Орон нут­гийн эрх мэдлийг сайж­руулах хүрээнд хоёр хуульд өөрчлөлт оруулаад  улсын төсөвт татаж байгаа хувь хэмжээнээс илүү хэмжээг интервалтай ол­гоод аймгуудын ИТХ өөрс­дөө  тогтооно. Түүнийг нь улсын төсөвт татахгүй ч байж болно. Нийт дүндээ 16 тэрбум төгрөгийг бие даагаад цуглуулах боломжийг олгож байгаа. 2011 онд бүтээн бай­гуулалтын ажил хийгдэнэ. Мөн Хөгжлийн банк байгуулна. Энэ банкаар барилгын том төслүүдээ санхүүжүүлнэ гэсэн байр суурь барьж байгаа. Аймаг орон нутагт санхүүгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр дунджаар аймаг болгонд 560 сая төгрөг, Улаанбаатарт 20 тэрбумын хөрөнгө оруулалтын эрх өгч байгаа.

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуул­ганыг таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсвийн хувьд шинэчлэл хийж дуусгах гол чуулган болно. Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн хууль, Төсвийн тухай хуулийг нэгтгэж  Төсвийн тухай хуу­лийг боловсруулж өргөн барь­сан байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл орсон. Энэ хоёр хуулийг баталснаар төсөвтэй холбоотой бүх хууль шинэчлэгдэнэ. Өн­дөр өсөлттэй үеийн төсвийн зохицуулалтыг бүхэлд нь хангах боломж бүрдэх юм. Төсөв, мөнгөний бодлого тухайн жи­лийн намрын чуулганаар хэлэл­цэх гол асуудал байдаг.

2011 он бол Засгийн газрын гурав дахь жил. Хямрал болоод дууссаны дараах эхний жил. Хямралын жилийн төсвийн хүнд­рэлүүд хямрал дууссаны дараах 2-3 жилийн төсөвт ачаалал өгч мэдэгддэг.  Тиймээс эдийн засаг өссөн ч 2011, 2012 оны төсөв хамгийн хүнд байх магадлалтай.

-Хэрэв эдийн засгийн байдал муудвал авах арга хэмжээгээ тооцоолсон уу?

-Гэхдээ манай улсын хөгж­лийн чиг хандлага, эдийн засгийн өсөлтийн баримжаа өөдрөг байгаа учир давж гарах бололцоо бий. Бололцоо бий гээд бодлогын хувьд зөв шийдэл гаргах ёстой. Цаашид төсвийг хоёр хэсгээр ангилж санхүүжүүлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Төрийн үйлчилгээг хүргэж байгаа төсвийн зохицуулалтаа улсын төсвөөр хийж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх төслөө Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс ч Монголын хөгжлийн банкийг байгуулсан. Дэд бүтцийн болон зам тээврийн уул уурхайн ордыг ашиглах гол гол бүтээн байгуулалтаа Монголын хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.