2010.07.25

Ц. Даваасүрэн: Хүний хөгжил сангаас сард 20-21 мянган төгрөг олгоно

Монгол Улсын 2010 оны төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц. ДАВААСҮРЭНГЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ хаврын чуулганы хугацаанд хэлэлцсэн томоохон асуудлын нэг нь төсвийн тодотгол байлаа. Тодотгол хийх болсон шалтгаан нь юу байв?

-Дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ өсч төсвийн орлого сайжрах бололцоо бүрдсэн. Нөгөөтэйгүүр, аравдугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхээр шийдвэрлэсэн. Энэ бол төсвийн тодотгол хийх болсон гол үндэслэл. Цалин, тэтгэвэр нэмэхэд 78.3 тэрбум төгрөг шаардагдаж байгаа болохоор 2010 оны төсвийн зарлагыг ийм хэмжээгээр нэмэх хэрэгтэй болсон гэсэн үг. Түүнчлэн нярайн эндэгдэлтэй холбоотой эрүүл мэндийн салбарт авах ёстой цаг хугацааны хувьд тулгамдчихсан асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд төсөвт зайлшгүй тодотгол хийх хэрэгтэй болсон юм.

өсвийн тодотгол хэлэлцэх явцад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний давхардлын асуудал гарч ирж, орон тоо цомхотгох чиглэлээр нэлээд яриа болсон. Гэхдээ эцсийн дүндээ ямар ч шийдэлгүй үлдчихлээ?

Бүтцийн өөрчлөлт хийж төсвийн хэмнэлттэй горимоор ажиллах чиглэлээр УИХ-аас өмнө нь хоёр ч удаа Засгийн газарт үүрэг өгч байсан. Санал, дүгнэлтээ оруулаад ир гэж өгсөн энэ үүрэг хэрэгжихгүй байсан болохоор тодотгол хэлэлцэх явцад нэлээд ач холбогдол өгсөн. Тиймээс ч боловсрол, эрүү мэндийн салбараас бусад бүх байгууллагад төсвийн хэмнэлт гаргах үүрэг өгөөд байгаа. Огт шийдээгүй гэсэн үг биш. Нийтдээ 6.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахыг үүрэг болгож, төсвийг нь танаад батлаад өгчихсөн. Эрүүл мэнд, боловсролоос бусад салбарынхан давхардсан орон тоо, бүтцийн давхардал зэргээ арилгах чиглэлд ажиллах болно. Аравдугаар сарын 1-нд ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн хэмнэлт гаргах чиглэлээр саналаа оруулж ирэхийг Засгийн газарт чиглэл болгосон.

-Ажлын хэсгийн саналыг УИХ яагаад хүлээж аваагүй юм бэ. Уг нь Сангийн яамтай хамтарч тооцоо судалгаа хийгээд давхардсан орон тоог цөөлөх чиглэлд тодорхой саналууд оруулж ирсэн шүү дээ?

-Ажлын хэсгээс гарсан саналаар бол 30 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах байсан. Гэтэл энэ мөнгөний талыг боловсрол, эрүүл мэндийн салбараас хэмнэх санал оруулж ирсэн. УИХ механикаар энэ хоёр салбарын төсвөөс шууд танаж болохгүй гэж үзсэн юм. 2009 онд энэ чиглэлээр бидний гаргасан саналыг хүйн халдвартай холбож тайлбарлаж байсныг хэлье. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарынхан хүйн халдвар гарсан шалтгааныг "Бидний ариун цэврийн зардлыг хассан шүү дээ" гэж хариулж байсан. Тиймээс л хэмнэлтийн талыг нь энэ хоёр салбар үүрч болохгүй гэж үзлээ. Бодитой тооцоо судалгаа хийж байж асуудлыг шийдэх ёстой.

-Төсвийн тодотгол хэлэлцэхявцад хүүхдийн мөнгөний асуудал сөхөгдсөн нь ч шийдэгдсэнгүй. Хүний хөгжил сангийн мөнгийг сар бүр хувааж өгснөөр хүүхдийн мөнгийг шийдчихсэн гэж үзэж болох уу?

-Тодотгол хэлэлцэх явцад хүүхдийн мөнгө олгох талаар хуулийн төсөл хүртэл гарч ирсэн. Гэтэл бид хүний хөгжлийн асуудлыг тусгай сан байгуулж дэмжиж байгаа шүү дээ. Хүний хөгжил сан гэдэг "Эх орны хишиг"-ийг иргэн бүртээ хүртээх тухай асуудал. Монгол Улсын иргэн л бол ямар ч насных байсан хамаагүй сар тутам хувь хүртэнэ. Энэ оны үлдэж байгаа хугацаанд сарын 10 мянган төгрөг олгоно. Харин ирэх оноос сард 20-21 мянган төгрөг олгохоор төлөвлөж байгаа. Тухайн жилийн орлоготой уялдаад 2011 оны төсөвт нарийвчлан тусгаад явна.

Ер нь хүүхэд, том хүн гэж ялгах нь ач холбогдол багатайзүйл шүү дээ. Энэ бол зүгээр л улс төрийн хандлага цухалзаад байгаагийн илрэл. Аав, ээжид нь мөнгө өгнө гэдэг тухайн өрхийн амьдралыг дэмжиж байгаа хэрэг. Зөвхөн хүүхэд авдаг байсан бол одоо эцэг, эхэд нь сар тутам 10, 10 мянган төгрөг өгч байна гэдэг харин ч харьцангуй сайн дэмжиж байгаагийн илрэл. Түүнээс биш хүүхдэд нь мөнгө өгчихөөд дахиад хүүхдийн мөнгө өгнө гэвэл эдийн засгийн хувьд дэндүү хүндрэлтэй асуудал үүснэ. Бэлэн мөнгө тараана гэдэг импортын хэрэглээг дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Мөнгө хаашаа очих вэ гэвэл гадагшаа л явдаг. Монгол Улсад байшин барилга, хөгжил сүндэрлэх биш импортлогчдын хөгжилд хувь нэмэр оруулаад явж байгаа. Импортыг яаж дэмжиж байна вэ гэсэн ганцхан жишээ хэлье. Гаднаас импортоос авсан өндөг, маслоны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн. Өндөг иддэг хүний тоо их болсон гэвэл хэтрүүлсэн болох байх л даа. Гэхдээ л импортын хэрэглээ нэмэгдэж байгаагийн жишээ бол энэ. Цаашид Хүний хөгжил сангаар дамжуулж орлого багатай нийгмийн хэсгийг дэмжиж байх хэрэгтэй. Баян, хоосныг нь ялгахгүй халамжийн бодлого явуулбал төсөвт л хүнд ачаа авчирна. Тиймээс энэ удаад Хүний хөгжил сангийн мөнгийг бөөнөөр биш сар сараар өгөх шийдвэр гаргасан. Хэрэв хүүхдийг нь нэг нам аваад, сонгуулийн насныхныг нь нөгөө нам нь аваад явна гэвэл утгагүй л улстөржилт болно.

-Энэ оны төсвийг ДНБ-ний 6.4 хувийн алдагдалтай баталлаа. Гэтэл ОУВС алдагдлын хэмжээг таван хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөн биз дээ?
-ОУВС-тай тохирсон төсвийн алдагдлын байх ёстой хэмжээ таван хувь. Гэхдээ банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор гаргасан зардлыг төсвийн алдагдалд тооцохгүй юм. Одоо бол энэ чиглэлээр 100 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусгаад алдагдал 6.4 хувь болж байгаа. Түүнийгээ хасч тооцвол ОУВС-тай тохирсон хэмжээнээс хэтрэхгүй ээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.