2013.09.24

Н.Алгаа: Бид ардчиллаас зайлсхийх ёстой

Монгол телевизийн “Нүүдэл шийдэл” ток шоугаар Эдийн засгийн нүүдлийг яаж хийх вэ. Улс төрийн оролцоо үүнд байх уу, үгүй юу гэдэг асуудлын хүрээнд ярилцлаа.

Нэвтрүүлгийн зочдоос Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл нарын байр суурийг хүргэж байна.

Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл:

-Макро эдийн засгийн түвшинд улс орны гол гол харьцаа, үзүүлэлтүүд дээр 2013 оны эхний найман сарын байдлыг тоймлон, тоон байдлаар хэлбэл. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэн үү?

-Макро эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг нь үнэ, инфляци.  Инфляци гэдэг нь үнэ өсөх хэрээр мөнгөний ханш буурах үзүүлэлтийг хэлдэг. Энэ үзүүлэлтийг монгол улсын түвшинд хэрэглээний үнийн индекс гэсэн үзүүлэлтээр тооцож гаргадаг. Бид хэрэглээний үнийн индексийг хамгийн сүүлд 2013 оны наймдугаар сарын байдлаар тооцож гаргасан.

Наймдугаар сард энэ үзүүлэлт 1,7 хувийн өсөлт үзүүлсэн. Оны эхнээс 6,4 хувийн, өмнөх оны мөн үеийнхээс 9,4 хувь өссөн гэсэн тоо гарсан нь үнийн өсөлт байгааг харуулж байна. Энэхүү өсөлтөд хүнсний бараа гол хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оноос 5,6 хувийн өсөлт гарсан.

Мөн өрхийн хэрэглээнд өндөр жин эзэлж буй хувцас, гутал 13 орчим хувь, орон сууц, түлээ орсон зардлууд долоо орчим хувьтай өссөн бол боловсролын үйлчилгээнд үзүүлж буй үнэ ханш 27,3 хувийн үзүүлэлтээр өссөн дүнтэй байна. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй байдал, улирлын чанартай холбоотойгоор сүүлийн саруудад инфляци өсөлттэй гардаг.

Монголын уул, уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа:

Хүмүүс төрийн бодлого алдагдсан гэх болсон. Төр байгаа бол бодлого бий. Харин бодлого нь сайн уу, муу юу гэдгийг ярих ёстой. Бид хорин гаруй жил ардчиллыг буруу ойлгож, би сайн ардчилагч, зарим нэг нь дутуу ардчилагч гэсэн байдлаар хүн бүр ардчиллыг өмчилж байна. Ардчиллаас бүгдээрээ зайлсхийх ёстой.

Н.Алгаа: Төр итгэмжлэгдсэн, мэргэжлийн зохицуулалтыг бий болгон, тэднийг олон болгож тараагаад орон нутагт хяналт тавидаг зохицуулалтыг хуулиар бий болгох ёстой.

Төр нь ил тод шийдвэр гаргадаг, тэр нь урт хугацаанд тогтвортой хэрэгждэг, нийгмийн болоод ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллийн саналыг бодлогодоо тусгаж чаддаг байвал тогтвортой сайн хэрэгжинэ. Ээлжит бус чуулганаар барьж буй хуулиудын зарим нь урт хугацааных, зарим нь яаралтай хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ бий.

Хөрөнгө оруулалтын тухай хууль бол урт хугацааны бодлого. Хувийн хөрөнгө оруулагчид гурван зүйлийг л хүсдэг. Эрх зүйн орчин тогтвортой байх, татвар нь төлөхөд боломжийн, төрд ашигтай, зохистой хэмжээтэй, өрсөлдөгч орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадвартай.

Гуравдугаарт төрийн хүнд суртал бизнест хамгийн бага дарамттай байх ёстой. Энэ гурвыг бий болгох эрх зүйн орчны хоёр нь хөрөнгө оруулалтын тухай хуульд байна. Урт нэртэй хуулийн хувьд богино хугацааны бодлогын асуудал. Энэ хууль гараад дөрвөн жил болохдоо зорилгоо биелүүлж чадаагүй.

-Урт нэртэй хууль гарснаар эдийн засгийн хүндрэлд үзүүлсэн нөлөө нь хэр байна вэ?

-Ганц урт нэртэй хууль биш. Ерөөсөө бодлогын тогтворгүй байдал тухайлбал, ашигт малтмалын тухай хууль 16 жилийн дотор гурван удаа өөрчлөгдсөн. Одоо дөрөв дэхийг нь шинээр бичиж байна. Улсын төсвийг хэлэлцэх бүрт л татварын хувь хэмжээг нэмж, шинэ татвар бий болгодог.

Энэ мөн л тогтворгүй байдал. Урт нэртэй хууль, 68 хувийн хууль, өнгөрсөн жил гардаг гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн эдийн засгийн салбаруудад зохицуулах тухай хууль гээд шат дараалан явж байна.

Бид төрийн зохицуулалтыг оролцоо, хяналт гэж буруу ойлгоод байгаа. Хууль заалт нь хангалттай ч хэрэгжүүлэх механизм нь хангалттай биш. Төр механизмыг бий болгох ёстой. Төр итгэмжлэгдсэн, мэргэжлийн зохицуулалтыг бий болгон, тэднийг олон болгож тараагаад орон нутагт хяналт тавидаг зохицуулалтыг хуулиар бий болгох ёстой.

Зохицуулалтыг төр өөрөө хийх биш бусдаар хийлгэдэг эрх зүйг бий болгох ёстой. Бусад гэдэг нь мэргэшсэн, бизнест тусалдаг, зөвлөдөг, асуудлыг шийдэж чаддаг, итгэмжлэгдсэн, хувийн, төрийн бус, мэргэжлийн гар хөлийг өргөн уудам нутагт бий болгох зохицуулалтыг хийх хэрэгтэй.

-Манай нийгэмд баян хүн байж болох уу?

-Зах зээлийн нийгэм хөрөнгөтнүүд дээр тогтож байгаа. Тэр дундаа хамгийн их татвар төлдөг хөрөнгөтнүүд дээр тогтоно. Манайд шинэ хөрөнгөтнүүд бий болж байхад гадаадынхнаас дутахааргүй үндэсний хөрөнгөтнүүд бий болж байна. Ирээдүйд тэднийг олон болгох бодлогыг хөрөнгө оруулалтын хууль гэж харж байгаа. Хөрөнгөтнүүдийн бааз суурийг өргөтгөхийн тулд үүнийг хийж байна гэж ойлгож байна.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах ямар шийдэл байж болох вэ?

-Урт хугацаанд барих бодлогын суурийг өнөөдөр тавьж байх ёстой. Бид хоёр зүйлийг маш тогтвортой болгомоор байна. Нэгдүгээрт зах зээлийн эдийн засгийг төрийн захиргааны аргаар удирдахаа зогсоож, зах зээлийн арга хэрэгслээр удирдах хэрэгтэй. Төрийн өмчтэй бизнесийг хувийнхантай уралдуулж хийдгийг бүр зогсоох шаардлагатай.

Хууль заалт нь хангалттай ч хэрэгжүүлэх механизм нь хангалттай биш.

Мөн бизнесийн орчныг хөндөж буй эрх зүйн орчныг бий болгохдоо бизнесийн төлөөллийн саналыг олон шатанд сонсон, хэлэлцүүлж хувийн бизнес, төрийн ашиг сонирхлыг ойртуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол гарсан хууль нь хэзээ ч урт хугацаанд, тогтвортой хэрэгжихгүй.

Үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл:

-Эдийн засгийн өсөлтийг ДНБ-ий өсөлтөөр харуулдаг. Манайх 2012 оны эцэст 12,4 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлтөд уул уурхайн салбар 20 хувийг л эзэлж, үлдсэн 80 хувийг хөдөө аж ахуй, барилга, тээвэр гээд бусад салбарууд бүтээж байна.

Тиймд бид ганц уул уурхай руугаа анхаарал хандуулахгүйгээр бусад салбаруудаа анхаарч ажиллаасай гэж хэлмээр байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай эдийн засгийн өсөлт 11,3 хувьтай гарснаас гурван хувийг хөдөө аж ахуйн салбараас, 3,8 хувийг нь үйлчилгээний салбаруудаас авч байна.