Хөрөнгө оруулагчгүйгээр Монгол уул уурхайгаа ашиглаж чадах уу
2013 оныг уул уурхайн оргил үе гэж нэрлэсэн.
2013.09.25

Хөрөнгө оруулагчгүйгээр Монгол уул уурхайгаа ашиглаж чадах уу

Монголын баялаггүй бол дэлхий “өлсөх” үү
Ц. Болормаа  

Дэлхийн улс орнууд газрын хэвлийгээс ашигт малтмалаа олборлон ашигласаар хэдэн зуун жилийг үдэж буй. “ABS and MinEx Consulting” байгууллагын тооцоолсноор 2000-2010 онд дэлхий даяар дунд зэргийн 485, Эрдэнэт шиг 245, Оюутолгой шиг 47 орд нээгдсэн гэнэ. Ганцхан Монголд л том орд нээгдээд байгаа юм биш гэдгийг дээрх тоо сануулж буй. Ийм байтал Монголын баялаг байхгүй бол дэлхий турж үхэх юм шиг аяглаж байгаа нь хэр зөв юм бэ? Монголын Оюутолгойтой, Оюутолгойгүй, Тавантолгойтой, Тавантолгойгүй дэлхийн бөмбөрцөг эргэдгээрээ л эргэнэ.   

Дэлхий даяар нэг жилд 40 орчим тэрбум тонн ашигт малтмал, газрын тос олборлодог гэх тоо бий. Үүний хажууд Монголын гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ далайд дусал төдийхөн. Энэ оны эхний долоон сарын байдлаар гэхэд Монгол Улс 3.4 тонн алт, найман сая тонн нүүрс экспортолсон байгаа. Мэдээж өөр бусад эрдэс экспортолдог ч тэр нь тийм ч их биш юм.   Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь гурван жилийнхээ хамгийн муу үзүүлэлтэд очоод буй.

Эрчээ аваад байсан Монголын эдийн засгийн хурд саарч байгааг батлах тоо үүгээр зогссонгүй. Эдийн засаг агшихад нүүрсний үнэ буурсан, БНХАУ-ын эрэлт багассан нь нөлөөлсөн тухай Уул уурхайн сайд саяхан дуулгасан. Урд хөршийн эрэлт багассан нь үнэн ч бас тус улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр Монголтой өрсөлдөж буй орны тоо олширсон хэрэг.   Үүлэн чөлөөний нар   Уул уурхайн сайд “Хэт халсан эдийн засаг аажмаар хөрж, өсөлт хэвийн, тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлснээр “зүүднээс сэрээв”. 2010 онд Австралид үер болсны “ачаар” нүүрсний нийлүүлэлт нь огцом буурсан.

Иймээс ч “хар алт”-ны эрэлт өсөж, нийлүүлэлт хумигдсан даруйд үнэ өсөх нь тэр. Энэхүү үүлэн чөлөөний нарнаар Монголын нүүрсний экспорт хүчээ авч, эдийн засаг ч 17 хувиар өссөн билээ. 2011 онд манай улсын “хар алт”-ны экспорт 27.5 хувиар нэмэгдэн, 21.3 сая тоннд

Монголын эдийн засаг өсч, ДНБ нэмэгдэж буй.

хүрснийг “The Sydney Morning Herald” сонинд “Монгол БНХАУ-ын нүүрсний импортын зах зээлийг Австралиас булааж байна” гэж бичиж байлаа.   Одоо бол Австрали, Мозамбик, ОХУ урд хөрш дэх нүүрсний нийлүүлэлтээрээ Монголын өмнө явна.

Мэдээж бидний хамгийн том өрсөлдөгч Австралийн нүүрсний олборлолт сэргэн өмнөх байр сууриа эзлэх нь тэр. Дээрх улсууд БНХАУ-ын “ааш”-ийг дагасан бодлого баримтлах болсон гэлтэй. Зах зээл дэх нүүрсний үнэ эргэн өсөж бидэнд таатай нөхцөл бүрдсэн ч Мозамбик, Канад, Австралийн орон зайг эзлэх нь юу л бол. БНХАУ-д далайн тээврээр хилийнх нь боомт дээр ирж буй тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал хол, ойроосоо шалтгаалан 15-25 ам.доллар байгаа аж.

Харин манай улсын хувьд Ганц модны боомт дээр аваачихад л 20 орчим “ногоон” зарцуулна. Иймээс БНХАУ-тай шууд хил залгаа ч зах зээл дэх сайн өрсөлдөгч болж чадахгүй байна.   Монгол нүүрсээ боловсруулж, БНСУ, Япон руу гаргана л гэх. БНХАУ-ын Нүүрсний үйлдвэрлэлийн ассоциацынхан нүүрсээ нийлүүлэх гэрээг Азийн орнуудтай хийсэн сурагтай. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах мөчлөгийн үед тэсэж үлдэх бололцоогоо улс орнуудын Засгийн газар урьдчилан хардаг аж. Угаасаа урд хөрш нүүрсний асар их нөөцтэй учраас бидэнд хадаг барин ирэхгүй нь мэдээж.  

Том тоонд дасаж эхлээд байсан монголчуудын хувьд эдийн засгийнхаа 20, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг хялайх нь бидэнд л алдагдалтай гэдгийг уруудаж буй үзүүлэлт бэлхнээ харуулж байна. Тухайлбал, энэ оны эхний хагасын байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоосоо 43 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иймээс ч 2013 оны уул уурхайн салбарын орлогын төлөвлөгөөг хэт өөдрөг төсөөлснөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг салбарын сайд нь мэдэгдээд байгаа. Монгол Улс энэ онд 30 сая тонн нүүрс борлуулна гэж зарласнаа 20 болгон бууруулсан.

Харин одоо бол 10 саяас нэг их хэтрэхгүй төлөв харагдаж байгаа.   1997 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалтын нэг хувийг татах юмсан гэж монголчууд мөрөөдөж суусан гэдэг. “Metals Economics Group”-ийнхний тооцсоноор, 2004 онд дээрх тоо дөрвөн хувьд хүрсэн нь том амжилт ч 2011 оны байдлаар уул уурхайн хайгуулын зардлын 18 хувь нь Канад, найман хувь нь АНУ, таван хувь нь Чили, 13 хувь нь Австрали, зургаан хувь нь Өмнөд Африкт ногдсон гэх судалгаа гарчээ. Дэлхийн уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг “хар данс”-даа бүртгэж суудаг тус байгууллагын тооцоолсноор 2011 онд урд хөрш дээрх салбартаа 611 сая ам.долларыг татсан байх юм.

Товчхондоо, хөрөнгө оруулагчдын “хараа”-нд зөвхөн Монгол өртдөггүй аж. Гадаадын томоохон компаниуд бусад оронд дор хаяж 3-4 төсөл

“Голланд өвчин”-ий нэг шинж тэмдэг нь дотоодын үйлдвэрлэл буурч, импорт нэмэгдэх явдал. Монголын эдийн засаг өсч, ДНБ нэмэгдэж буй.

хэрэгжүүлдэг юм байна. Нэг төслөөс олсон мөнгөөрөө нөгөөхөө санхүүжүүлдэг зарчмаар уул уурхайн бизнес хөгждөг нь зүй тогтол. Монголчуудтай хэл амаа ололцохгүй байгаа “Rio Tinto” дэлхийн зургаан тивийн 40 улсад хөнгөн цагаан, зэс, алмаз, эрчим хүч, төмрийн хүдэр, нүүрс, уран, алтны олон төсөл хэрэгжүүлж ирсэн түүхтэй.   Би биш бол өөр хэн ч биш   Дэлхийд алдартай Жонс Хопкинсын их сургуулийн эдийн засгийн лекц дээр “resource nationalism” өвчнөөр өвчилж, эдийн засаг нь суларсан орнуудын жишээг дурдахад Венесуэл, ОХУ, Казахстан зэрэг улстай зэрэгцэн Монгол багтчихсан байна гэнэ. ОХУ нь цэргийн их хүчтэй, том гүрэн, Венесуэл нь уул уурхайн салбар олон жил хөгжөөд, өндөр технологитой болж амжсан бол Монголд үндсэрхэх үзлийн өвчний өөдөөс барих ямар ч хамгаалалт байхгүй гэнэ.

Тэгэхээр Голланд улсаар “овоглодог” өвчин байдаг шиг Монголын тодотгол “resource nationalism” болж магадгүй юм.   Одоогоор уул уурхайн баялгаа өөрсдөө ашиглах хөрөнгө, техник технологи, туршлага бидэнд алга. Ямар ашигт малтмалаа хүрзээр зөөлтэй биш. Газрыг нэг метр тууш өрөмдөхөд л 100-120 ам.доллар зарцуулдаг гэх тооцоо бий. Эрсдэл их, зардал өндөр энэ салбарт хөрөнгө оруулагчдыг орж ирэхэд нь “дээрэлхэх” нь хэр зөв бэ.

Тоглоом эхэлчихсэн байхад дүрмийг нь өөрчилж, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг богино хугацаанд баталсан нь өнөөх “resource nationalism” өвчин туссаныг батлах шиг. Уул уурхайдаа оруулах хөрөнгө оруулалт нь байхгүй байхад монголчууд “Би биш бол өөр хэн ч биш” гээд ийнхүү гэдийж сууна. Дэлхийд  том тооцогдох “BHP Billiton, “Vale” Монголыг орхиж явсан. Гаднынхан манайд гарч орох нь чухал бус хөрөнгө оруулалтыг нь Монголд “аргамжиж” үлдээх нь чухал биш гэж үү.   Гинжин өр ба зүсээ хувилгасан бонд   Оюутолгойн экспорт, Чингис бондоос санхүүжих төслийн ачаар манай улсын ДНБ өснө гэсэн “гэнэн” мөрөөдөл цөөнгүй хүнд бий.

Гэтэл Оюутолгойн үнэ цэнийн 80 хувийг агуулах далд уурхайн бүтээн байгуулалтын ажил таг зогсчихоод байна. Бас бондын мөнгөнөөс санхүүжих төслүүдээс үр ашгаа богино хугацаанд өгөх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалт багассанаас болоод ам.доллар “ховрын бараа” болов. Энэ нь инфляцид нөлөөлөхгүй гэх баталгаа хаана байна? ОХУ биднийг өрөвдөөд газрын тос нийлүүлэх үнээ хэвээр байлгасан ч төлбөрөө бид “ногоон”-оор хийх учраас ханшийн зөрүү бензиний үнэ хөөрөгдөхийг үгүйсгэх аргагүй. Улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөх гээд үр нөлөө нь гинжин хэлбэрээр “халдварлана”.  

Саяхан Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “Валютын ханш шатахуун импортлогч компаниудад хүндээр тусаж байгаа. Гэхдээ бид компаниудтай байнгын холбоотой байгаа. Түр зуурын валютын ханшийн өөрчлөлтөөс улбаалан үнээ шууд өсгөхгүй байх талаар компаниудтай тохирсон” гэж ярьсан байна билээ. Шатахуун

Монгол нүүрс ассоциацын захирал Т.Наран

импортлогч компаниуд хэр удаан “гүрийж” чадах юм бол.   “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Т.Наран “Зах зээл судлаачид өрсөлдөх чадварын хувьд Монголыг худалдан авагчид ойр, ашигт малтмалын чанар өндөр, ардчилсан засаглалтай хэмээн үнэлдэг” тухай ярьж байв. БНХАУ-ыг эдийн засгийн өсөлтөө хангахад нь хэрэгтэй 48 төрлийн  ашигт малтмалаас 27-г нь дотоодоосоо 100 хувь хангаж чаддаггүй юм байна.

Иймээс үлдэх 20 гаруй төрлийн ашигт малтмалыг гадаадаас авдгийн тодорхой төрлийн байгалийн баялгууд нь  Монголд бий аж.   Хөрөнгө оруулалтгүйгээр бид юу хийж чадах вэ. Бонд гаргаж мөнгөтэй болсон нь гаднынхны мөнгийг авчирч байгаа хөрөнгө оруулалтын “зүсээ” хувилгасан нэг хэлбэр. Гаднынхан уул уурхайн салбарт эрсдэлээ өөрөө үүрээд хөрөнгөө оруулах бол Монгол Улс бондын мөнгөө тогтсон хугацаанд хүүтэй нь төлөх учиртай. Хөрөнгө оруулагчдыг хөөсөн “савчсан” бодлого барьсаар байвал тэд Монголыг дахин зүглэхгүй. Монгол ганцаараа уул уурхайн баялагтай нь биш шүү дээ.