2013.10.01

Зээл олгоод байхад цементийн үнэ өсгөснийг шүүмжилж, хариуцлага нэхлээ

Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар цементийн үнэ нэмэгдсэн шалтгааныг сонсч, үнийн өсөлтийг хазаарлах боломжийн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлэл сонссон. Гэтэл өнөөдөр хүртэл цементийн үнэ буураагүй байгаа тул Ерөнхий сайд үнэ хазаарлах ямар арга хэмжээ авсныг холбогдох албаныхнаас асуулаа.

Барилгын материалын үнэ тогтворжуулахаар Цемент импортлогчдын холбооны гишүүн 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээт байгууллагууд цементээ тонн тутмыг нь 165 мянган төгрөгт багтаан барих үүрэг хүлээсэн ч сүүлийн 14  хоногт 185 мянгад хүргэж өсгөөд байна.

Энэ нь намар эрэлт огцом нэмэгдсэн, 9 дүгээр сарын эхээр юанийн ханш өссөн зэрэг нь цементийн үнэд нөлөөлсөн гэж яам, хувийн хэвшлийнхэн тайлбарлав. Харин Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэн 5 дугаар сараас хойш цементийн үнийг барьж чадсан атлаа барилгын улирал шувтрах үеэр яам, хувийн хэвшлийн аль аль нь хариуцлага алдсаныг шүүмжиллээ.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд 14-хөн хоногийн нөөцтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт, энэ жил барилгын материалын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэдгийг Засгийн газар урьдчилж тооцоолоод төсөв гаргаж, эргэлтээ нэмэгдүүл гэж зээл олгосон. Гэтэл ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хатуу анхаарууллаа.

Өөрчилж шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 18-ыг бүрэн дуусгаснаар энэ жилийн бүтээн байгуулалтыг хаана.

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт 13 мвт хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсон, энэ жилдээ багтаан Увс, Ховд, Хөвсгөл аймгийн дулааны станцууд ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний яамныхан танилцуулав.

Дундговийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг 11 дүгээр сарын 1-н гэхэд хүлээж авна, Дорнодын зам 55%, Хөвсгөлийнх 60 хувьтай үргэлжилж байна. Төмөр замын далангийн ажил өнгөрсөн долоо хоногт 9,8 км-ээр урагшилж, ажлын явц 42%-д хүрсэн. 11 дүгээр сарын эхэн хүртэл гүйцэтгэлийг 80 хувьд хүргээд энэ жилийн ажлыг зогсооно гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Өөрчилж шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас 18-ыг бүрэн дуусгаснаар энэ жилийн бүтээн байгуулалтыг хаана. Нэг уулзварыг 1-1,3 тэрбум төгрөгөөр засварлаж байгаа ч өргөтгөж шинэчилсний үр дүнд хэмнэх мөнгөө тооцож үзэхэд ганц жилийн дотор гаргасан зардлаа нөхөх ба үүнээс гадна эдийн засгийн бус олон ач холбогдол өгнө гэж “Гудамж” төслийнхөн тайлбарласан юм.

Засгийн газрын тогтоолоор баталсан есөн төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос санхүүжилт олгох ёстой. Орон нутгийн авто замын төслүүдэд 590 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 36 хувь, нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26 хувийг гаргаад байна.

Нийслэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26 хувийг гаргажээ.

Тавантолгойн ДЦС-ын барилгын ажилд 1,5 тэрбум, шинэ төмөр замын төсөлд 130 тэрбумыг олгосон, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд баталсан 270 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдаад байна.

"Гудамж" төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат, Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилт хуваарийн дагуу олгогдож байна. Эдгээр дээр нэмээд төмөрлөгийн үйлдвэр болон МИАТ-ийн дахин санхүүжилтэд зориулан “Чингис” бондоос хөрөнгө гаргах асуудлыг Засгийн газрын тогтоол гарангуут шийдвэрлэнэ гэж Хөгжлийн банкнаас хэллээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршил дээр нэмж найман байршилд төлөвлөлт хийхээр нийслэлийн удирдлагууд шийдвэрлэжээ. Энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.