Н.Зоригт: Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай
"Хос аз" ХХК-ийн захирал Н.Зоригт
2013.10.09

Н.Зоригт: Манай малын арьсны бүтэц их онцлогтой, ноолууртай адил давуу талтай

"Хос аз" ХХК-ийн захирал Н.Зоригттой Арьс ширний салбарт тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.

- Арьс ширний салбарт ажилладаг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байгааг хэлж өгөхгүй юу?

Манайх бол арьсны орон хэдий ч дэлхийн хэмжээнд байгаа түүхий эд, арьстай харьцуулахад маш бага хувийг эзэлдэг. Гэхдээ манай малын арьсны бүтэц маш онцлог, ноолууртай адил давуу талтай. Дэлхийн бөмбөрцөг дээр манайх шиг дөрвөн улирал тэнцүү орон байхгүй. улирал цаг агаар нь арьсны бүтцэд маш сайнаар нөлөөлдөг. Дулааны  мэдрэмжтэй арьс нь томорч жижгэрч, мэдрэмтгий мал ганцхан монголд л байдаг.

Амьтны үс томорч, жижгэрч өөрчлөгдөж байгаа нь  ус нэвтрэх нэвтрэхгүйд ихээхэн нөлөөлдөг. Монгол малын мах л борц болдог шүү дээ. Гэхдээ бүх малын мах биш зөвхөн хангай төвийн, өндөрлөг газруудад боломжтой. Үүнээс харахад монгол мал бүтцийн хувьд онцлогтой, хамгийн хөнгөн, цэвэр байгалийн өвс тэжээл иддэг болохоор экологийн цэвэр, ямар ч химийн бодисгүй бүтээгдэхүүн. Бид малынхаа арьсан гутал хийх юм бол хамгийн гоё гутал хийдэггүй юмаа гэхэд хүний хэрэгцээ хангахаар гутал хийх  боломжтой.

Монгол ямааны ноолуур өөр газар байдаггүй болохоор Говь брэнд болсонтой адил Монгол арьс дэлхийд байхгүй учир брэнд бүтээгдэхүүн хийх боломж нээлттэй байна. Үүнийг би ам бардам хэлнэ. Харин ямар загвар байх уу гэдэг нь тухайн гүйцэтгэж байгаа хүмүүсийн ур чадвар, зохион бүтээгчийн авьяас мэднэ. Бас нэг тулгамдсан асуудал бол арьс ширний салбарт боловсон хүчин маш их дутагдалтай байна. боловсон хүчин бэлтгэх ажлаа бүр зогсоочихсон.

Боловсролын тогтолцоонд байгаа нэг асуудал бол төгсөөд дарга бол гэж хүмүүжүүлдэг байдал. Овоо дизайн хийж, гарын үр дүнтэй нэгэн нь компани байгуулна гээд яваад өгдөг сэтгэлгээ нь алдаатай байгаа. Өнөөдөр манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь мэргэжлийн биш. Гэтэл энэ салбар зөвхөн Монгол бус Дэлхийг хөгжүүлэх салбар шүү дээ.

Нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлдэж, шинэ үйлдвэр барих шаардлагагүй хуучин үйлдвэрүүдээ сэргээх хэрэгтэй.

Гэхдээ бидэнд үйлдвэр барилга, түүхий эд нь байгаа учир хөгжих боломж байгаа. Нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлдэж, шинэ үйлдвэр барих шаардлагагүй  хуучин үйлдвэрүүдээ сэргээх хэрэгтэй. Энэ салбарт төрийн зөв зохицуулалт маш их дутагдаж байна. зүгээр нэг  мөнгө өгөх биш зохицуулалт хэрэгтэй байна.

- Манайд бүтээгдэхүүнээ экспортлох боломж хэр байна?

 Бид ийм сайхан түүхий эдийг гадны хүнд алдаж болохгүй. Дэлхийн хэмжээнд жилд 25 тэрбум гутал хийдэг.  Үүний 14 тэрбумыг Хятад, 3 тэрбумыг Энэтхэг улс хийдэг. Вьетнам улс ямар ч малгүй хэрнээ нэг тэрбум гутал хийдэг гэхээр манайд асар их боломж байгаа нь харагдаж байгаа. Дэлхийд хийгддэг гутлын 8 хувь буюу 1-2 тэрбум нь л арьсан гутал.

Гэтэл энэ арьсан гутал дунд эрүүл манайх шиг малын арьсаар хийсэн гутал ганц ч байхгүй. Бид нарт маш их зах зээл байгаа. Европ, Япон, Оросын зах зээл 100 хувь чөлөөтэй. Орос жилдээ тэрбум гутал хийдэг, тэр хэмжээний хэрэгцээ байдаг. Гэтэл манай малын түүхий эдийг хачиг гуурстай, жижигхэн гэж гойчилдог нь үнэ буулгах гэсэн нэг арга. Дандаа л малаа муулж байхаас магтаад дугардаг хүн алга.

- Хамгийн эхний хийх зүйл юу байх вэ? яаж монгол малын арьсыг дэлхийд таниулах уу?

Хөнгөн аж ахуйг хөгжилд хүргэхийн тулд малын арьсаа л чулуу болгох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд малынхаа онцлог, давуу талыг сурталчлах ажил хийх хэрэгтэй. Эхлээд сонирхоод аяндаа таван жилийн дараа гэхэд арьс ширний салбар хөгжих болно. Арьс шир үйлдвэрлэгчдийн мөрөөдөл болсон гурван сая гутал хийхэд хоёр том үйлдвэр байхад л хангалттай.

Хуучин гутлын үйлдвэр дангаараа 4.5 сая гутал хийдэг байсан. Үүнээс дөнгөж саяыг л арьсаар, үлдсэн нь дандаа даавуун гутал байсан. Бид одоо байсан гутлын үйлдвэрээ устгаад болсон болоогүй юм яриад л байж байна. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэл гэж гудамжны мухарт ажиллаж байгаа хэдэн хүн, нэгдэж нийлсэн хүмүүсийг үйлдвэр гэдэггүй.

Гаднаас монголд ойролцоогоор 6 сая гутал орж ирж байна.

Гэтэл эдгээр газруудад төрөөс  мөнгө төгрөг цацаад байдаг нь хамгийн том эмгэнэл. Томоохон үйлдвэртэй түүнийгээ дагаад туслах үйлдвэртэй болсноор хөгжинө.

- Түүхий эд 100 хувь боломжтой байхад үйлдвэрлэл эрхэлж байгаа компани бага байгаа нь юунаас  шалтгаалж байна вэ? Хятадууд үнэ цохиж түүхий эд авчихдаг гэсэн гомдол аж ахуй нэгжүүд ярьж байсан?

Хятад энэ жил гэхэд л 18 тэрбум гутал хийнэ гэсэн тооцоо байна. Европ руу экспортлох арьсан гутлын үнэ өндөр байдаг учир манайхаас арьсаа хямд үнээр авах бодлого барьдаг. Үүнээс болоод арьсны худалдаа, боловсруулалт хөгжихгүй байна. Хамгийн эмгэнэлтэй нь арьсыг үе үеийн засгийн газар мартчихсан. Энд асар том гадны наймаа эргэлддэг.

Гаднаас монголд ойролцоогоор 6 сая гутал орж ирж байна. Үүний нэгийг 40.000 төгрөгөөр бодоход л асар их хөрөнгө мөнгө эргэлдэж байгаа юм. Гэхдээ монгол малын арьсыг хөгжүүлэх амархан. Засаг төрөөс туслах гэж дүр эсгэх хэрэггүй.

Оронд нь тодорхой хэмжээний хөл дээрээ босож байгаа компани, аж ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Үйлдвэрийг босгоход ойролцоогоор 20 тэрбум төгрөг л хэрэгтэй. Энэ бол тийм их мөнгө биш гэж бодож байна.