“Хүнс тэжээл, нийгмийн халамж” төслөөр нэмэлт санхүүжилт авахыг дэмжив
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо хамтран хуралдлаа.
2013.10.17

“Хүнс тэжээл, нийгмийн халамж” төслөөр нэмэлт санхүүжилт авахыг дэмжив

Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамж” төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээг зөвшөөрөх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн хүрээнд АХБ-наас хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд есөн сая ам.доллар, ядуу иргэдийг тодорхойлох судалгаа хийхэд гурван сая ам.доллар зарцуулжээ. Харин энэ оны эхнээс хүнсний талоны хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхэд 10 орчим тэрбум төгрөг гаргаад байгаа аж.

Энэ удаа нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн тогтолцоонд мэдээллийн технологийн дэвшилтэт арга, техникийг нэвтрүүлэн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд 20 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна.

Өөрөөр хэлбэл, нэмэлт санхүүжилтийн гэрээгээр хүнсний талоны хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй. Үүний хамт манай Засгийн газар гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж буй. Зээлийг жилийн хоёр хувийн хүүтэйгээр 25 жилийн хугацаанд буцаан төлнө. Төсөл нь ирэх жилийн зургадугаар сараас гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Төсөл нь ирэх жилийн зургадугаар сараас гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Хүнсний талон очих ёстой хүндээ хүрдэггүй талаар гишүүд хуралдааны үеэр хэлж байсан юм. Үүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд үгүйсгэсэнгүй. Мөн “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл” нэрийн дор мэдээллийн технологийн асуудал яригдаж байгаа нь тохиромжгүй гэж шүүмжлэх гишүүн ч байв.

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Өмнө хэрэгжүүлсэн төсөл дээр тулгуурлах замаар нэмэлт санхүүжилт авбал илүү хурдан шийдэгдэх боломжтой. АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хурал ирэх сард болно” гэсэн тайлбар хийж байлаа.

Нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо.