Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болов
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Үндсэн Хуулийн Цэц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно гэсний "давж заалдах гомдол гаргаж болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд зөрчсөн байна гэж үзжээ.
Хууль зүйн байнгын хороо хуралдав
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасан заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн шийдвэр гаргажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Р.Гончигдорж, Ж.Батзандан, Р.Бурмаа нар санлаа хэллээ. Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, авахгүй байх нь гол асуудал биш, хүний эрхийг дордуулсан асуудал байж болохгүй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэг байлаа.
Цаашид төрийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгох, аливаа асуудлыг хэлэлцэхэд бие биедээ хүндэтгэлтэй хандах, гишүүдэд хэлэлцэж буй асуудлаар зөв шийдвэр гаргахад нь тодорхой мэдээлэлтэй байхад Цэцийн гишүүн хуралд оролцон дүгнэлтээ тайлбарлаж болохгүй юм байхгүй гэлээ. Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн юм.