Гишүүнээр ажилласан жил гаруй хугацааны тайлан тавив
УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч С.Ганбаатар хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажилласан жил гаруй хугацааны тайлангаа тавив.
-Та УИХ-ын гишүүдээс бараг анх удаа жилийнхээ тайланг тавьж, нээлттэй мэдээлэл хийлээ. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэдэг хэн юм бэ дээ?
-Хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа УИХ-ын гишүүн хүн гурван үндсэн үүрэгтэй. Нэгдүгээрт сонгогч олон, ард иргэдийн төлөөлөл юм. Хоёрдугаарт Засгийн газар болон УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг нягтлан хянаж ард иргэдэд мэдээлэх, гуравдугаарт хууль тогтоох үндсэн үүрэгтэй ийм л хүн. Гурван гол ажлынхаа хүрээнд монголын ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд тайлангаа тавьлаа.
Ер нь аливаа эрх мэдэлд байгаа, шийдвэр гаргах түвшний бүх хүн жил жилд нь тайлангаа тавьж явах ёстой. Ард иргэдийн татвар, улсын төсвийн мөнгийг юунд, яаж зарцуулснаа нэгд нэгэнгүй тайлагнаж байхгүйгээр санхүүгийн шударга ёс тогтнох ямар ч үндэсгүй юм.
-Урьд нь өөр алба хашиж байхдаа иймэрхүү тайлан тавьж байсан уу. Урьд нь гэхээр хамгийн олон гишүүн, дэмжигчидтэй МҮЭ-ийн холбоог л хэлээд байгаа хэрэг л дээ?
-Таны асуултын цаад санааг ойлгож л байна. Гэхдээ би МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч байхдаа санхүүгийн болон, үйл ажиллагааны тайлангаа байнга тавьсаар ирсэн. “Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдагч байхдаа ч санхүү, үйл ажиллагаа, хандив тусламжийн тайланг цаг тухай бүрт нь тавьж байсан. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жилийнхээ тайланг тавьж байгаа минь энэ.
Хойшид ч жил болгон санхүүгийн болон бусад тайлангаа тавих болно. Надад сонгогч олон, ард түмнээсээ нуух зүйл өчүүхэн ч байхгүй. Нуух нууцгүй хүн гэдэг нэг бодлын маш их эрх чөлөөтэй, сэтгэл амар амьдардаг номтой. Миний жишгийг УИХ-ын бусад гишүүд ч дагах байх гэж бодож байна.
Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн санхүү, хөрөнгө орлогын тайлан ихээхэн дэлгэрэнгүй, шударга үнэн байх ёстой юм. Хууль тогтоогчид бид энэ асуудалд сонгогч түмнийг манлайлан сайны жишээ болж гэмээнэ нийгэм тэр хэрээр эрүүлших учиртай.
-Санхүү, үйл ажиллагааныхаа тайланг манай уншигчдад арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
-Болно оо болно. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Дархан-Уул аймагт 18 удаа очиж, иргэд сонгогчидтой уулзсан байна. Нийтдээ 71 хоног буюу 1704 цагийг иргэд сонгогчидтой уулзах уулзалтад зарцуулжээ. Энэ хооронд 11 мянган км зам туулж.
Сар бүрийн эхний долоо хоног, түүнчлэн амралтын өдрүүдээр Дархан-Уул аймагт ажиллаж энэ маань бүр хэвшил болон тогтжээ. Дархан-Уул аймагт ажилласан хугацаа маань УИХ-ын гишүүний нэг жилийн зардлын ихэнх хэсгийг эзэлж байна. Томилолтын зардлын тухайд дараа нь тусад нь тайлбарлая.
Улс орны хэмжээнд хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд шийдвэр гаргах түвшний хүмүүсд сонгогчдоо төлөөлөн 335 албан бичиг явуулсан байна. Үүнээс хууль тогтоолын төсөлтэй холбоотой санал 36 удаа, Засгийн газар болон яамдуудад Оюу толгойн асуудлаар 24 удаа ханджээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө гудамжинд жагсаж тэмцэж явахдаа ч Оюу толгойн талаар хатуу зарчим баримталж байсан.
Өнөөдөр ч тэр бодлоосоо ухраагүй. Ухрах ч үгүй. Учир нь монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх тэр их баялгаа бид гадныханд зүгээр шахуу тавиад туучихаж хэрхэвч болохгүй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад 15 удаа бичгээр асуулга хүргүүлсэн. Чуулганы хуралдааны танхимд бол зарим нэг хүний уур дургүй, зэвүүцлийг чинээнд нь тултал асууж, шалгаасан даа. УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр 24 асуулт асуусан байна.
-УИХ-ын гишүүдийн дунд онигоо гэмээр ийм нэг хэлц яриа байдаг л даа. “За хө найз нь зав л гарвал гадаадад томилолтоор ажиллаж, завсар чөлөөгөөр нь гишүүнийхээ үүргийг гүйцэтгээд гүйж явна” гэж. Та ер нь ингэхэд гадаадад аль хэр их зугаалсан байна вэ?
-Хэ хэ. Манай сэтгүүлчид заримдаа мөн ч айхтар явуулдаг улс шүү. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд гадаадад зургаан удаа томилолтоор ажилласан байна. Үндсэндээ Эрүүл мэндийн даатгал, уул уурхайн баялгийн сангийн туршлага судлах, мөн МҮЭ-ийн томилолтоор гадаадад ажилласан байна лээ.
МҮЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаа өгөөгүй байхдаа явсан энэ томилолт бол УИХ-ын гишүүний ажилтай холбоогүй ч гэсэн би үлдээлгүй тайландаа оруулсан. Сэтгүүлчид та бүхэнд зориулан хэвлэлийн бага хурал 17 удаа зарлан хийлгэсэн байна.
Өнөөдрийнх ороод 18 гэсэн үг л дээ. Энэ үзүүлэлтээрээ бол УИХ-ын гишүүд дотроо толгой цохих байх шүү. Сонин, сэтгүүл, сайтад ярилцлага, тодруулга 160 удаа өгсөн нь нийтдээ 32 цаг, 1920 минут болсон байна. Бүх л телевизийн эфирт 150 гаруй удаа ярилцлага өгсөн нь 7380 минут буюу 122 цаг болж байгаа юм байна.
Үндсэндээ би бүхэл бүтэн таван өдөр телевизийн дэлгэцийн өмнө ярилцлага өгөөд сууж байсан байна. УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн гэдэг аливаа гаргасан хууль тогтоомжоо хамгийн сайн тайлбарлан таниулагч, сурталчлагч байх ёстой юм. Тэгэхээр би таван хоног яг л энэ ажлаа хийжээ гэсэн үг.
-УИХ-ын гишүүдэд сонгогчдоос нь маш олон төрлийн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирдэг нь тодорхой. Таны урьд нь хийж байсан ажилтай холбоотойгоор ч юм уу, хувь хүнийх нь шинж чанартай холбогдон өнгөрсөн жилийн хугацаанд багагүй тооны өргөдөл, санал хүсэлт ирсэн байх. Эдгээрийн зарим нэгээс нь танилцуулахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр Дархан улаанбаатар хоёрын хооронд тээврийн ямар ч асуудалгүй ч хүн болгон өргөдөл, гомдлоо өөрийн биеэр бариад шогшоод байж чадахгүй. Боломж бололцоо нь ч хүрэхгүй. Надад ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг үндсэнд нь дөрвөн хэсэгт хувааж болно.
Нэгдүгээрт ажилд оруулж өгөхийг хүссэн, түүнтэй холбоотой хөдөлмөрийн маргааны талаарх өргөдөл, гомдол нь миний хаягаар ирсэн бичиг баримтын 45 хувийг эзэлсэн байна. Хоёрдугаарт санхүү, мөнгө, гэр орон хүссэн өргөдөл 30 хувийг нь эзэлж.
Гуравдугаарт хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт 15 хувь, дөрөвдүгээрт сонгогчдын санал хүсэлт, урам магтаал хайрласан бичиг баримт 10 хувийг нь эзэлсэн байна. Яг МҮЭ-ийн холбооны удирдагч гэсэн байр сууринаас надад маш олон өргөдөл, гомдол, санал хүсэлт ирдэг.
-Санхүү, хөрөнгө, мөнгөтэй холбоотой тайлангаа дахиад танилцуулж болох уу?
-Асуудал байхгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 21 сая, 103 мянга, 102 төгрөгийг зарцуулжээ. Үүнээс унааны зардалд долоон сая, 497 мянга төгрөгийг Засгийн газрын авто баазын дансанд шилжүүлсэн байна. Бензиний зардалд 13 сая, 311 мянган төгрөг төлжээ. Хэвлэл, бичиг хэрэгт 292 мянган төгрөг зарцуулсан дүн гарсан байна.
-УИХ-ын гишүүний хөрөнгө оруулгын мэдүүлгээ цаг хугацаанд нь гаргаж өгсөн үү. Зарим гишүүн хөрөнгө оруулгын мэдүүлгээ худлаа гаргах тэр ч байтугай гадаадад байршуулсан нууц данс нь илэрч багагүй хэл аманд орооцолдож байсан л даа?
-Төрийн өндөр эрх мэдэлтэй алба хашиж яваа хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлгээ цаг хугацаанд нь, үнэн зөвөөр гаргаж өгөх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ л биелүүлж байгаа хэрэг. Би энэ талаарх бүх тайлангаа АТГ болон бусад газарт цаг хугацаанд нь гаргаж өгсөн. Харин энэ тайланд манай туслахууд үхэр, ямааны тоог солиод биччихсэн байна лээ.
Энэнээс болоод хэрэгт орох юм уу үгүй юу мэдэхгүй байна. Сонирхуулах үүднээс хэлэхэд надад есөн сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван ширхэг адуу бий. Бас 12 гаруй сай төгрөгөөр үнэлэгдэх үхэр, гурван сая таван зуу гаруй мянган төгрөгөөр үнэлэгдсэн ямаа бий дээ. Эдгээр мал маань Архангайн Чулуут суманд байгаа.
-Та УИХ-ын гишүүний хувьд хэдэн туслах, зөвлөхтэй ажиллаж байна. Тэдгээрийн цалинд багагүй мөнгө зарцуулж байна уу?
-Хууль тогтоох дээд байгууллагын гишүүдэд зайлшгүй бичиг хэрэг, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх шадар туслах, зөвлөх байх ёстой юм. Миний багт найман хүн ажиллаж байгаа. Нэг зөвлөх, долоон туслах мэргэжилтэн ажиллаж байна.
-Таны сарын цалин хэд вэ. Амьдралд тань хүрэлцэж байна уу?
-Хүрэлгүй яах вэ. Онцгой нөхцлийн 30 хувь нэмэгдээд сардаа нэг сая 648 мянган төгрөгийн цалин авдаг.
-Хөрөнгө орлогын мэдүүлгээс тань үзвэл өөрийн тань нэр дээр авто машин байхгүй байна. Та ажилдаа юугаар ирдэг хэрэг вэ?
-Миний эхнэрийн нэр дээр 17 саяар үнэлэгдсэн нэг “TOYOTA RAV- 4” маркийн машин бий. Надад машин байхгүй ээ. Би та нарын л адил автобусаар ажилдаа явж, оройд ч автобусанд суугаад л харьчихдаг.
-УИХ-ын гишүүд давхар алба хаших эрхгүй хуулийн дагуу та МҮЭ-ийн Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн ҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ҮХЦ-ээр шийдвэр гаргуулан ажилтайгаа үлдлээ. Адилхан УИХ-ын гишүүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?
-Чин үнэнийг хэлэхэд би С.Дэмбэрэл гишүүнд хоёр гараа өргөн баяр хүргэж байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн хувьд ҮХАҮТ-ыг С.Дэмбэрэл гишүүн шиг бахархалтай аваад явчих туршлагатай, ухаалаг удирдагч байхгүй. С.Дэмбэрэл гишүүнд баяр хүргэхээс ч өөр аргагүй. Харин миний хувьд авч чаддаг бол, өгч чаддаг байх хэрэгтэй гэдэг зарчмыг л баримталсан. Тэгээд л тэр шийдвэрийг хүндэтгэн үзсэн хэрэг.