Ж.Энхбаяр: Засгийн газар маш муу ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.17

Ж.Энхбаяр: Засгийн газар маш муу ажиллалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулт өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Шинэчлэлийн Засгийн газарт муу дүн тавьж байна гэв. Тэрээр “УИХ, Засгийн газрын нэг жилийн гэрийн даалгаврыг шалгаж байна, энгийн логикоор яривал Засгийн газар чардайгаад байгаа хэрнээ ажлын үзүүлэлт маш муу гарлаа. Энэ бол зохион байгуулах чадваргүй байна гэсэн үг.

Төсөв нь 7.1 их наяд, дээр нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-той, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хийгээд бусад зүйлийн хүрээнд гурван их наяд төгрөг зах зээлд нийлүүлэгдсэн, Хөгжлийн банкны 650 сая ам.доллар гээд тооцвол дахиад улсын төсөвтэй дүйх хэмжээний хөрөнгөтэй байж Засгийн газар маш муу ажиллалаа.

Дахиад улсын төсөвтэй дүйх хэмжээний хөрөнгөтэй байж Засгийн газар маш муу ажиллалаа.

Ердөө жил хагасын дотор Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ. Монгол мөнгө нь хамгийн их суларч дайн дажинтай байгаа Сиритэй адилтгагдаж байна. Инфляцийг нэг оронтой тоонд барих байхгүй, хоёр оронтой тоонд шилжсэн. Хятадаас болж нүүрсний нийлүүлэлт зогслоо гэж олон дахин ярьсан.

Энэ бүхэн чинь эцсийн дүндээ төлөвлөлтийн томоохон алдаа хийсэн, салбарын уялдаа байхгүйг харуулж байгаа хэрэг. Хавар Ерөнхий сайд таныг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байхад та “Намар биднийг хараарай, жаргуулаад өгнө” гэсэн, хаа байна.  Үнийн өсөлтөөс болж хүн бүрийн амьдрал муудаж байна.

Бензиний бөөний үнэ нь өсчихлөө, гэтэл энэ бөөний үнээр чинь тариа, ногоогоо хурааж хадлан тэжээлээ бэлтгэж байна. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн үрээр Монголбанкны алдагдал 302 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ эрсдэл биш үү” хэмээн Засгийн газрын сайд нарт хандан асуудал тавьсан юм.