Ц.Даваасүрэн: Улс төрийн намууд төрийн дээр гараад байна
Яагаад УИХ Засгийн газрын албан тушаалтнууддаа төсвийн сахилга бат алдсаных нь төлөө дуудаж хариуцлага, хяналт ярьдаг тогтолцоо алга болчихвоо гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд тавилаа.
-Өнөөдөр төрөөсөө давсан улс төрийн тогтолцоотой болсон. Өөрөөр хэлбэл, байнгын хороод нь биш намын бүлэг гол зүйлээ шийддэг. Бүлгүүд шийдэж, зөвшилцсөн бол бүх зүйлүүд явдаг болсон. Тухайлбал, хариуцлага тооцохоор хэн нэгэн сайдын асуудлыг оруулж ирэхэд бүлгүүд хамгаална.
Их хурлын гишүүд нь Засгийн газрын гишүүн болчихсон нь эргээд хариуцлага хяналт тооцох механизмыг байхгүй болгосон. Үүний үр дагавар олон талаар ажиглагдаж байна. Хуучин биднийг дуудахад сайд, ТНБД нар ирдэг байсан бол одоо газрын дарга нь ч ирэхээ больсон.
Мөнгөнд автсан, мөнгө шүтсэн намын удирдлага ажиллаж байсан нь сонгуульд ялагдах нэг хүчин зүйл болсон.
Их хурлынхаа чадавхийг сулруулж, жилээс жилд муутгаад байна. Энэ хандлагыг өөрчилж чадахгүй бол төрийн хариуцлага хяналтын тогтолцоо хэзээ ч сайжрахгүй. Хөндлөнгөөс ажиглахад тухайн үеийн намын удирдлага нэг хэсэг мөнгөнд эвдэрсэн байсан юм болов уу гэж бодож байна.
Олон дэд сайд гарч ирсэн. Түүнийг нь ард түмэн хүлээн зөвшөөрөөгүйгээс нам сонгуульд ялагдахад нөлөөлсөн. Сонгуулийн өмнөхөн баахан мөнгөтэй дэд сайдуудыг гаргаж ирээд өнөөдөр нэг нь хүн рүү мэс бариад явж байна.
Энэ бүх байдал мөнгөн дээр түшиглэсэн нийгэм, улс төрийн орчин, амьдралыг бий болговол ийм байдал руу явахыг харуулж байгаа. Хэт мөнгөнд автсан, мөнгө шүтсэн намын удирдлага ажиллаж байсан нь сонгуульд ялагдах бас нэг хүчин зүйл болсон гэж харж байна гэлээ.