“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг Хөшигийн хөндийд хийлээ.
2013.10.22

Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн 06 дугаар сарын 12-нд эхлүүлж Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож байсан. Бүтээн байгуулалтын ажил эхлээд дөрвөн сар болж байгаа бөгөөд ­Ерөнхий сайд даваа гариг бүрт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг Хөшигийн хөндийд хийлээ. 

Энэ дөрвөн сарын хугацаанд барилга барих 2,8 сая ам.метр талбайд хөрс хуулалт хийсэн бөгөөд энэ жилийн төлөвлөсөн ажлын 94 хувийг гүйцэтгээд байгааг Олон улсын нисэх буудал байгуулах төслийн захирал Н.Энхбат танилцууллаа. Бусад ажлын гүйцэтгэл 110 хувьтай, ирэх жилийнхээ төлөвлөгөөт ажлыг хийж эхлээд байгааг тэрбээр хэлж байв.

Өнөөдрийн байдлаар онгоц хөөрч буух зурвасын далангийн газар шорооны ажлыг гүйцэтгэж, ирэх жил бетон хучилт хийх бэлтгэл болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагийн барилгын ажил хийгдэж байна.

Эдгээр ажилтай Ерөнхий сайд танилцаад “Бодит ажил эхлээд 4 сар болж буй ч ажлын явц сайн байна. Энэ эрчээрээ үргэлжлүүлбэл Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломж байна” гэж хэллээ. 

Өнөөдрийн байдлаар ирэх жил бетон хучилт хийх бэлтгэл болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагийн барилгын ажил хийгдэж байна.

Төслийн ажлыг Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны нийт 80 гаруй инженер, техникийн ажилтнуудын нэгтгэсэн удирдлага дор 700 орчим ажилчид хийж гүйцэтгэж байна. 180 гаруй машин техник ажиллаж байна.

Төслийн барилгын ажлыг гүйцэтгэхэд 49,5 тэрбум Япон иен зарцуулах бөгөөд төслийг Япон улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Энэ нь 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жилдээ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл юм.

Бүтээн байгуулалт ид өрнөж буй Хөшигийн хөндий дэх ажилтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори болон албаны хүмүүс танилцлаа.