Г.Тунгалагтуул: Сайн дурын үйл ажиллагаа нь орон нутгийг хөгжүүлэх арга зам мөн
Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Тунгалагтуул
2013.10.30

Г.Тунгалагтуул: Сайн дурын үйл ажиллагаа нь орон нутгийг хөгжүүлэх арга зам мөн

Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Тунгалагтуултай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Орон нутгийн хөгжлийн үндэс нь юу вэ. Хүний хөгжил хамгийн чухал гэдэгтэй санал нийлэх үү. Манай орны нөхцөлд ямар хөгжлийн загвар нь тохиромжтой вэ?

Орон нутгийг хөгжүүлэхэд засгийн газраас дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах, иргэдийн амьжиргааны байдлыг дээшлүүлэх гэж үзэн үүний дагуу стратеги боловсруулан ажиллаж байгаа. Үүн дээр нэмэгдээд  орон нутгийн хөгжлийн төлөөх иргэдийн оролцоо, хүний хөгжил маш чухал. Хүний хөгжил чухал гэдэгтэй санал нийлнэ, хүний хөгжил бол хүн бүр өөрийн амьдралдаа сонголт хийх бүрэн боломжийг өргөжүүлж буй хэрэг. Түүнчлэн хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгож, бий болгосон чадвараа өөрийн амьдралдаа үр ашигтай хэрэглэх боломж бүрдэнэ.

-Одоогийн хөгжлийн бодлого нь юун дээр алдаад байна гэж та боддог вэ. Алхам тутам асуудал гардаг. Системийн гажуудал байгаа юу?

Нийслэл хот маань төлөвлөлт муутай дээрээ хэт төвлөрөл ихтэй байгаа нь олон асуудлыг бий болгож байна. Энэ төвлөрлийг сааруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудаа сайжруулах, орон нутаг дахь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт гарч буй ахиц дэвшил, гэрэл гэгээтэй мэдээллийг олон нийтэд түгээж байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж буй сайн дурын болон, ТББ-уудыг дэмжин төр өөрийн ачааллаа багасгах гэх зэргээр анхаарч болно.

Нийслэл Улаанбаатар хотод гарч буй ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдээллийг хаанаас ч мэдэх боломжтой байдагтай адилаар хотын залуус орон нутгийнхаа талаар шинэ мэдээ мэдээллийг авч чаддаг байвал энэ нь төвлөрлийг сааруулахад бага ч болов нэмэр болно. 

-Төр засгийг тахин шүтдэг цаг үе өнгөрч байгаа ч төр засаг өөрийгөө улам томруулсаар зарим үед биднийг хөгжлийг тахир дутуу байдалд хүргэж байна. Халамжийн бодлого саарахгүй байгааг та юу гэж боддог вэ?

Сүүлийн жилүүдэд энэ байдал харьцангуй сайнаар шийдэгдэж байна гэж бодож байна. Иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйлчилгээнд санал бодлоо илэрхийлэх,  үнэлэх, хамтран ажиллах зэргээр оролцох олон боломжууд өнөөдөр бодит ажлууд болон  хийгдэж байна.  Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй л дээ, хүнд суртал хаалттай байдал бас байсаар л байна.

Уг нь халамж, халамжилна гэдэг сайхан үг, сайн зүйл. Тухайн нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг л зүйл. Хамгийн гол нь нарийн судалгаа,

85-р сургуульд хашаа барих төсөл. “Дэлхийн Энхийг бүтээгчид” төсөлд Солонгосын Хосео их сургуулийн 24 оюутан, 2 багш болон Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын ажилтан, сайн дурынхан  ажилласан юм.

шүүлтүүртэй, шаталсан хэтийн зорилготой, ниймийн тодорхой бүлэгт, тодорхой хугацаанд зориулсан сайн бодлого байх хэрэгтэй. Сайн бодлого байхгүй бол эргээд олон асуудлууд урган гарч ирэх аюултай. Хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй цаг хугацаанд нь зөв бодлогоор хүргэж байна уу гэдэг нь л чухал.

Зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн болохын тулд, амлалтаа биелүүлсэн болохын тулд хавтгайруулсан халамж олгож буй нь  асуудал болоод байна. Хавтгайрсан халамжийн асуудал байгаа хирнээ, үнэхээр  халамж шаардлагатай иргэнд халамж хүрэхгүй байгаа тохиолдол ч байдаг.

-Сайн дурынхны үйл ажиллагааг идэвхжүүлж дэмжих нь орон нутаг, иргэдийн хөгжилд яг ямар нөлөө, ач холбогдолтой вэ?

Сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор бусдыг ойлгох, хайрлах, амьдралын зорилтуудаа тодотгох, нийгмээ мэдрэх, нийгэмдээ хэрхэн хувь хэмэр оруулах боломжуудаа олж харах гээд олон бодит чадваруудыг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийгөө төлөвшүүлэхээс гадна жижиг жижиг төслүүдийг зохион байгуулаад явж байх явцдаа ямарваа нэгэн асуудлыг шийдэх арга замуудыг мэддэг. Нийгэмд ямарч асуудал тулгарч байсан тэр хүн асуудлыг ингэж шийдэж болдог шүү дээ гэж харах хараа нь нээгддэг.

Нийгэмд улс төрийн аргаар шийдэж чаддаггүй маш олон асуудлууд байдаг, мөнгө өгөөд ч эдийн засгийн аргаар шийдэж чаддаггүй олон асуудлууд байдаг. Тийм асуудлуудыг нийгмийн интерпренер буюу сайн дурын үйл ажиллагаанд оролцоод, төсөл хөтөлбөрүүд зохион байгуулаад сурчихсан тухайн асуудлыг яаж шийдэж болдог вэ гэдгийг амьдралаараа, туршлагаараа мэдэрчихсэн, өөрийнхөө хөлс хөдөлмөрийг урсгаад тэндээсээ үр шимийг нь хүртээд сурчихсан тэр хүмүүс л шийдэж чаддаг.

Сайн дурынхныг тийм хүмүүс болгон хөгжүүлэх ёстой. Тийм хүмүүсийг нийгмийн интэрпренер гэдэг. Нийгмийн интерпренерүүд тухайн нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг олж хараад, тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар өнцгөөс нь, аль талаас нь шийдвэрлэвэл зохистой вэ гэдэг хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод, ямар арга замаар хийх вэ гэдгээ олж мэдээд томъёолоод, түүнд хэрэгтэй хөрөнгө мөнгийг өөрсдөө босгоод асуудлыг эцэст нь шийдэж чаддаг. Хүмүүсийн  хэрэгцээ шаардлага, зовлон жаргалыг ойлгоод сурсан тэр хүмүүс ямар ч ажил мэргэжлийн сэтгэлээ зориулан сайн хийж, үр дүн гаргаж чадна. Ийм хүмүүс олон байх тусмаа тухайн орон нутгийн хөгжилд төдий чинээгээр нөлөөлнө. Тэгэхээр сайн дурын үйл ажиллагаа бол орон нутгийг хөгжлүүлэх арга зам мөн.

- Хүний хөгжил нь хамгийн дээд хөгжил мөн үү. Манай улс хүний хөгжлөөр яг аль шатанд явна вэ?

Тийм, гэхдээ үүнийг зөвхөн 3 хэмжүүр ойлголтоор хязгаарлаж болохгүй.  Манай улс 2013 оны байдлаар  108 дугаар байрт орсоноор дээрх шалгууруудаар дундаж гэсэн зэрэглэлд  багтсан.

-Энэ жилээс эхлээд сум хөгжүүлэх сан орон нутагт бие дааж хөгжих боломжийг бага ч атугай олгож байгаа. Үүнд хэрхэн оролцох ёстой вэ?

Өсөж төрсөн нутагтаа  сайхан амьдрах хүсэл мөрөөдөл хүн бүрт байдаг. Орон нутгийн хөгжлийн зогсонги байдлыг  халах , иргэдийн оролцоог хангаагүй тогтолцоог өөрчлөх ажлууд эхэлж байна. Иргэд орон нутгийнхаа хөгжлийн гарцыг  өөрсдөө тодорхойлж, оролцож эхэлж байгаа нь сайхан хэрэг.  Энэ ажлыг үр дүнтэй, хурдацтай болгохын тулд иргэдийг шаардлатай мэдлэг мэдээллээр хангах, тухайн орон нутгийн сайн дурын байгууллага, ТББ-уудыг чадавхижуулах нь зүйтэй.