Л.Болд: Бидний төсөлд мажориторын давуу тал туссан
Гишүүн Л.Болдын гэсэн тодотголтой 12 гишүүний санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан төслөөс Монгол Улс 8-10 тойрог болох, нам, нэр дэвшигчийг давхар дугуйлах гэсэн ерөнхий зарчмаараа ялгарах уг төслийг Байнгын хорооны 15 гишүүний 13 нь чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин чуулганаар хоёр төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэний дараа ажлын хэсэг гарч нэгтгэх бололтой. Ерөнхийдөө сонгуулийн сонгодог пропорциональ хувилбар руу дөхөж очсон гэсэн танилцуулгатай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Байнгын хорооны гишүүдийн тавьсан асуултад төсөл санаачлагч Л.Болд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
Э.Бат-Үүл:
-Сонгуулийн тойрогт хуваах ажлыг нэг асуудалтай уялдуулж болох уу. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан.Үүнтэйгээ холбоод бүс бүрийг нэг тойрог болгох боломжтой юу?
Л.Болд:
-Бид сонгуулийн газар зүй гэсэн ойлголтыг оруулж ирсэн. Арван жилд нэг удаа болдог хүн амын тооллогын дараа тойрогтоо өөрчлөлт хийх бололцоотой. Мэдээж УИХ тойргоо батална. Гэхдээ 2012 оны сонгуулиар бүсчилж болохгүй. Харин цаашид энэ чиглэл рүү явж болох юм.
Су.Батболд:
-Төсөлд намууд талархагч иргэн нэр дэвшүүлж болно гэжээ. Юу гэсэн уг вэ. Түүнчлэн сонгуулийн тойргийг хуваахдаа хүн амын тоог голлон анхаарах нь. Гэтэл олон улсын байгууллагын зөвлөхүүд хүн амын тоогоор хувааж болохгүй гэж хэлдэг. Угаасаа Монголд тохирохгүй гэдэг нь ч тодорхой байгаа. Үндэсний цөөнх, алслагдсан газар байгаа иргэдээ яах вэ. Өнөөдөр шиг хотжилт их явж байгаа нөхцөлд хүн амаар хуваахад говийн зургаан аймаг нэг тойрог болохоор байна. Гэтэл хүн ам олонтой аймгууд хоёр, гурваараа нэг тойрог болохоор байна шүү дээ?
Л.Болд:
-Эхний асуултын тухайд заавал намын батлахтай бол нэр дэвшүүлдэг. Үүнийг л халах зорилготой. Ардчилсан зарчмаараа явж байна. Тойргийн хувьд УИХ бодлогоо тодорхойлно. Ингэхдээ аль ч хувилбараар явж болно шүү дээ. Бүсчлээд гэхээр хүн амын тоо зөрүүтэй болчих гээд байгаа юм.
Су.Батболд:
-Тэгэхээр хүн амын тоо хамгийн чухал юм байна. Гэтэл Улаанбаатараас УИХ-ын 38 гишүүн сонгогдвол яах вэ. Энэ төсөл өнгөрсөн 2008 оны сонгуультай л адилхан зүйл болох нь. Ялгаа нь нам дугуйлах бололтой.
Л.Болд:
-Гишүүдийн балансаа УИХ өөрсдөө тогтооно шүү дээ. Улаанбаатарт мандатын 50 хувь ногдох уу, сонгууль болго-ны өмнө тойргоо хуваах уу гээд асуудлыг шийдэх эрх нь УИХ-д бий. 2008 оны сонгуульд будлиантай зүйл олон байсан. Үүнийг энэ хуулиар засаж байна. Гол нь сонгодог пропорциональ руу явж байгаа төсөл. Өмнө нь жимс түүж байгаа юм шиг хүн дугуйлдаг байсан шүү дээ. Одоо бол намыг нь бас дугуйлна. Тоолоход ч амар.
Д.Энхбат:
-Тойргийг хоёроос гурван аймгийг нийлүүлж байгуулахаар хүн ам олонтой аймгийн нэр дэвшигч УИХ-д сонгогдох магадлал өндөр. Чирээд явна шүү дээ. Бас Баян-Өлгий аймгийг яах вэ. Тусад нь тойрог болгох уу. Тэгвэл үлдсэн 20 аймаг адилхан л зүтгэнэ шүү дээ.
Л.Болд:
-Бид 8-10 тойрог байхаар төсөлд тусгасан. Аймаг болгоныг тойрог болгох нь УИХ-ын эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх асуудал шүү дээ.
Д.Энхбат:
-УИХ-д сонгуулийн тухай хоёр төсөл ороод ирлээ. Эхнийх нь УИХ-ын ажлын хэсгээс өргөн барьсан. Гэтэл намын бүлгүүд яагаад үндсэн хувилбараа дэмжихгүй дахин өөр төсөл оруулж ирээд байгаа юм бэ. Намын бүлгүүд яг аль төслийг нь дэмжиж байгаа вэ. Бүлгийн удирдлага хариулт өгөөч.
Ч.Сайханбилэг:
-Ажлын хэсэг Монгол Улсыг нэг тойрог болгох хувилбар санал болгосон. Харин Л.Болдын төсөлд хэд хэдэн тойргоор хуваахаар байгаа. Ер нь сонгуулийн хуулийг хэдэн ч янзаар хэлэлцэж болно шүү дээ. Эцэст нь нэгтгээд сайн хууль гаргах л хэрэгтэй.
Д.Дондог:
-МАХН-ын бүлэг ч ялгаагүй тэгж үзсэн.
Д.Очирбат:
-Хоёр төсөл бараг адилхан юм биш үү. Ганц, хоёрхон зүйлээр л ялгаатай байна. Ер нь УИХ-ын гишүүдийг сонгогчидтой эргэх холбоо үүсгэх мажориторын давуу талууд төсөлд туссан уу?
Л.Болд:
-Ажлын хэсгийнхэн манайхаас зөвшөөрөл авч төсөлдөө зарим заалтыг оруулсан. Ингээд хоёр төслийн 43 хувь нь ижилхэн байгаа. Гол ялгаа нь тойрог нэг байх уу, хэд хэд байх уу, зөвхөн нэр дэвшигч дугуйлахаас гадна нам дугуйлах, нөхөн сонгууль явуулах, явуулахгүй гэсэн зарчмын ялгаатай. Нэг зүйл тодотгож хэлэхэд, манай төсөл сонгуулийн 8-10 тойрогт хуваагдаж байгаа болохоор мажориторын сонгогчидтойгоо эргэх холбоотой байх давуу тал хадгалагдаж байгаа. Улс нэг тойрог гэхээр УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн төвшинд оччих гээд байгаа шүү дээ.
З.Энхболд:
-2008 оны сонгуулийн дутагдалтай тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдсөн. Энэ төслөөр үүнийг хааж чадсан уу?
Л.Болд:
-Намын мөрийн хөтөлбөрөөс өөр амлалт өгөх, мөнгө тараах ч гэдэг юм уу маш олон зүйлийг хориглож, бас хүлээлгэх хариуцлагыг нь тодорхой болгосон. Нам, нэр дэвшигч хоёрыг дугуйлж байгаа. Хэрэв нам нь бага санал авбал тухайн нэр дэвшигч хэчнээн олон саналтай ч сонгогдохгүй. Тэгэхээр намын гишүүд баг болж, нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллах болно.