Улсын хэмжээнд архины хордлого нэгдүгээрт явж байгаа
Чуулганы баасан гаригийн /2013.11.22/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Асуулгын хариуг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Нийт хордлогын 55 хувь нь эмийн, найм орчим хувь нь архинаас хордсон хордлогын талаар ярьж байгаа. Сүүлийн жилүүдэд эмэнд, архинд хордогсдын тоо буурсан уу. Мөн өвдөхөөс урьдчилан сэргийлэх, хордохоос, архинд донтохоос хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ.
Хордлого тайлах ажиллагааны үр дүн байна уу? Сая Ж.Батзандан гишүүний асуулгад дийлэнх бараг 70 орчим хувь нь эмнээс, архинаас хордсон иргэдийнасуудлыг хөндлөө. Бусад нь химийн бодис бусад байдлаар гэж байгаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
Улсын хэмжээнд архины хордлого нэгдүгээрт явж байгаа. Залуучуудын дунд донтохоос нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг явуулбал цаашид олон донтолттой хүн үүсэхээс сэргийлдэг.
Таван аймгийн 200 гаруй залуусыг архинд донтох өвчнөөс гаргасан.
Манайд хордлого тайлах, донтолтыг багасгах, эрүүлжүүлэх эмчилгээг бүх дүүргийн эмнэлгүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын наркологийн төв, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн бүтэцтэйгээр хийж байгаа.
Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт авсан ТББ-ууд вакум сургалт явуулж, энэ жил гэхэд хөдөө орон нутгийн таван аймгийн 200 гаруй залуусыг сэтгэл заслын болоод сэтгэлийн дэм эмчилгээгээр архинд донтох өвчнөөс гаргасан. Тодорхой үр дүн гарч байгаа.