МАН-ын удирдлагууд завханчуудтай уулзав
МАН-ын 27 дугаар их хурлын шийдвэрийг сурталчлах аяны хүрээнд тус намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна. 27 дугаар их хурлын шийдвэрийг сурталчлах ажлын хэсэг баруун таван аймагт энэ өдрүүдэд ажиллах юм.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан болон МАН-ын намын байгуулалт стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг Завхан аймагт хүрэлцэн ирэнгүүтээ төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийхэнтэй уулзсан юм. Уулзалтын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН Их хурал эв нэгдэл шинэчлэлийн уриан дор болж өнгөрсөн. Өнөөдөр энэ дагуу улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, 2014 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна.
УИХ болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээсэн. Үүний дараагаас нам дотор шинэчлэлийн давалгаа өрнөсөн. Энэ ч утгаараа 27 дугаар их хурал шинэчлэлийн их хурал болсон. Гурван чухал асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээндээ орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна” хэмээсэн юм.
Энэ жилийн хувьд аймгийн төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээг 60 орчим тэрбум төгрөгөөр батлууллаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2013 оны төсөв батлагдахад Завхан аймагт суусан олон хөрөнгө оруулалт батлагдаагүй. Харин 2014 оны төсөвт МАН бодлоготойгоор ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Энэ жилийн хувьд аймгийн төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээг 60 орчим тэрбум төгрөгөөр батлууллаа.
Харамсалтай нь энэ онд суусан байсан хөрөнгө оруулалт 70 хувиар тасарсан. Завхан аймгаас улсын төсөвт суусан зарим барилгуудыг аудитын шалгалтаар оруулахаар болсон. Тиймээс ирэх жилийн төсөвт тэг үнэлгээтэй суусан байгаа. Ер нь АН хуулийн засаглал бий болгохоор ярьж байгаа ч ардчиллын үнэт зүйлээс ухарч байна.
Тухайлбал, АН-ын гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг бол МАН-ын гишүүд нэг л байнгын хороонд харьяалагдаж байна” гэдгийг хэлж байлаа.
Дээрх ажлын хэсэг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан юм. Үүнээс гадна иргэдийн саналыг сонслоо.
Иргэдийн хувьд гол шүүмжилж байсан зүйл нь аймгийн Засаг дарга МАН-ын хүн болохоор дарамт шахалт их байна гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Улиастай хотод ажилласан баг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллана.