Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва
2013.11.21

Шадар сайд аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө

Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва аймгуудын Засаг дарга нартай холбогдон аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар видео хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр орон нутгийн удирдлагын  зүгээс тавьсан санал, хүсэлтийг сонсч, тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм. Аймгийн Засаг дарга нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн үед эм, эмчилгээний хэрэгсэл, хүн, эмнэлгийн автомашин, өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизм, туулах чадвар сайтай автомашин дутагдалтай байгаа, эрчим хүчний салбарт үүссэн өр, авлага зэрэг нийтлэг асуудлуудыг хөндөн ярилаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвс тэжээлийг нөхөн бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын байгууллагаас 5 сараас эхлэн хэрэгжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврыг хэрэгжүүлэхээр ажилласан байна.  Өвс тэжээлийн бүрдүүлэлтийг 21 аймгийн улсын нөөцийн 34 салбарт байршуулах ажил 95 хувьтай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, танилцууллаа.

Архангай аймаг хадлан, тэжээл муу бэлтгэсэн гэв

Архангай аймгийн хувьд 11 суманд энэ зун үлийн цагаан огтоно нүүрлэсэн тул хадлан тэжээлээ тааруухан бэлтгэжээ.

Архангай аймгийн хувьд 11 суманд энэ зун үлийн цагаан огтоно нүүрлэсэн тул хадлан тэжээлээ тааруухан бэлтгэжээ. Харин Завхан аймгийн Засаг дарга Түдэвтэй суманд улсын нөөцийн салбар байгуулах, хүн эмнэлгийг авмомашин техникээр хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан бол Ховд аймгийн хувьд ойрын үед дэд станцын өргөтгөлийг хийх шаардлагатай байна гэлээ.

Мөн баруун аймгуудын хувьд уул, даваа ихтэй тул туулц сайтай автомашин техникийн асуудлыг шийдүүлэх саналуудыг хэлэв. Увс аймгийн хувьд ОХУ-аас эрчим хүчээ авдаг бөгөөд нэг тэрбум гаруй төгрөгийн өрийн асуудлыг барагдуулахгүй бол ирэх сар гэхэд цахилгаан, эрчим хүчээр тасалдах нөхцөл үүсээд байгаа аж.

Энэ өвөл зам даваа  нээж онгойлгоход Засгийн газраас 421,6 сая зарцуулна

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр  2013 оны 12 дугаар сар, 2014 оны 1 дүгээр сард хүйтний эрч нилээд чангарч, олон жилийн дундажтай харьцуулахад 1-2 хэмээр хүйтэн, цас ихтэй байх төлөв гарчээ. Энэ жил улсын болон орон нутгийн чанартай авто замыг нээх, онгойлгох зардалд Засгийн газраас 421,6 сая төгрөгийг төгрөгийг гаргаж, аймгуудад хуваарилаад байгаа аж. Мөн энэ ажилд 44 шуурхай ажлын хэсэг ажиллах юм байна.

Малаа биш хүнээ бодохыг анхаарууллаа

Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймгуудын зарим сумдын хүн эмнэлэгт түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх автомашин байхгүй байгааг энэ үеэр удирдлагууд хэлсэн юм. Тиймээс яамны хэмжээнд аймаг тус бүрээр нь хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлагатай автомашины судалгааг бодитой гаргаж Улсын онцгой комисст танилцуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгалаа.

Мөн аймаг, нийслэл, сум дүүргийн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө өвс, тэжээлийг шаардлагатай байршил, цэгүүдэд татан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж дуусгах, 2014 оны орон нутгийн төсөвтөө гамшгаас хамгаалах нөөц хөрөнгийг тусган эхний шатанд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах үүргийг өгөв.