Н.Алагаа: Алтны тухай хууль Оюутолгойд хамаарахгүй
Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар хүмүүс янз бүрийн саналтай байна. Иймд эхний асуултаа энэ хууль гарах болсон шалтгаан, нөхцөл байдлаас эхэлмээр байна?
-Манай улс өмнө нь нэг унци нь 500 ам.доллараас илүү үнээр борлогдсон алтны орлогоос 68 хувийн албан татвар авахаар тогтоосон. Энэ хуулийг өөрчлөх гэж тухайн үедээ аж ахуйн нэгжүүд асуудлаа Үндсэн хуулийн цэцэд өгч, хүлээлтийн байдалд ороод байсан. Татвараа төлөхгүй багахан хугацаа алдахад л өрөнд орсон, үүний дараа зарим нь ч олборлолтоо албан ёсоор больсон. Үүнээс улбаалаад олонх нь механикжсан нинжа болж эхэлснээс хойш урт нэртэй хууль гарлаа.
Алтны шороон орд дээр байгаа 274 тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар түр цуцалж зөвхөн нөхөн сэргээлт хийхийг шаардсан шүү дээ. Ингэхээр хуулийн нөлөөллөөс болоод алтны олборлолт зогсоогүй ч тушаалт нь далд байдалд шилжчихлээ. Монголбанкинд тушаах алтны хэмжээ багассаар өнгөрсөн жил хамгийн бага буюу гурван тоннд хүрлээ.
Энэ жил “Мон дулаан”, “Алтан дорнод Монгол” зэрэг компанийн олборлолт нэмэгдсэнээр алт тушаалтын өсөлтийг хангаж байна даа. Алт үйлдвэрлэгчид өөрсдөө холбоо байгуулаад, энэ асуудлаа Засгийн газрын байгууллагуудад тавьсан. Хэрэгждэггүй урт нэртэй хуулиа яах юм, дээр нь далд байдалд шилжчихсэн алт худалдааг яах вэ гэсэн хоёр асуудлаар уулзаж, санал солилцоод урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын хуульд нь өөрчлөлт оруулъя, алтны худалдааг ил тод болгоё гэсэн хуулийн төслүүдийг санаачилсан юм.
-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг хэрэгжүүлснээр гарах үр дүн нь юу вэ?
Алт олборлогчдыг бага татвараар урамшуулах юм.
-Алт олборлогчдыг бага татвараар урамшуулах юм. Ингэвэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ гэсэн ганцхан үндэслэлтэй. Тэр нь эргээд манай валютын нөөцийг нэмнэ, төгрөгийн ханшид нөлөөллөө авчирна, эдийн засагт ч татвар төлбөр нь нэмэгдэнэ гээд олон эерэг үр дүн байна.
-Гэвч яагаад татварыг бууруулах болов, энэ нь эргээд Оюутолгойд хөнгөлөлт болж очих гээд байна гэж олон хүн хардаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Алтны татварыг 2.5 хувь болгож бууруулснаар татвар төлөгчдийн бааз нэмэгдэнэ. Олон татвар төлөгчтэй болсноор татварын орлого нэмэгдэнэ шүү дээ. Мэдээж, тэр хэмжээгээр цаана нь ажлын байр ч шинээр бий болно. Хоёрдугаарт, Оюутолгойн асуудал дээр бүр төөрөгдөлд орчихсон.
Оюутолгойн ордоос гарах алтан дээр л хөнгөлөлт эдэлнэ гэж яриад байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн зэс, алтны ордод байгаа алт нь дангаараа байгаа юм шиг яриад байна. Шинжлэх ухаанд эдгээрийг дангаар нь гаргаж авах технологи одоогийн байдлаар байхгүй. Цаашид ер нь бараг гарахгүй байх.
-Энэ талаараа та илүү дэлгэрэнгүй танилцуулаач?
-Тэгэхээр уламжлалаараа яадаг вэ гэхээр, зэсийн эсвэл цайрын баяжмал ч юм уу тодорхой хэмжээний өнгөт төмөрлөгийн баяжмалыг үйлдвэрийн процесст дагалдаж явдаг ашигт элементүүд (металл) нь алт, мөнгө, кадми, рени юм.
Тэдгээр нь зэс, цайр, никелийн баяжмалаас хэзээ салдаг вэ гэхээр хайлах үйлдвэрийн бүтэн дамжлага, дараа нь цэвэр металл гаргаж авдаг дамжлагыг нь бүтэн дамжина. Дээрх дамжлагын явцад нь тэдгээрийг салгаж авах технологи одоохондоо үгүй гэсэн үг.
Зэс, цайр зэрэг өнгөт металлыг баяжмалаас нь ихэнхдээ металлургийн технологийн аргаар ялгаж авдаг. Ингэх явцад үлдсэн шаарнаас нь л дээр дурдсан ашигт элементүүдийг ялгаж авдаг. Тэгэхээр тэр ашигт элементүүд хүдрээс эхлээд баяжуулах, хайлах, цэвэршүүлэх технологийн процесс бүрт хорогдож байдаг. Зуун хувь бүгдийг нь цэврээр ялгаж авах ч боломжгүй.
-Тэгвэл баяжмал дахь алтны үнийг яаж тооцдог юм бэ?
“Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалд алтны агууламж маш бага.
-Тухайлбал, зэсийн баяжмал дээр ярья л даа. “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалд алтны агууламж маш бага. Мөнгө их. Харин Оюутолгойн баяжмал алт ихтэй. Бас мөнгө ч бий. Олон улсын худалдааны практикт биржийн металлын үнэ дээр үндэслэн зэсийн баяжмалын үнэ тогтоохдоо ашигт элементүүдийн агууламжаас хамааран, мөн дээрх хорогдлыг тооцон үнэлж баяжмалын үнэ дээр нэмдэг.
2008 онд алтны үнэ нэг унци нь 800 ам.доллар буюу грамм нь 25.68 ам.доллар байхад, нэг тонн баяжмал дотор 40 гр алт агуулагдаж байвал хорогдолыг нь 97.5 хувиар тооцож (40х25.68х0.975) нийт 1001.5 ам.долларыг баяжмалын үнэ дээр нэмж байсан байна. Харин алтны агууламж нь хоёр граммаас доош байвал агуулагдаж буй алтных нь 50 хувьд нь (2х25.68х0.5) буюу зөвхөн 25.68 ам.доллар баяжмалын үнэ дээр нэмэгдэж байсан байна.
-Алтны агууламжаасаа болж төлбөр бодогдох эсэх нь хамаарна гэсэн үг үү. Энэ нь Оюутолгойд хэрхэн тусгалаа олох юм бол?
-Оюутолгойн хувьд 26-30 хувийн зэсийн баяжмал байлаа гэхэд тэнд байгаа агууламжид нь тааруулаад металлын биржийн үнээр үнэлээд, тээврийн зардлаа хасч, хайлуулах, цэвэршүүлэх зардлаа бас хасна. Энэ гурвыг хасч байж ялгаж авах боломжтой хувь хэмжээгээр зэсийн баяжмалын үнээ тогтоочихоод саяын алтны үнийг зэсийн баяжмалын үнэ дээр нэмэх юм. Оюутолгойгоос зэсийн баяжмалын үнэ дээр алтны агууламжийг тооцсон нэмэгдэл үнээс л татвар авна гэсэн үг. Тэр нь гэрээгээрээ таван хувь шүү дээ. Тэгэхээр энэ хууль Оюутолгойд хамаарахгүй.
Хэзээ хамаарах вэ гэхээр, Оюутолгойгоос авсан зэсийн баяжмалыг Монголд боловсруулаад, хайлуулаад, цэвэршүүлж, дараа нь шаараас нь алтаа ялгаж аваад Монголбанкинд худалдахад л хэрэглэгдэнэ. Энэ нь нөгөө талаараа Оюутолгойг Монголд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барихыг дэмжсэн бодлого ч болж болно шүү дээ. Гэхдээ би итгэхгүй байна л даа.
Яагаад гэвэл баяжмал худалдаалах нь хурдан ашгаа өгдөг, илүү зардал, хөрөнгө оруулалт шаардахгүй. Монголд Сайншандад зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр барилаа гэхэд Оюутолгойгоос алт, зэсийн баяжмал худалдаж авахдаа алтныхаа үнийг дотор нь байгаагаар нь тооцно. Ингэж баяжмалаа худалдаж авчихаад хайлуулах үйлдвэр зэсээ 9999 сорьцтой болгож катодын зэсээ худалдчихаад шаарнаас нь алтаа ялгаж аваад Монголбанкинд худалдахад тэр татвар нь 2.5 хувь болж байгаа юм.
-Шинжлэх ухаанаараа ийм юм бол яагаад Оюутолгойд хөнгөлөлт болно гэж ийм олон хүн эсэргүүцээд байгаа юм бэ?
-Уул уурхай, боловсруулах үйлдвэр гэдэг чинь шинжлэх ухаан юм. Тэр шинжлэх ухаанаас давж гарах юм байхгүй. Тэгэхээр энэ талаар мэдэхгүй юм байгаа бол үүнийгээ мэддэг болох хэрэгтэй. Эсвэл мэддэг хүмүүсийн мэдлэг дээр үндэслэх ёстой. Ийм байхад домгийн шинжтэй, газрын гагнаас юм байна гэж яриад байх юм. Гагнаас нь байхгүй болчихвол Монгол Улс сүйрэх гэж байна гэх юм.
Би тэгвэл нэг жишээ татъя. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс 1960-1990 он хүртэл жил бүр 600 тонн, манайхаас 100 дахин их хэмжээний алт олборлон худалдаалж байлаа.
Өнгөрсөн жилийн байдлаар нийт олборлолт нь 170 тонн болж буурсан. Одоо тэр нь манайхаас 20 дахин их гэсэн үг. Тэдний нөөц нь шавхагдаад дуусч байгаа ч, гагнаас нь үгүй болчихоод тэр улс тун хүнд байдалд байна, хүн амьдрах аргүй болчихсон гэж би сонсоогүй. Харин ч эсрэгээрээ алтаа олборлоод, дэд бүтэц хөгжөөд, өндөр сайхан барилга бариад хөгжөөд л байна шүү дээ.
Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэйгээр асуудалд хандаж болохгүй. УИХ-ын олон гишүүн мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлье гэж яриад байна шүү дээ. Сургаар сонссон үгээр биш, баттай мэдээлэл, мэдлэг дээр үндэслэж ярьдаг, шийддэг болмоор байна.
-Энэ хуулийн төсөл батлагдахгүй бол ямар байдал үүсэх бол?
-Энэ хууль батлагдахгүй болсон тохиолдолд Монголбанкинд алт худалдаалах болбол 5+10 хүртэлх хувийн татвар алтны үнээсээ хамаараад төлнө. Гэтэл нөгөө талд нь алтны үйлдвэрлэлийг өргөжүүлснээр олон аж ахуйн нэгж зөв арга барилаар байгаль орчинд ээлтэйгээр алт олборловол татварын бааз суурь өргөжих асуудал, дээр нь алтны үйлдвэрлэл болон ажлын байр нэмэгдэх боломжууд л байхгүй болно гэсэн үг. Энэ тохиолдолд нинжа ажилладгаараа л ажиллана, алт далд худалдаа наймаагаар хил давдгаараа давна.