Д.Дамба: Уул уурхайн салбарын эрх зүйн боловсронгуй орчингүйгээр ямар ч хөтөлбөр хэрэгжихгүй
“Алт 3” хөтөлбөр хэрэгжсэнээр Төв Банканд тушаах алтны хэмжээ өсч, Монгол улсын валютын нөөц нэмэгдэж, цаашлаад эдийн засгаа дэмжих, ажлын байр нэмэгдэнэ гэж Уул Уурхайн Яам ажлын хэсэг томилсон билээ.
Энэ хөтөлбөр нийгэм, эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар Уул Уурхайн Үндэсний Ассоциациас тодрууллаа. Тус ассоциаци нь “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өмнөх “Алт 1”, “Алт 2”-ын алдаанаас суралцаж сайтар боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:
Анх 1992-2000 оны хооронд анх удаа хэрэгжсэн Алт хөтөлбөр монголын эдийн засгийг маш хүнд үед хөл дээр нь босгоход нөлөөлсөн гэж үздэг. Түүний дараах “Алт 2” хөтөлбөр татварын хууль, урт нэртэй хууль гэх мэтийн их бэрхшээлтэй учирч алтны салбар үндсэндээ 2009 оноос унаж эхэлсэн юм. Өнөөдөр ч хүнд байдалтай байна. Алт тушааж байгаагаас харахад тодорхой. 20 тн алт тушааж байсан үе байхад, одоо таван тн алт тушааж байна.
Эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичгийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.
Алт олборлох орчин үеийн нарийн техник технологийн шийдлийг хөтөлбөрт сайтар тусгах хэрэгтэй. Өмнөх алт хөтөлбөрүүдэд хэн дуртай нь орж болж байлаа. Энэ нь нэг талдаа сөрөг үр дагавартай ч олон хүнийг ажлын байртай, орлоготой болгов. Тухайн үед алтны салбарт нийтдээ 10-аад мянган хүн ажиллаж байлаа. Харин хоёр дахь хөтөлбөр Монгол улсыг дэлхийн зах зээлийн үнэ ханшаар худалдаа хийдэг системд оруулсан юм. Үүнээс өмнө Монгол Банкны тогтоосон үнээр борлуулдаг байсан юм.Алтны салбарын, ер нь, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохгүй бол хичнээн хөтөлбөр хэрэгжүүлээд ч нэмэргүй. Эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичгийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Ажлын хэсэг томилогдлоо. “Алт 3” хөтөлбөр хэрэгжсэнээр Улсын Банк зээлийн баталгаатай болно. Гадаадын зах зээл дээр бонд гаргахад барьцаа нь алт байдаг. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийг тогтвортой байлгана.
Өмнөх алт хөтөлбөрийн үед зургаан тэрбум төгрөгийг зээл байдлаар компаниудад олгож байсан билээ. “Алт 3” татвар төлөгчдийн мөнгөнөөс хэрэглэх үү?
Ингэх шаардлагагүй. Яагаад гэвэл тэр үед манай аж ахуй нэгжүүд нэлээд ядмаг байлаа. Харин одоо бол ААН-үүд, ялангуяа, уул уурхайн компаниуд хангалттай хөрөнгөтэй. Харин унагаад байгаа татварын таагүй орчноо сайжруулбал энэ хөтөлбөр улсын төсвийн мөнгөнөөс татаас авахгүйгээр амжилттай хэрэгжинэ. Алтны компаниудын техник, тоног төхөөрөмж дэлхийн хэмжээнд очсон гэж болно. Гол нь төрийн зүгээс саад хийх хэрэггүй.
Одоо УИХ-аар урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах, алтны худалдан авалтыг ил тод болгох гэсэн хоёр асуудал яригдаж байна. Гэхдээ ил тод болгоно гэдэг нь учир дутагдалтай гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг.
Ил тод гэж ярих нь оновчгүй. Харин хэн ямар хэмжээтэй олборлож, хэр ашиг олсон, татварт хэдэн төгрөг төлсөн, орон нутгийн иргэдийн амьжиргаанд яаж тус болов гэх зэргээр олборлох үйлдвэрийн салбар ил тод байх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Монгол Банканд алтаа тушааж байгаа хүний мэдээллийг ил тод болгоно гэдэг байж болшгүй. Ингэх нь тухайн хувь хүн, байгууллагын үндсэн эрхийг хөндөж, цаашлаад аюултай байх бололцоотой. Тухайлбал, халдлага дээрэмд өртөж болно. Тэгэхээр алтны олборлолт, худалдаа хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ил тод гэхийн оронд алтны чөлөөт худалдаа гэж яривал зохино.