“Есөн эрдэнийн ганжуур"- ын гэрчилгээг гардуулна
Парис хотноо өнгөрсөн сарын 5-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Олон улсын баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн.
Ийнхүү “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах ёслол энэ сарын 13-ны 15:00 цагт тус байгууллагын Үнэт ховор номын музейд болно. Тус үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн тавигдана.
Нэмж хэлэхэд 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн “Олон улсын баримтат өв”-д бүртгэсний дотор “Есөн эрдэнийн Ганжуур” багтсан нь соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал болсон.