2013.12.20

Ц.Даваасүрэн: Ирэх онд сурагчийн дүрэмт хувцасны төслийг аудитын шалгалтаар оруулна

Чингис бондын зарцуулалттай холбоотойгоор Эдийн Засгийн Хөгжлийн сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Засгийн Газар анх энэ бондыг оруулж ирэхдээ Ерөнхийлөгч болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвшөөрөл авсан билээ. Гэхдээ УИХ-аар бондын асуудлыг оруулалгүйгээр зарцуулж эхэлсэн нь буруу ч юм шиг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Энэ бол өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Яагаад гэвэл Чингис бондын асуудлыг бондын зөвлөл хариуцдаг. Энэ зөвлөлд төрийн гурван гол байгууллагын төлөөлөл багтдаг. Засгийн Газраас Ерөнхий Сайдын хамт таван сайд, УИХ-аас эдийн засаг, төсвийн байнгын хорооны дарга нар, нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан ордог. Тэгэхээр өмнө нь томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг аль нэг намын дарга, Ерөнхий сайд ганцаараа шахуу шийддэг байсан явдал байхгүй болсон гэсэн үг. Ийнхүү гурван талаас шүүн хэлэлцэж байж төсөл гаргадаг. Харин төмөрлөгийн үйлдвэрт зориулсан төсөл гэх мэтийн удаашралтай төслүүд байгааг үгүйсгэхгүй. Бас хөрөнгийг нь гаргуулсан мөртөө өөр зориулалтаар ашиглаж байгаа төсөл байна. Тухайлбал, сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг ярьж болно. Ирэх жил үндэсний аудитын шалгалт хийнэ гэж бодож байна. Учир нь энэ хүмүүс анх ирэхдээ сайхан төсөл бичиж ирсэн юм. Гэтэл хэрэгжилт нь ямар байгааг бид бүхэн мэднэ.

Дорноговь руу тавьсан авто замыг Азийн Хөгжлийн Банкны хөрөнгөөр барьсан мөртөө бондын мөнгөөр барьсан мэтээр сурталчилсан гэсэн яриа гарлаа. Энэ мэтээр бондын хөрөнгийн талаар эргэлзээтэй зүйлс их яригдаж байна.

Монголын төрд хариуцлага, хяналтын тогтолцоо алга.

Сайхан төсөл биччихээд зориулалтыг нь өөрчилж, импортын худалдаа хийсэн байвал үүнийг даруй зогсоохоос өөр аргагүй. Төрд хяналтын систем, хариуцлагын тогтолцоо алга. Хоёр сайдыг огцруулах асуудал дээр бид нухацтай хандаж, чухам ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн, улсад хохирол учруулсан байвал тийм хүмүүсийг бид өршөөдөггүй байх хэрэгтэй. Харин улс төрийн зорилгоор огцруулах гэж бужигнуулаад баймааргүй байна. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулалт улс төрийн тогтвортой байдлаас шууд хамаардаг.

Өнөөдөр манайд улс төрийн хариуцлага, улс төрийн хамгаалалт гэсэн хоёр зүйлийн тухай яригдаж байна. Яг ямар механизмаар ажиллавал үнэхээр ажлаа хийгээгүйн төлөө огцруулах гээд байна уу, эсвэл улс төрийн зорилго байна уу гэдгийг ялгаж болох вэ?

Үнэндээ хүний хийж буй ажлын дутагдал тодорхой байдаг. Үүнийг УИХ-ын хяналтын үүргийг гүйцэтгэдэг аудитын байгууллага хийдэг. Аудитын шалгалтаар бүх юм тодорхой болдог. Гэтэл өнөөдөр манайд яг жинхэнэ ёсоор нь шалгаж байна уу үгүй гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ үндэсний аудитын дарга бие даан санаачилж хэн нэгний үйл ажиллагааг шалгадаггүй бөгөөд энэ нь төрийн захиалгаар хийгддэг. Шалгалтын тайланг УИХ сонсдог. Ийм л механизмыг бид хэрэгжүүлэхийг хичээж байна. Иймээс бид саяхан аудитын хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн аливаа шийдвэр, ялангуяа төсөв батлах үед сайн ажиллах үүргийг аудитын газарт өглөө. Шинэчлэгдсэн аудит шинээр ажиллана гэж найдаж байна.