Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.01.02

Шадар сайд онцгой байдлын багаж, хэрэгслийн шинэчлэлд хяналт тавина

Онцгой байдлынхан өнгөрч байгаа 2013 онд хэд хэдэн томоохон гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадавхаа нэмэгдүүлсэн гэдгээ нотолсон. Гэхдээ одоо ч энэ салбарт техникийн багаж төхөөрөмж хэрэгцээтэй байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Нарантуул зах, Сандей худалдааны төвд гал гарч олныг цочирдуулсан. Хэрвээ тухайн үед галыг цаг алдалгүй унтраагаагүй бол хажуугийн түрээслэгчдийн бараа таваар түймэрт өртөж одоогийнхоос илүү их зардал гарах байсныг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ бол нэг талаас томоохон хэмжээний гал түймэртэй тэмцэх туршлага байсны давуу тал хэрвээ үүнээс илүү ажиллах ёстой байсан гэж үзвэл гал сөнөөгч аврагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалтыг илүү сайжруулах хэрэгтэй байгаа юм байна.

Жил болгон аврах ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдлээ гэдэг ч ихэнх нь шахааны бизнес байсаар ирснийг Шадар сайд шүүмжиллээ. Тиймээс энэ жил шадар сайд өөрөө аврах ажиллагаа, онцгой байдлын багаж, хэрэгслийн шинэчлэлд хяналт тавихаар болсон байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва:

Ард түмний сайхан залуучууд хүүхдүүд байгаа тэгээд улаан гараараа түймэртэй тэмцэх, резэнин завиар мөстэй үерлэсэн завиар явна гэдэг хамгийн том эрсдэл хүн аврах нь байтугай өөрсдөө эрсдэл аюул байгаа учраас бид ирэх жилд онцгой байдлын тоног төхөөрөмжид нилээн анхаарна.

Гэхдээ болоогүй одоогоор хангамж 30-40 хувьтай л байгаа. Ирэх жилүүдэд онцгой байдлын техник тоног төхөөрөмжийг онцгойлон анхаарна. Энэ бол хүний амь нас аврах, асар их эдийн засгийн хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Сэлэнгэ мөрөн зайрмагтсан тэр нэг өдөр ээж хүү хоёр осолдсон. Үнэндээ энд онцгой байдлынхны хариуцлага дутагдсан тал байгаа ч резэнин завинаас өөр аврах хэрэгсэлгүй аврагчид гар мухардахад хүрч байсныг холбогдох албаныхан хэлж байсан.

Бүхэл бүтэн улс орны хэмжээнд онцгой нөхцөлд ажиллах үүрэг хүлээсэн онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд ганц ч нисдэг тэрэг байдаггүй нь харамсалтай. Хэдийгээр 2014 онд бага хэмжээний хөрөнгө онцгой байдлын шинэчлэлд зориулагдсан ч шаардлагатай гэж үзсэн багаж хэрэгслийн ердөө 30-40 хувийг шинэчлэх юм байна.