Л.Болд:”Ямар ч тохиолдолд 7 дугаар сарын 1 давтагдах ёсгүй”
-Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Энэ чуулганаар таны хашиж байсан албыг залган авсан Батлан хамгаалахын одоогийн сайдыг огцруулах асуудал яригдах байх. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Албан ёсны байр сууриа мэдээж чуулган дээр илэрхийлж таарах байх. Батлан хамгаалах салбар, улс орны аюулгүй байдлын эрх ашигтай холбоотой чухал асуудал яригдах учир тухайн үед нь хэлэх гэсэн зүйлээ хэлнэ. Одоогоор нэг л зүйлийг тов тодорхой хэлж болж байна. Юу гэвэл Монголын Зэвсэгт хүчнийг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хуулиар хориглосон байдаг юм.
Бүр аливаа хэлбэрээр гэж тодотгосон байдаг.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т ингэж хатуу заасан байгаа. Тэгэхлээр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр энд тэнд бэлэн байдал дээшлүүлэх нэрийн дор 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг иш татаж ямар ч нөхцөлд Зэвсэгт хүчин бэлэн байх тухай ярьж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Ж.Энхбаярын хувьд сайдаар томилогдоод удаагүй байна. Гэвч ийм богино хугацаанд ийм эвгүй асуудалд орооцолдоод байгаад нь харамсал илэрхийлэхээс өөр яахав. Батлан хамгаалахын сайд байсан хүний хувьд үүнээс илүүг энд яримгүй байна.
-Ж.Энхбаяр сайд таны 2010 оноос хойш гаргасан тушаалын дагуу мэргэн буучдын 2 рот бэлтгэснийг үргэлжлүүлж байгаа гэж хэвлэлийн бага хурал дээр ярьж байна лээ.
-Тийм зүйл ярьсныг хэвлэлээс харсан. Ер нь Зэвсэгт хүчний дотоод амьдралтай холбоотой нарийн ширийн зүйлийг Батлан хамгаалахын сайд хэвлэлээр ингэж ил тод ярьдаггүй зарчимтай. Нууцын горим ч гэж бий. Нэгэнт Ж.Энхбаяр сайд ил тод мэдэгдсэн болохоор дараах зүйлийг хэлье. Би 3 жил 4 сар орчим хугацаанд Батлан хамгаалахын сайдын нэр төртэй албыг хашсан. Энэ хугацаанд мэргэн буучийн рот бэлтгэхтэй холбоотой миний гарын үсэг зурсан тушаал шийдвэр байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.
-Таныг сайдаар ажиллаж байх хугацаандаа хийсэн булхай нь илрэх гээд энэ шуугианыг зориуд дэвэргэлээ гэж зарим хэвлэл хардсан байсан.
Хий дэмий хардлага байна. Би түрүүн хэлсэн. Энэ салбарт 3 жил гаруй ажилласан гэж. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад тэргүүлэх үүрэгтэй Батлан хамгаалах салбарыг энэ хугацаанд толгойлж, өөрийгөө биш эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж явдаг цэрэг дайчидтай үр бүтээлтэй хамтран ажилласан энэ 3 жил бол миний амьдралын мартагдашгүй хуудас болон үлдэж байна. Надад төрийн өндөр алба хашсан энэ хугацаанд хийсэн буруу үйлдэл, бусдаас айж ичих зүйл байхгүй. Харин хийсэн бүтээсэн зүйл бол чамгүй бий гэж боддог. Нэг талаас Ардчилсан нам Засгийн газраас гарах улс төрийн шийдвэр огцом, хурдан гарсантай холбоотойгоор, нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс ажлаа төрийн ёс жаягийн дагуу дараагийн хүндээ хүлээлгэн өгч, ажлын үр дүнгээ нийтэд танилцуулах бололцоо олгоогүй учир юу хийж бүтээснээ олон түмэндээ дүгнээд хэлчих бололцоо тухайн үед гараагүй. Тиймээс завшааныг ашиглаад багцлаад хэдэн зүйл хэлье. Нэгд, миний бүрэн эрхийн хугацаанд Монголын Зэвсэгт хүчин, цэргийн албаны нэр хүнд өссөн.
Зэвсэгт хүчний үүрэг, зориулалт тодорхой болж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадавхи дээшилсэн.
Ер нь цэргийн албаны нэр хүндийг олон түмэн цэргийнхэндээ яаж хандаж байгаагаар тодорхойлж болдог. Өмнө нь манайд Зэвсэгт хүчин ерөөс хэрэгтэй юу гэдэг асуулт хүчтэй тавигддаг байсан үе бий. Энэ асуултыг одоо Монголын нийгэмд хэн ч тавихаа больсон байна. Би тодорхой жишээ хэлье. Миний үед Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Ингэснээр зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэдэн арван мянган алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж үлэмж хэмжээгээр нэмэгдэж нийгмийн баталгаа нь эрс сайжирсан. Манай цэргийнхэн гэхэд тэтгэврээ тогтоолгохдоо сарын цалингийн 60 хувиар тооцдог байсныг 80 болгож нэмэгдүүлсэн. Гэтэл бусад салбарын ахмадуудын тэтгэвэр ингэж огцом нэмэгдээгүй. Тийм атал хэн ч цэргийнхэнтэй барьцаж хэл ам гаргаагүй. Энэ нь батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг манай ард иргэд хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагийн нотолгоо. Хоёрт, Батлан хамгаалах салбар төсвийн үлдэгдлийн зарчмаар санхүүждэг байсан бол 2011 оноос эхлэн зөвхөн урсгал зардлаараа амьдардаг бус, хөрөнгө оруулалт хийдэг, бүтээн байгуулдаг салбар болон хувирсан.
Дахиад жишээ хэлье.
2009 онд салбарын хөрөнгө оруулалт ердөө 2 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл нэг километр зам тавих төдий мөнгө. Үүнийг ажлаа хүлээлгэн өгөхдөө 14 дахин нэмэгдүүлсэн. Намайг ажил авч байхад Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэж байсангүй. Одоо энэ сан найдвартай эх үүсвэртэй болсон. Энэ жил гэхэд төсөвлөснөөр 15 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр хуримтлуулах байх. Үүнээс гадна гадаадаас чамгүй олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тэрчлэн бүтээн байгуулалтын чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт байгуулагдсан барилга инженерийн ангиуд хөгжлийн сандаа хөрөнгө хуримтлуулдаг болж эхэлж байна. Гуравт, Монгол цэргийг дэлхий үнэлдэг болж салбарын гадаад харилцаа шинэ түвшинд гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих үйл ажиллагаа өргөжиж, чиг үүрэгт нь зарчмын өөрчлөлт орлоо. Өмнө нь голдуу харуул хамгаалалт, ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийнхэн 2009 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүх төрлийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг бие даан НҮБ-ын ажиллагааны бүтэн секторын аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцсан бол, 2010 оноос Судан Улсын Дарфурт Монгол Улсын цэргийн хээрийн эмнэлгийн баг НҮБ-ын ажилтнууд болон орон нутгийн иргэдэд II шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болсон. Афганистан дахь НАТО-гийн олон улсын цэргийн ажиллагаанд АНУ, ХБНГУ, Бельгийн Вант Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдынхаа тоог 2011 оноос нэмэгдүүлж, Афганистанд нийт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн тоо 400 орчимд хүрсэн. Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд 2012 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс бүтэн батальон оролцсоноор
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний тоо 900 давах ба ингэснээр энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч ТОП-20 орны эгнээнд Монгол Улс багтах болж байна.
Өөр нэг том үр дүн бол Монгол Улс НАТО-гийн түншлэгч орон боллоо. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Пентагонд анх удаа албан ёсоор айлчилж, Монгол-Америкийн цэргийн харилцаа өргөжсөн. Монголын Зэвсэгт хүчин америкаас ачаа, тээврийн зориулалттай том оврын С-130 онгоц авахаар яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байна. ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНТУ, БНЭУ, БНСУ зэрэг улстай хамтын ажиллагаа эрс идэвхжлээ. Үүний үр дүнд Зэвсэгт хүчний материаллаг бааз, зэвсэг техник, цэргийн алба хаагчдын хангамж хэрэгсэл илтэд сайжирсан.
-Шинэ сайд таны эхлүүлсэн эдгээр ажлыг хэр үргэлжлүүлж байгаа бол?
Тодорхой мэдээлэл бага л байна. Ер нь хэн ч байсан үргэлжлүүлэх л ёстой. Төрийн ажлын залгамж чанар хангагдах учиртай.
-Удахгүй УИХ-ын сонгууль болно. Хаана дэвших бодолтой байна?
Би 2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Багануур, Багахангай дүүргийг хамарсан УИХ-ын 21 дүгээр тойргоос нэр дэвшин сонгогдож байсан. Хэдийгээр нэр дэвшүүлэх хуулийн хугацаа болоогүй байгаа ч өөрийн тойрогтоо дахин нэр дэвших бодолтой яваа шүү. Одоохондоо өөрийнхөө тухай бодохоос илүү УИХ-ын сонгуулийн шинэ хуулийг яаж зөв хэрэгжүүлэхэд л илүүтэй анхаарч байна. Би УИХ-ын цөөнгүй гишүүнтэй хамтарч Сонгуулийн хуулийг санаачилж батлуулсан. Хэдийгээр сонгуулийн тогтолцоо, хуулийн үзэл баримтлалын талаар батлагдсан хууль санаанд хүрээгүй, зарим чухал заалт нь гээгдсэн ч гэсэн батлагдсан хуулийн суурь үндэс нь бидний санаачилсан төсөл хэвээр үлдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцоонд пропорционал элемент ямар нэг хэмжээгээр шингэж сонгогчийн санал гээгдэх магадлал багасч байгаа нь дэвшил. Сонгууль зохион байгуулахтай холбоотой үйл явц илүү тодорхой болж, саналыг автомат машинаар тоолох болсон нь сонгуулийн луйвар, зөрчлийг хаах том баталгаа болсон. Гагцхүү хуулийн хэрэгжилтээс бүх зүйл шалтгаалах болоод байна. Хуулиа сайтар мөрдвөл дахиад 7 сарын 1 давтагдахгүй байх бололцоо бүрдсэн. Харамсалтай нь хуулийнхаа зүйл заалтуудыг хэрэгжүүлэхийн оронд сонгуулийн дараа гарцаагүй 7 сарын 1 шиг эмгэнэлт явдал давтагдах мэтээр санаатай санаандгүй байдлаар төрийн эрх барилцаж байгаа зарим улстөрчид өөрсдөө ярьж эхэлсэн нь болгоомжлол эрхгүй төрүүлж байна. Наад зах нь холбогдох албан тушаалтнууд цахим үнэмлэхийг сонгууль тулгаж бэлэн болгох тухай одооноос хаяагаа манаж эхэлсэн нь хариуцлагаас зайлсхийхийг оролдож байгаа хэрэг. Төрийн институцүүд, төрийн албан хаагчид хуулиа ягштал баримталбал 7 сарын 1 дахин давтагдахгүй, үүний тулд Монгол төрийн өмнө үүрэг хариуцлага хүлээсэн бүх албан тушаалтан санаа тавьж, ард иргэд ч нэгэн адил итгэл үнэмшилтэй байх ёстой.
Цаашид Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, аливаа албан тушаалтан иймэрхүү улстөрийн үйл ажиллагаанаас хол байх нь зүйтэй.