БОХХАА-н байнгын хорооны хуралдаан
2014.01.16

БОХХАА-н байнгын хороо ҮХААЯ-ны 2013 оны ажлын тайланг сонслоо

УИХ-д хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшил гарсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж БОХХАА-н байнгын хорооны зарим гишүүд үзэж байгаа.

Салбарын яамны 2013 оны ажлын тайлангаа байнгын хорооны гишүүдэд танилцуулсан байна.

ҮХАА-н сайд Х.Баттулгын хэлж байгаагаар 2013 онд хөдөө аж ахуйн биржийн тогтолцоог нэвтрүүлснээр нийт 400 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдсэн байна. Мөн мах махан бүтээгдэхүүний үнэ буурсан гэсэн тайлбарыг салбарын сайд өглөө. Харин Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх Хэрлэн мөрөнд хайгуул судалгааны ажил хийгдэж байна. Үүний  цаана Хэрлэн мөрний усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх тодорхой бодлого зорилго тавигдаж байна гэдэг асуудлыг гишүүн Б.Бат-Эрдэнэ санууллаа.

ҮХАА-н сайдын тайлбарлаж байгаагаар цөөрөм байгуулах зорилгоор Хэрлэн мөрөнд судалгааны ажил хийгдэж эхэлсэн байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга “Бэлчээр хомсдоод, усгүй болоод хуурайшилт маш эрчимтэй явж байна. Ус бол бүх зүйлээс үнэтэй. Тиймээс усаа судлан яаж цөөрөм хэлбэрээр бусад газрыг усжуулах уу гэдгийг судална” хэмээн хэллээ.

Харин Гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хэрлэн мөрний сав дагуу 1200 км урсаж байгаа том мөрний бүрэн хэмжээний менежментийн тухай асуудал ярихгүй ганц газраас усны судалгаа хийж байгаа. Усны судалгаа хийх гээд маш их турба, материал хураасан байгаа нь хардлага төрүүлээд байна" хэмээн хэллээ.

Мөн монгол мал хөтөлбөрийн хүрээнд сумдад мал эмнэлгүүд байгуулагдаж бас малчдад урамшууллын мөнгө олгохоор өөр ажил хийхгүй байна хэмээн гишүүн Эрдэнэбат шүүмжиллээ. ҮХААЯ-наас монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийт 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан хэмээн мэдээллээ.