Иргэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд саналаа өгөх боломжтой болно
УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.01.24

Иргэд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд саналаа өгөх боломжтой болно

УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга
Р.Бурмаатай ярилцлаа.

-Өргөдөл гомдлын байн­гын хороог байгуу­ла­хаар хэлэлцэж байх үед дэмий зүйл, долоо байгааг найм болгож тоог нь нэмэгдүүлэхээс хэтрэхгүй хэмээн шүүмжилж байсан. Харин одоо бол чамгүй олон асуудлыг шийдвэрлэчихсэн, үйл ажиллагаа нь жиг­дэрчихэж?

-Тэгэлгүй яах вэ, Өргөдөл, гомдлын байнгын хорооны ажил аль хэдийнэ жигдэрчисхэн. Харин цаашид хийх ажлуудаа төлөвлөөд хүлээж байна даа.

-Иргэд танай байнгын хорооны ажлыг хэрхэн дүгнэж байгаа бол. Өмнөх үеийг бодвол тухайн асуудлыг дагнасан байнгын хо­роотой болсноор ажлын ачаалал нэмэгдсэн үү?

-Хүн бүр хийсэн аж­лынхаа үр дүнг үзэхийн төлөө чадах чинээгээрээ хичээдэг. Манай байнгын хорооны хувьд өнгөрсөн хугацаанд нэлээд үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. 2013 оны эхний 11 сарын байдлаар УИХ болон Тамгын газарт давхардсан тоогоор 5575 иргэнээс, 8852 хуудас бүхий 2202 өргөдөл ирүүлсэн бөгөөд тэдгээрийн 1415-ыг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд судлаж үзэн амаар болон бичгээр хариу өгсөн. Бусад байгууллага, албан тушаалтнаас шилжүүлэн ирүүлсэн 49 өргөдлийг мөн шийдвэрлэж хариу өглөө. Харьяаллын дагуу хол­­богдох байгууллага, ал­бан тушаалтанд нь шийд­вэрлүүлэхээр 605 өргөдлийг шилжүүлсэн.

Байнгын хороонд 109 өргөдлийн шийдвэрлэлтийг эргэн мэдэгдэхийг үүрэг болгосноос 92-ынх нь хариуг холбогдох байгууллага, албан тушаалтан нь ирүүл­сэн. Одоогоор тус байнгын хо­роонд 182 өргөдөл судалж шийд­вэрлэх шатандаа бай­гаа.

-Иргэд УИХ-ын ги­шүү­дэд хандахдаа ихэнхдээ ахуй­тайгаа холбоотой асууд­лыг мэдүүлдэг. Байнгын хороонд ирүүлсэн өргөд­лүүдийн утга нь чухам юу зонхилох юм?

Хүний амьдралд ямар асуудал, хүндрэл тулгардаг вэ, тэр бүхэн л байна.

-Хүний амьдралд ямар асуудал, хүндрэл тулгардаг вэ, тэр бүхэн л байна. Бидэнд ирүүлсэн өргөдлийг ангилж үзэхэд 1606 өргөдөл нь иргэний хувийн асуудалтай холбоотой байсан.

Тухайлбал УИХ-ын ги­шүүдтэй уулзахыг хүссэн 59, мөнгөн тусламж хүссэн 189, шагнал урамшуулал хүссэн 67, тэтгэвэр, тэтгэмж, ахмадууд ялангуяа ахмад дайчдын тэтгэврийг ахиу нэмэгдүүлэх, эмчилгээний, рашаан сувиллын хөнгөлөлт үзүүлэх, харьяалалгүй ах­мадуудыг харьяалах бай­гуул­лагатай болгох, амьдрал дорой, орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүдийг онцгой анхаарч хүүхэд асарсны тэтгэмж, ядуурлыг бууруулах зээл, тусламжид хамруулах, тахир дутуу иргэдийн ажиллах нөхцөл бололцоог бий болгох зэрэг нийгмийн даатгал, ха­ламжтай холбогдсон 155 гэх мэтээр ирдэг.

-Гэр хүссэн өргөдөл их ирдэг үү?

-Тиймээ. Сүүлийн үед орон сууц олгох, зээлийн орон сууцны дараалалд оруу­лах, гэр, хашаа байшин авах, барихад зориулан зээл олгуулах зэрэг асуудал маш их буюу 334 ирсэн. Ер нь санхүүгийн тус­лалцаа хүссэн өргөдөл, хүсэлт нэлээд ирнэ. Сур­галтын төлбөр болон сур­гууль, анги солиулах, га­даа­дад сургуульд явахад тус­­лалцаа үзүүлэх, ажилд орох гэх мэтчилэнгээр ирүүлдэг.

-Уг нь танай байнгын хороо дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх үүрэг­гүй биз дээ. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй болохоор ирүүлээд байна уу?

-Иргэдийн хувьд өөрийн тань хэлдгээр хаана, хэнд хандахаа мэдэхгүй тохиолдол байна. Тиймээс олон хувь бичээд олон байгууллага, газар руу зэрэг явуулчихдаг юм байна.

Өмнө нь бол иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг манайд хамаарахгүй гээд буцаачихдаг байсан. Одоо бол тайлбар болон хуу­лийн заалт, зөвлөмж өгөөд шаардлагатай бичиг ба­рим­тын бүрдүүлэлт, хол­богдох байгууллага, албан ту­шаалтныг зааж өгч байгаа. Ингэснээр олон нийтийн цаг завыг ч хэмнэж эхэлсэн.

-Төрийн байгууллагууд өөр хоорондоо цахимаар холбогддог. Тэгвэл өргөдөл, хүсэлтийг цахимаар авч болдоггүй юм болов уу?

Бид энэ зарчимд шил­жих зорилт тавин ажил­лаж байгаа.

-Бид энэ зарчимд шил­жих зорилт тавин ажил­лаж байгаа. Тухайлбал байгууллага хоорондын бичиг баримт солилцдог зарчмаар иргэдийн мате­риалыг ч ил­гээх боломжтой болгох, түү­гээрээ дамжуулаад ту­хайн асуудал нь яг хаана, хэн гэ­дэг албан тушаалтанд, ямар үе шаттай яваа нь эргээд мэдэгддэг байх жишээтэй.

Эхний ээлжинд яг манай байнгын хороо өөрийн цахим хуудас болон Иргэдийн саналыг сонсдог “11-11” төвийн лавлах дугаарын утас, вэб сайт зэргээр ир­гэдтэй холбогдож байгаа.

-Иргэд Төрийн ордонд нэвтэрч өргөдөл, гомдлоо өгөхөөс эхлээд чирэгдэл ихтэй шүү дээ. Энэ бүх­нийг хялбаршуулж бол­доггүй юм уу?

-Байнгын хорооны ажилт­нууд тодорхой өдөр, цагт Төрийн ордонд ир­гэдийг хүлээн авч уулзаж, өргөдлөө хэрхэн яаж бичих, хэнд хандах зэргийг нь зөвлөдөг болно. Өөрөөр хэл­бэл заавал “Нэвтрэх үнэм­лэх” авах шаардлагагүй бо­лох юм.

Түүнчлэн нээлттэй хэ­лэлцүүлгийн журмыг бат­­луу­лахаар зэхэж бай­гаа. Ингэснээр иргэдээс ирүүл­­сэн саналыг байнгын хо­роо­­гоор олон нийтийн нээлт­тэй хэлэлцүүлгээр авч хэлэлц­дэг болно.

Иргэний санал үндэслэл бүхий байж олон түмний дэмжлэгийг авбал УИХ-ын мэргэжлийн байнгын хороод болон УИХ-ын чуулганаар ч хэлэл­цүүлэх боломжтой.

-Тэгэхээр иргэд хууль хэлэлцэх үйл явцад гар, бие оролцоно гэсэн үг үү?

-Тэгнэ. Иргэд хууль, тог­тоолын шийдвэр бо­ловс­руулахад оролцох оролцоог нь хангаж өгөх юм. Одоо бол хэнд хандахаа мэдэхгүй байгаа Өргө­дөл, гомд­лын байнгын хороо­гоор дам­­жуулан ир­гэд саналаа өгч, хууль санаач­лагчдад дамжуулна.

-Иргэд өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудлаа л уламжилдаг. Тэгэхээр тун удахгүй хөрсөн дээр буудаггүй хууль гэх ойлголт үгүй болж мэдэх нь ээ?

-Тийм ээ. Энэ нь цаг хугацааны л асуудал. Бид ч гэсэн энэ асуудлыг ир­гэдийн саналаас тулгуур­лан гар­гаж ирсэн.

Тодруулбал, цэргийн байгууллагад ажиллаж бай­­гаад хуулийн дагуу 50 нас­тай тэтгэвэрт гарсан хоёр иргэн бидэнд хандсан. Гэ­тэл тэднийг Тэтгэврийн тухай хуулиар заавал 55 нас хүрч байж мөнгөө ав гэсэн байгаа юм. Судлаад үзэхэд хууль хоорондын зөрчлөөс болоод тэтгэвэрт гарчихсан хэрнээ таван жил мөнгөө авч чадахгүй хохирчихсон юм билээ. Энэ тухай л өргөдлөө өгсөн юм.

Үүний дагуу бид хууль хоорондын завсардлыг арил­­гахаар ажлын хэсэг бай­гуулан ажиллаж байгаа. Энэ дагуу саналаа УИХ-д оруулж, хуульд нэмэлт өөрч­лөлт оруулна. Энэ мэтчилэн иргэдэд тохиолдсон асуудал, хүнд­рэлүүдээс үүдэн хуульд зайлшгүй өөрчлөлт, нэмэлт оруулна. Ингэхээр олон нийт хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ гэсэн үг л дээ.

Ер нь ингэж байж л амьдралд нийцтэй хэрэгжих үндэстэй хууль батлагдах учиртай.