178 багшийг 348 сая төгрөгөөр шагналаа
“Нийслэлийн 374 жилийн ойн өдрийн хүрээнд өчигдөр боловсролын салбарын шилдэг багш ажилчид болон хот тохижилт үйлчилгээний ажилчид бүтэн жилийн турш хийсэн ажлынхаа үр дүнгээр шагнуулсан юм.
Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгийн газраас уламжлал болгон зохион байгуулах бөгөөд Нийслэлийн удирдлагууд бүгд ирсэн байлаа.
Арга хэмжээг нээж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлсэн. Тэрээр хэлэхдээ: “Боловрол, хот тохижилт гэсэн хоёр өөр салбарын ажилчид нэг дор цуглараад ажлаа дүгнүүлж байгаа нь шинэлэг, өвөрмөц арга хэмжээ байна. Бид дарга нарт зориулсан хурал, арга хэмжээ, концертыг больё гэж ярьсан. Төр бол иргэндээ үйлчилдэг байгууллага. Тийм ч учраас энэ жил нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцсон хүмүүсээ шагнаж байна” гэсэн нь үзэгчдэд ихэд таалагдаж, алга ташив.
Үнэндээ ч өвөрмөц арга хэмжээ тэр бүр болж байсангүй. Тэр тусмаа үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлж, тайзан дээр шагнаж байсан удаагүй.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
Тийм ч учраас хамгийн түрүүнд хороо, гудамж, дүүргээ хоггүй сайхан байлгасан ТҮК-ийн ажилчдыг шагнасан байх. Нийслэлийн хэмжээнд 454 үйлчлэгч, 288 жолооч, 416 ачигч байдаг бөгөөд эдгээрээс ажил хөдөлмөрөөрөө 9 үйлчлэгч, таван жолооч, дөрвөн ачигч шалгарч Сингапур, Хонгконг улсад долоо хоног аялах эрхээр шагнуулсан юм.
Түүнчлэн хоггүй дүүргээр Сүхбаатар дүүрэг нэгдүгээр байр, ЧД хоёрдугаар байр, БГД гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Үүний дараа бүтэн жилийн хугацаанд хүүхэд бүрийн хөгжлийн төлөө сэтгэл гарган, хичээл ажилласан 178 багшийг 374 сая төгрөгөөр шагналаа. Энэ жилийн хувьд Нийслэлийн боловсролын газраас “Чанарын шалгалт”-ыг зохион байгуулжээ.
Нийт 7893 багш хамрагдсан бөгөөд хамгийн түрүүнд багш нар өөртөө үнэлгээ тавьсан аж. Түүний дараа сургуулийн баг багшийг үнэлж, Нийслэлийн боловсролын газраас тэднийг эрэмбэлж, магадлан шалгажээ. Ийнхүү багшийн хөдөлмөрийг үнэлж, үнэхээр сурагчид нь мэдлэгтэй болж байгаад чанарын үнэлгээ хийж байгаа нь боловсролын салбарт хийж буй шинэчлэл юм.