Сар шинийн Мэндчилгээ
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон иргэн бүрээ ажилтай, хөдөлмөртэй, айл гэр бүлээ орлоготой, хуримтлалтай байлгах бодлогыг хэрэгжүүлэхэд нэг баг болж, гар сэтгэл нийлэн хамтран зүтгэж яваа салбарын нийт хамт олон, Та бүхний гэр бүлд тань Арвандолдугаар жарны “Ялгуусан” хэмээх модон морь жилийн сар шинийн баярын мэндийг айлтгаж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр улсын нийт хүн амын 67.2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж, улсын хэмжээнд 1086.5 мянган хүн ажил эрхэлж, 2013 оны 3 дугаар улирлын байдлаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 92.4 хувьтай байна.
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд 150000 ажлын байр шинээр бий болгох томоохон зорилт дэвшүүлж, энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж, нийлүүлэлтийг дэмжих, мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг өргөжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр, түүнтэй уялдсан 8 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна.
Тухайлбал, 2013 онд 49330 гаруй ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлж, 105 хувиар биелүүлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар их буюу 51917 ажлын байрыг шинээр бий болгосон, Хөдөлмөр-нийгмийн зөвшлийн 3 талтайгаа хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг байсныг 36 хувиар нэмэгдүүлж, 192000 төгрөгт хүргэн шинэчлэн тогтоов.
Цалин хөлсийг инфляцийн түвшин, ажилтны ур чадвар, бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэхээр 2014 оныулсын төсөвт 235 тэрбум төгрөг суулгуулж, Сум хөгжүүлэх санд 2013 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилж, нэг суманд ногдож буй хөрөнгө оруулалтыг дунджаар 150 сая төгрөгт хүргэлээ. Ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын мэдээллийн “Е-бирж”-ийг нэвтрүүлж, 142 сум, 134 хороонд байршуулж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежиуд 23.4 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасны 57 хувь нь ажлын байртай, 16 хувь нь дээд шатны сургуульд элсэн суралцаж, нийт 73 хувь нь ажил, сургуультай болсон мэдээ гарлаа.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчийн захиалга-гэрээний үндсэн дээр 7000 орчим мэргэжилтэй ажилтныг 5 сарын богино хугацааны сургалтаар бэлтгэснээс 80 гаруй хувь нь гэрээт байгууллагадаа байнгын ажлын байранд ажиллаж байгаа зэрэг үр дүнд чиглэсэн, бодит ажлуудыг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Угтан ирж буй морь жилд бид хамтдаа хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, тогтвортой, эрүүл, аюулгүй ажлын байранд бүтээмжтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зохистой хөдөлмөрийг төлөвшүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтыг чадамжид суурилсан сургалтын шинэ тогтолцоонд шилжүүлэх томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежиудыг өмчийн хэлбэр үл харгалзан төрөлжүүлж, мэргэжлийн зонхилох чиглэлийг тогтоон, кампус хэлбрээр зохион байгуулна. Мөн тус яаманд хамаарах тусгай сангуудын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээл олголтод иргэдийн зүгээс тавих хяналтын механизмыг тус тус бүрдүүлж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллах болно.
Айлчлан ирж буй Морин жилд Та бүхэн эрүүл энх, аз хийморьтой байж, үр хүүхэд тань баяр баясгалантай, өтгөс буурлууд тань амар амгалан, гэр бүлдээ элбэг дэлбэг, буян хишигтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье .
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХӨДӨЛМӨРИЙН САЙД Я.САНЖМЯТАВ