Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оны тэргүүн алдартан”-аар хоёр дахиа тодорлоо
Нэгэн жилийн уртад монгол түмнээ манлайлсан эрхмүүдийг “Өнөөдөр” сонин өдгөөгөөс арван хоёр жилийн тэртээ “Сүргийн манлай” хэмээгч могой жилд анх удаа тодруулж байв.
2002 оноос нааш харван одсон арван хоёр жилийн уртад тухайн оны алдартнуудыг олон нийтийн саналаар тосон авсан “Өнөөдөр” уламжлалаа даган усан могой жилийн алдартнуудаа хаврын тэргүүн сарын шинэ дээр тодруулж, өчигдөр цом, өргөмжлөлийг нь гардууллаа.
Хаврын тэргүүн сар хаяа дэрлээд удаагүй ч хурц нар юугаа ээн, урин цагийг дуудах аж. Харин “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимын үүдэнд хуурын эгшиг түрж, цагаан эсгий дэвсэн ёслол төгөлдөр зэхсэн нь “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн тэргүүн алдартнуудаа зарлахаар бэлтгэснийх аж. “Оны алдартан”-уудын эрэмбийг урьд өдрийн сонингоор дамжуулан нийтэд зарлаж, урилга заллагыг нь хүргээд байсан юм.
Уулзах цаг 11.00 боловч хорин минутын өмнөөс л холхисон зочдын цувааг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал түүчээлэв. Араас нь Монгол Улсын Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням “Хөх асар”-ын хаалгыг татаж, тун удалгүй Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, кино найруулагч С.Бямбаагийн хүү Б.Хүслэнгийн бараа харагдаж, түүний хойноос спортын мастер М.Уранцэцэг, УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын алдартнуудын хөлд “Хөх асар” дарагдав.
Хамгийн сүүлд морин цагтай уралдан хотын мээр Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар ёслолын танхимд орж ирлээ. Эд бол усан могой жилийн монгол түмний манлай, тэдний бие төлөөлөл юм.
Өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг нээн хэлсэн үгэндээ “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг “Хэн нэгэн буюу хэсэг бүлгийн эрх ашиг, санаа зоригоос үл хамаарсан хамгийн шударга шалгаруулалт байж чаддаг учраас “Өнөөдөр”-ийн оны алдартнууд тасралтгүй оршсоор байгаа” гэдгийг тодотгосон. Хүндэтгэлийн цагаан өнгө бүхий ёслолын танхимыг “Hero” энтертайнмент, “Best vision” компанийнхан тохижуулжээ.
“Хөх асар” танхимын голд Богд хаант Монгол Улсын үеийн буюу 1915 онд урласан гурван тамгыг шилэн хоргонд хүндэтгэн байрлуулжээ. Цалин цагаан мөнгөөр урласан эдгээр тамгын тус бүрийн өмнө Номун хан Жалханз хутагт Самади багшийн тамга, Дөрвөдийн зүүн гарын Бат хүлэг төгс далай ханы тамга, Нийслэл хүрээний голын Чойжон сахиусын сүмийн хуврага тушаалтныг захирах тамга хэмээсэн байх агаад Монголын Үндэсний музейгээс энд залжээ. “Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг энэ тамгыг урьд нь гаргаж байгаагүй гэсэн.
Бидний хүсэлтээр “Өнөөдөр”-ийн алдартнуудыг хүндэтгэж эдгээр тамгыг залсан. Гурван сая шахам монголчуудын дундаас нэгэн жилийн хугацаанд амжилт бүтээл, алдар гавьяагаараа тодрон манлайлсан эдгээр эрхэм Монголын түүхийг, монгол түмний үйл хэргийг маргаашийн ирээдүйд дархлан тамгалж байгаа гэсэн бэлгэдлийг бодож түүхт тамгыг байрлуулсан юм” хэмээн “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар учирлалаа.
Тэргүүн алдартнуудыг тоо өгсөх эрэмбээр нэрлэн, алдартнуудын есдүгээрт бичигдсэн У.Мөнх-Эрдэнийн багшийг “Хөх асар” танхимын хойморт урилаа. Олимп, тив, дэлхийн тэмцээнээс гурван медаль хүртсэн монгол тамирчныг тоог ихэрлүүлсэн У.Мөнх-Эрдэнэ ХБНГУ-д тэмцээнд оролцож, эх орондоо эзгүй буй тул түүний анхны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд шавийнхаа өргөмжлөлийг гардан авав.
Алдартнуудын өргөмжлөлийг уйгаржин монгол бичгээр таталган бичсэн байх агаад Монгол Улсын төрийн бичээч хэмээн хүндэлдэг уран бичээч Д.Баттөмөр тэднийг урлажээ. Чингэхдээ түүний өөрийнх нь зохиож, оюуны өмчөөр данслуулсан “дуулгат үсэг”-ээр өргөмжлөлийн үгийг бичжээ.
“Алсын удирдлага” киногоороо БНСУ-ын Бусан хотноо болсон Азийн кино наадмын дээд шагналыг хүртэж, усан могой жилийн онцлох эрхмүүдийн наймдугаарт эрэмбэлэгдсэн кино найруулагч С.Бямбаа энэ өдрүүдэд Голландын Роттердам хотноо болж буй олон улсын кино наадамд бүтээлээрээ зодоглож буй тул түүний хүү Б.Хүслэн, “Алсын удирдлага” киноны зургийн дарга Б.Номинтуяад өргөмжлөлийг нь гардуулав.
Түүний дараа улирч буй усан могой жилд улс төрийн талбарт аваргын зиндаатай улстөрч болсноо батлан харуулсан УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын лидер улстөрчдийн нэг, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ҮХАА-н сайд Х.Баттулга, Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням болон оны тэргүүн алдартны аман хүзүү, жүдо бөхийн 2013 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нар өргөмжлөлөө алд цагаан хадгийн хамт гардан авлаа.
“Өнөөдөр сонин арван гурван жилийн турш “Оны алдартан”-аа шалгаруулахад алдартнуудын тоонд хамгийн олон буюу 12 удаа багтсан эрхэм бол УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд. Өмнөх жилийнхийг “өнжсөн” эл эрхэм олон нийтийн саналын дүнд энэ онд алдартны сэнтийд эргэн ирсэн ч албан ажлаар гадаадад зорчиж буй тул өргөмжлөлийг нь МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгад гардуулан өглөө.
Харин өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг дахин хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал асуулгад 145 оноо авч, “өрсөлдөгчөөсөө” 77 саналын илүүгээр “Оны тэргүүн алдартан”-аар хоёронтоо шалгарав. Тэрбээр ОХУ-ын Сочи хотноо эхлэх цагаан олимпод оролцох бэлтгэлээ базааж буй учраас түүнд хаягласан бадамлянхуа цэцгэн мөнгөн суурьтай, ногоон хаш чулуун биетэй, орой дээр нь улиран одсон жилийн могойн дүрсийг цул мөнгөөр урласан цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулав.
Ийнхүү нэгэн жилд бүтээснээ ард түмнээр үнэлүүлж, монгол түмнийхээ дундаас тодрон, алдар гавьяагаа дархалсан эрхмүүдэд өргөмжлөлийг нь гардуулав. “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг “Монголчуудад цог хийморь буян хишиг бэлэглэдэг морин жил гарлаа. Ирэх жилийн өдийд морин жилийн алдартнуудаа тодруулна. Энэ шалгаруулалт олон олон жил үргэлжлэх болно. Тэр хэрээр монгол түмний амжилт, ялалтын алдар гавьяаны түүх улам зузаарсаар байх билээ” хэмээв.