Я.Санжмятав: Гадаадад олон жил ажилласан хүмүүс эх орондоо ирэх нь үнэт баялаг болно
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.
-Та саяхан БНСУ-д зорчиж тэнд хөдөлмөр эрхэлж буй монголчуудтай уулзсан байна. Ер нь монголчуудын гадаад оронд хөдөлмөр эрхлэх байдал ямар байгаа юм бол. Харьд ажиллаж амьдарч буй иргэдээ Монгол төр ямар бодлогоор дэмжих юм?
-Монгол Улсын 200 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч, сурч байна. Энэ нь цөөхөн монголчуудын хувьд бага тоо биш. Төрийн албан томилолт хийгээд сурахаар харийн орныг зорьсон иргэд багахан хувийг нь эзэлж байгаа бол дийлэнх нь амьдралаа босгохын тулд эх нутгаа орхин гарсан байгаа юм. Энэ хүмүүсийн араас Монгол Улс “Юу болж байна” гээд эргэж тойрдог, уулзаж ярилцдаг болж санал бодлыг нь сонсч ажил хэрэг болгож байх хэрэгтэй.
Ингэж эх нутгаасаа гарсан монголчуудын араас санаа тавих байдал өмнө нь бага байсан. Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойш өнгөрсөн хавар бид Солонгост байгаа иргэдтэйгээ уулзаж сэтгэл санааны дэм үзүүлж Монголдоо очвол ямар боломж байгааг танилцуулсан. Тухайлбал, визний хугацаа нь дуусч байгаа иргэд эх орондоо ирэхэд төрийн байгууллагаар дамжуулан ажлын байрны саналаа ирүүлэх.
Бид эндээс нь төрийн болон хувийн хэвшилд зуучлах боломжийг эрэлхийлж гарцыг олсноо дуулгасан юм. Өнгөрсөн хавар ийм ажил зохион байгуулсан бол сая ХАХНХЯ-тай хамтран, Хурд хамтлагийн хамтаар мөн зорчоод ирлээ. Ингэхдээ төр засгийн бодлого, хийж хэрэгжүүлсэн ажил, хийх гэж байгаа зүйлээ дуулгалаа.
-Гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэд эх орондоо ирэхэд хөдөлмөрлөх боломжгүй гэдэг. Солонгос дахь монголчууд эх орондоо ирвэл хөдөлмөрийн болоод эдийн засгийн ямар хөшүүрэг, боломж байгааг дуулгав?
-Гадаадад гарсан 200 гаруй мянган хүний 25 орчим мянга нь Солонгост байдаг юм. үүний есөн мянга орчим нь гэрээгээр ажилладаг бол дөрвөн мянга нь сурч, найман мянган хүний визний хугацаа хэтэрсэн байх жишээтэй. Харин түр ажиллаж байгаа зургаан мянга орчим хүн бий. Гадаадад явсан энэ хүмүүс оюуны өндөр потенциалтайн дээр олон жил хөдөлмөрлөж асар их туршлага, мэдлэг хуримтлуулсан байдаг. Үүнийхээ үр дүнг эх орондоо ирж гаргаач ээ л гэж байгаа. Тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр боловсруулаад ирвэл үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд дэмжлэг үзүүлэх боломж байна.
Өөрийн нөөцөд тулгуурлаад компани байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл татварын хөнгөлөлтөөр ч дэмжих бодлого бий. Тухайлбал 1.5 тэрбум төгрөгөөс доош хөрөнгөтэй дотоодын үйлдвэрлэгчийн татварын 90 хувийг буцаалтаар олгох гэх мэт. Энэ нь бизнес эрхлэлтээ эхлэх гэж байгаа хүмүүст том боломж. Мөн үйлдвэрлэлээ өргөжүүлэх сонирхолтой бол ажилчдынхаа цалин хөлсийг тавихаас эхлээд ихээхэн үр нөлөөтэй ажил болно. Тиймээс мэдлэг, туршлага, ур чадвар хуримтлуулсан та бүхэн маань эх орондоо ирж ажиллаач гэсэн урилгыг энэ үеэр түгээлээ.
Монголчуудын хамгийн их ажиллаж амьдардаг хоёр дахь орон бол АНУ. Чадвал энэ хавар Нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг хийж АНУ-д байгаа иргэдтэйгээ уулзаж эх орныхоо эдийн засаг, хөдөлмөрийн нөхцөл боломж ямар байгааг танилцуулах зорилготой байгаа. Хөгжилтэй оронд ажиллаж байгаа хүмүүсийн хийсэн бүтээснийг Монголд үйлдвэрлэх боломж байна уу гэдгийг эрэлхийлж, гадаадад байгаа монголчуудыг туслахыг хүсч байна.
Энэ ажлуудыг маань гадаадад буй иргэд маань ихээхэн дэмжиж байна билээ. Хамгийн гол нь монгол хүн гадны ийм том корпорацид үр бүтээлтжэй ажиллаж байна шүү гэсэн сурталчилгааг хийж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Эх орондоо эргэж ирсэн хүн Хөдөлмөрийн яамны хаалгыг татахад байж болох зүйлээр дэмжинэ гэсэн үг үү?
-Эх орондоо ирж хөдөлмөрлөхөөр болбол бид шууд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэхээсээ илүүтэйгээр зуучлалын ажлыг нь Хөдөлмөрийн биржээрээ дамжуулаад хийх бололцоо байгаа юм. Монгол руу шилжихээсээ өмнө хоёр сарын өмнө ч юм уу тодорхой хугацааны наана Солонгост байгаа Элчин сайдын яам, нэг цэгийн үйлчилгээний газарт хандан ийм төрлийн ажил эрхлэх боломжтой гээд бүртгүүлчихэд ажилтан хайж буй компанид нь мэдээллийг нь дамжуулж ажлын байр бий болгох бололцоо байна.
Нөгөөтэйгүүр ар гэрээ тэжээхийн тулд хөгжилтэй оронд хөдөлмөрлөж технологийн дэвшилд суралцсан хүн бол дипломгүй том сургалтад хамрагдсан доктор юм. Хүнтэй харьцах соёлоос эхлээд компанийг удирдах менежментийг тухайн оронд нь тухайн үйлдвэрлэл дээр нь суралцчихсан учраас энд цөөн хүнтэй баг удирдаад хөдөлмөрлөж ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тэд ядаж л ажлын цаг хийдүүлэхгүйн дээр бүтээгдэхүүн борлуулах менежментэд суралцсан байдаг. Өнөөдөр хоёр өрөө байрны үнэ 100 сая төгрөгт хүрчихлээ.
Гадаад оронд ажиллаж амьдраад Монголд хоёр өрөө байр худалдан авна гэдэг бас хэцүү. Тиймээс монголдоо ажиллаад өөртөө баялаг бүтээх боломжтой болсон гэдгийг дуулгаж байна. Дараагийн чухал асуудал нь технологи Ноу Хау гэж байдаг. Цонхны рам юм уу шаазан, плита үйлдвэрлэлийн гэх мэт нарийн мэргэжлийг Монголдоо олгож чаддаггүй. Тиймээс тэр технологийг нутагшуулах асуудлыг нэн тэргүүнд тавьж технологид суралцсан хүмүүст боломж олгон дараа дараагийн мэргэжилтнүүдийг нь бэлтгэх ажлыг хийх хэрэгтэй байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын ашиглаж байгаа технологи дээр ажиллаж байсан хүмүүс бол Монголд өндөр түвшний мастерууд гэсэн үг.
Дотооддоо үйл ажиллагаа явуулж буй компаниуд ч ийм хүмүүсийн мэдлэг, ур чадварыг ашиглавал ихээхэн хэмжээний үр дүн гарна гэдгийг харж гадаад орон руу гарсан монголчуудыг нөлөө бүхий хүний нөөц гэж дүгнэж байна. Солонгост хийсэн арга хэмжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг “Эх орондоо ир. Хуримтлуулсан мөнгөнөөс чинь гадна хувь хүн танд хуримтлагдсан мэдрээгүй мэдлэг байгаа. Түүнийхээ үр дүнг эх орондоо үзээч ээ” гэж хүсч байгаа юм.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд төрийн энэ бодлогыг хэр дэмжиж байна вэ. Тэдэнд Монголдоо ирэх сэтгэлзүйн бэлтгэл суусан уу?
-Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 20 гаруй насны хүн яваад өнөөдөр аль хэдийнэ 50 настай болчихож. Нэг ёсондоо өтлөх тал руугаа хэвийж эх орондоо ирэх сэтгэлтэй байгаа ч дассан ажил, хэл устайдаа дулдуйдаад тэндээ ажиллаад байна. Нөгөөтэйгүүр тэдгээр хүмүүс энэ хугацаанд маш их туршлага хуримтлуулснаа бага мэдрээд байна. Тэгэхээр хуулийн нөхцөл уян байгаа үед компани байгуулан хөгжүүлэх боломжтой байхад эх орондоо ирсэн нь онно. Хүний нутагт зарагдаж цалин авч байснаас мэдлэг туршлагаараа Монголд байгаа орон зайг нөхөж гадаадаас импортоор оруулдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлбэл тэр хүн хувийн өмчтөн, компанийн эзэн болно.
Одоогоос 40 жилийн тэртээ Солонгосын олон иргэн гадаад руу гарч хөгжилтэй орнуудын хар ажлыг хийж өгдөг байсан. Харин өнөөдөр тэгж ажиллаж байсан хүмүүс нь улсынхаа жижиг дунд үйлдвэрлэлийг авч яваа. Ийм бололцоо Монголын хөрсөнд бий болчихоод байна. Ийм үед манай яам, Засгийн газрын барьж байгаа бодлого бол гадаадаас авах ажилчдаа багасгая. Гадагш нь явуулдаг хүнийхээ тоог ч бууруулъя. Тэр орон зайгаа гадаадад байгаа гадаадад ажиллаж байсан хүмүүсээр нөхөе гэж байгаа юм.
Гадагш гарсан хүмүүсийг явахад цалингийн хэмжээ 200-300 мянган төгрөг байж амьдрал залгуулахад хэцүү байсан бол өнөөдөр тээвэрлэлтийн жолооч хийхэд л 1.5 сая төгрөгийн цалин авч байна ш дээ. Б.Лхагвасүрэн “Хүний нутагт хагас жаргадаг. Өөрийн нутагт бүтэн жаргадаг” гэж хэлсэн байдаг. Түүн шиг олон жил харийн оронд хагас жаргалаа. Одоо эх орондоо ирж бүтэн жаргаач ээ л гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм боломж бүрдсэн. Ганц жишээ дурдахад сая шагнал авсан Нацагням байна. Олон зуун Нацагням харийн оронд байна гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Шууд хэлбэл гадаадад олон жил ажилласан хүмүүс эх орондоо ирэх нь үнэт баялаг болно.
-Гадаадад олон жил ажилласан иргэд мэдлэг, туршлагатай ч хүнд үзүүлэх бичиг баримт байдаггүй. Үүнийг яаж цэгцлэх юм?
-Солонгост гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс Монголын нэг цэгийн үйлчилгээ хийгээд Солонгосын талд бүртгүүлж байх хэрэгтэй. Тэгээд нутаг буцахаасаа өмнө богино хугацааны сургалтад хамрагдаад үнэмлэх, сертификат авах боломжтой. Үүнийгээ бариад ирэхэд нь МСҮТ-д хуваарилж Монголд ашигладаг технологи дээр асар богино хугацаанд шалгаад үнэмлэхийг нь гаргаж өгөх боломжтой.
-Хөдөлмөрийн яам гадаад оронд явсан иргэдээ эх нутаг руу нь эргүүлэн татах нөхцөл бололцоог нь хангахаас гадна тухайн оронд нь хөдөлмөрлөж байх үеийн асуудалд нь анхаарах ёстой. Иргэн бүртээ хүрч ажиллах нөхцөл бүрдэх нь үү?
-Солонгост хамгийн олон хүн ажиллаж, амьдардаг учраас Хөдөлмөрийн яам тэнд салбар нэгжээ байгуулсан. Хөдөлмөрийн яамны салбар Нэг цэгийн үйлчилгээний газар гэж. Тус байгууллага гэрээ нь зөрчигдсөн, цалин хөлсөө өгөөгүй, аюулгүй ажиллагаанаас болж хохирсон гэх мэтээр олон асуудлыг шийдэж ажилласан байна. Харин бусад орны хувьд тухайн орны Элчин сайдын яамаар нь дамжуулан асуудлыг нь шийдэж байгаа.
-Солонгос руу визгүй зорчдог болох асуудал байнга яригддаг. Таныг ажиллах үеэр энэ асуудал хөндөгдөв үү?
-Нарийн яриа хийгдсэнгүй. Хоёр орны гадаад харилцааны яам харилцан ярилцаж байгаа. Гэхдээ богино хугацаанд шийдэгдэхгүй байх. Тиймээс бид визний хугацаа нь дууссан иргэдэд анхаарал хандуулж эх орондоо ирж буцдаг болох талаас нь ярилцаж байгаа.
-Нэг хэсэг солонгосчууд биднээс залхаж, аль болох нутагтаа хөл тавиулахгүйг хичээн ёстой л шүдийг нь хүртэл шалгаад оруулдаг байсан. Энэ байдал өнөөдөр өөрчлөгдөж монголчуудыг нэн таатай хүлээж авдаг болсон сурагтай?
-Харьцангуй гайгүй байгаа. Улаан, цагаан хууль бус үйлдэл хийхгүй бол тэр бүр монголчуудыг барьж цагдаад, шалгаж нэгжээд байдаг зүйл үгүй болсон байна. Энэ нь Солонгосыг зорих урсгал багассантай нэг талаараа холбоотой. Стадион дүүрэн хүн хонуут оочерлож явдаг байсан бол өнөөдөр МСҮТ-д суралцаж мэргэжилтэй болоод эх орондоо бүрэн дүүрэн цалинтай ажиллах нөхцөл бүрдсэнийг монголчууд ашиглаж байна.
Хоёдугаарт харалсан гэж чичлүүлдэг нөхдүүд маань тухайн орондоо аливаа гамшиг, гэнэтийн осол тохиолдох буюу хүнд үед нь өөрөө баригдана гэлгүйгээр тусалдаг. Шууд хэлбэл монголчууд цайлган, цагаан хүн чанартайгаараа бусад орны хүмүүсээс 100 хувь илүү байдаг нь үүнд нөлөөлсөн байх. Солонгост орон орны иргэд ажилладагаас монголчууд л мөс чанар сайтай, хүн чанартай гэдгийг нь таньж мэдсэн байдаг.