М.Энхболд: Намаас гарна гэж нэг ч хүн мэдэгдээгүй
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос цаг үеийн асуудлаар зарим асуултад хариу авлаа.
-МАН-ын 200 гишүүн өчигдөр МАХН-д элссэн гэнэ. Энэ үнэн үү?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цахим хаяг, өдөр тутмын сонингоор МАН-ын 200 гишүүн намаасаа гарах мэтээр мэдээлж байгаа. Манай намын аль ч шатны гишүүд гарна гэж мэдэгдээгүй. Энэ бол ор үндэсгүй зүйл гэж хэлмээр байна.
-МАН-ынхан Засгийн газарт хариуцлага тооцох тухай мэдэгдэж байгаа. Ямар хариуцлага хүлээхийг шаардах юм бэ?
-Бид эдийн засаг хариуцсан сайд нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Олонхиороо хамгаалаад үлдсэн. Энэ хавар улс орны эдийн засгийн байдал, хүн ардын аж амьдрал хүндхэн байна. Сөрөг хүчний зүгээс өөрсдөдөө хариуцлага тооцох шаардлагыг нэг бус удаа тавьсан. Энэ Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон хариуцлага тооцох асуудлыг бид тавих болно.
-Энэ жил хоёр удаа төсвийн тодотгол хийнэ гэсэн яриа байна?
-Төсвийн тодотгол зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа. Өнгөрсөн онд улсын төсвөөр бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байгууллагууд ажлаа хүлээлгэж өгчихөөд, санхүүжилтээ авч чадахгүй байгаа. Зөв-хөн энэ асуудалтай холбогдуулан төсвийн тодотгол хийхээс аргагүй. Аудитын дүгнэлт гарсны дараагаар Засгийн газар төсвийн тодотгол өргөн барина гэж байгаа. Энэ бол нэгдүгээр улиралд төсвийн тодотгол хийж байгаа хэрэг. Оны эцэс рүү төсвийн орлого зарлагын байдал ямар болохоос шалтгаалан дахин төсвийн тодотгол хийнэ. Энэ жилийн төсвийн зардал нь нэлээд өссөн, бүтээн байгуулалтын шинж чанар нь багасан төсөв болсон. Тэгэхээр оны эцсээр төсвийн тодотгол хийхээс аргагүй байдалд орох байх.