Шинэ сумын “шинэ” иргэд нь орон сууцтай малчид
Улаанбаатараас 800 орчим км-т алслагдсан Баянхонгор аймгийн Бууцагаан суманд малчид хэрхэн орон сууцтай болох, хэрхэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах, орлогоо яаж бүрдүүлэхийг ярилцлаа.
Энэ бол “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгийн үеэр малчдын анхаарлыг хамгийн ихээр татсан нэг чухал сэдэв байлаа. Иргэд төдийгүй малчдад зээлийн шаардлага хангасан орлоготой байх, түүнийгээ нотлох, баталгаажуулна гэдэг том даваа байдаг. Тэгвэл үүнийг шийдэх боломжтой холбогдох байгууллагын удирдлагуудаас хүссэн мэдээллээ сонсох боломжийг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд болсон “Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлэг бүрдүүлж чадсан юм.
“Шинэ сум” төслийн хүрээнд канад технологиор цогцолбор барилгууд барьж байгаа хоёр сумын нэг нь эднийх. Сумын төвийг шинээр барьж байгаа болохоор түүнийгээ даган иргэд, малчид амины орон сууцтай болох боломж нээгдсэн. Зөвхөн амины орон сууцаар хязгаарлагдахгүй сумын төвд малчдад зориулсан хямд өртөгтэй орон сууц барих талаар яригдаж эхэлсэн. Сумаасаа гадна аймаг, нийслэлд ч гэсэн малчид орон сууцаа зээлээр авах боломжийг бүрдүүлэх шат дараатай ажлууд үр дүнгээ өгч байна.
Тухайлбал, Хөдөө аж ахуйн биржээр арилжсан малын гаралтай түүхий эдийн нийт дүн 400 гаруй тэрбум төгрөг болжээ. Өнгөрсөн онд гэхэд ноолуур 6382 тонн, хонины ноос 1005 тонн, тэмээний носс 1048 тонныг биржээр арилжаалсан байна. Энэ бол малчдын орлого баталгаажиж байгаагийн нэг жишээ. Өмнө нь малчид малаа банкинд барьцаалж байж зээл авах эрхтэй байсан бол түүхий эдийн арилжаагаа биржээр дамжуулснаар орлогоо баталгаажуулах таатай боломж нээгдсэн.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 2300 орчим айл өрх хамрагдаж байна.
“Шинэ малчин-шинэ хөдөө” хэлэлцүүлгийг нээж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан үг хэлэхдээ ч үүнийг онцлон дурдсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон ҮХААЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, банкны төлөөлөл оролцож, малчдын асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Д.Ганбат олон жил хөрөнгө оруулалт хийгээгүй хөдөөд ялангуяа Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлж буйн ач холбогдлыг танилцууллаа. Үүний дараа БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа Шинэ сумын төвийн канад модон технологийн талаар мэдээлэл өгсөн юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 2300 орчим айл өрх хамрагдаж. Малчдаас ч мөн энэ зээлд хамрагдах санал маш ихээр ирж байгааг тэрээр хэлээд, ойрын хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шийдвэр гарна гэсэн таатай мэдээг дуулгалаа.
Шинэ сумын төвийн дэргэд сумын иргэд газар авч, хаус бариулах захиалга өгч эхэлсэн тухай мэдээлэл бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл энэ хэлэлцүүлгийн үеэр малчдыг орон сууцтай болгох асуудлыг хөндөн тавьж, холбогдох судалгаа хийснээ компаниуд танилцуулсан. “Эко партнершип” компани гэхэд хурдан хугацаанд, чанартай, хямд барих өртөгтэй орон сууцыг хэрхэн боломжтойгоо хэлэлцүүлэгт ирсэн албаны хүмүүс болон Бууцагаан сумын иргэд, малчдад тайлбарлаж өгөв.