Канад барилгаар гоёсон холын хөдөөгөөр аялахуй
Улаанбаатараас 630 км алслагдсан Баянхонгор аймгийг зориод ирлээ. Хэдийгээр гадаа хаврын урь орж нар шингэх цаг алгуурлаж байгаа ч хонгор нутгийн хөдөө сумдад агаар салхи тэсгим хүйтэн, тал нэлдээ цастай байна.
ҮХААЯ- ны дэд сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Шир- мэн нараар ахлуулсан хэвлэл мэдээллийнхний 30-аад уран бүтээлчдийн баг Хонгор нутгийг зорьсон шалтгаан нь Бууцагаан, Баянлиг сумын шинэ өнгө төрх, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах байлаа.
Дээрх сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ТиТи энд Би” компани 20 гаруй тэрбум төгрөгөөр Канад технологоор сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр, эмнэлэг, халуун ус гэх мэтийг барьжээ. Тэдний ажлын явц 80-аад хувьтай, ирэх гуравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгээ барилгын ажил гүйцэтгэгчид хэллээ. Тэд салбарын сайд, мэргэжилтнүүдэд хандан барилгын ажлын явц цаг агаарын өөрчлөлтийг ажирахгүй үргэлжилж байгаа гэдгийг дуулгаад дэд бүтэц муутай учраас хил гаалиар материал татах ажил хүндрэлтэйг учирлаж байв. Алслагдсан хөдөөд загвар болохуйц бүтээн байгуулалт хийснээр орон нутгийн залуус ажилтай орлоготой болж энэ хэрээр дээрх сумдыг зорих нүүдэл нэмэгдэх хандлагатай байна гэсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байлаа.
ЦАГААН ИДЭЭ ХАЙГААД ОЛСОНГҮЙ
Малынхаа тоо толгойгоор Баянхонгор аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг гэсэн мэдээг сонсоод мэл гайхав. Сонирхолтой санагдсан шалтгаан нь сумын хэмжээнд 20 гаруй тоологдох том жижиг дэлгүүрийн лангуун дээр орон нутгийн малын сүү, ааруул малчдын боловсруулсан цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн нэг ч байсангүй. Бүр эрээд ч олсонгүй. Угтаа бол Бууцагааны ааруул гэж нутаг усандаа төдиигүи манай улсдаа л брэнд идээ байдгийг нутгийнхан нь сайрхах.
Тийм атал лангуун дээр “Гоё” тараг хоёр ширхэг байх нь хэзээ үйлдвэрээс гарч, хэдэн хоног хэний гараар дамжин байж Бууцагааны дэлгүүрийн лангуун дээр ирсэн нь даанч мэдэгдсэнгүй.
Угтаа бол бог бодынхоо тоо толгойгоор улсын хэмжээнд эхний тавд багтдаг гэдгээ Бууцагаан сумын Засаг дарга Ч.Энхдалай хэлсэн. Тэгэхээр 50-иад сая толгой малтай гэгддэг монголчууд хөдөөгөө шинэчлэх тухай хэдийнээ яриад, ажлаа эхлүүлсэн ч малчдын гар дээр аймаг, хотынхонд зарж борлуулах ааруул, сүү, боловсруулсан цагаан идээ ерөөс байсангүй. Сураглавал, нэг килограмм ааруул 25-35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг гэдгийг нутгийн малчин бүсгүй хэлэв.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫХНЫ БИЕ ЗАСАХ ГАЗАР НЭГ Л БИШ ЭЭ
Нийслэл, аймаг орон нутгаасаа буйдхан нүд алдам талд хэсэг бүлэгхэн тойрогт багтах айлууд, ундуй сундуйхан хашаа, цонх, хаалга нь эвдэрч хэмхэрсэн ганц хоёрхон давхар барилга, хаа сайгүй шогшолдох ноход, хөндлөн гулд давхилдах мотоциколтой залуус, хот явах унаа машины зарлал дуулгах улаан булангийн узель хаа нэг дуугарах, хотоос ирсэн зочдыг гайхширч гүйлдэх хөдсөн дээлтэй хүүхдүүдийн дүр зургийг хөдөөгийн аль ч сумаас харж болно. Даарч байгаа шинж тэдэнд алга. Өлчир багахан тэдний ийнгүйлдэх нь бага насны минь хаа нэгтээ үлдсэн төрхийг сануулах техникжсэн бүх зүйл гарын өндгөөр хувирч өөрчлөгдөж байгаа энэ үед сумдад хаашаа л харна бие засах газрууд таарна. 00-ын асуудал хөдөөд яах аргагүй хөндөх сэдэв болжээ.
Бохир нь хальж урсаад хөлдсөн байх нь элбэг энэ дүр зураг хөдөө орон нутагт ч хөрсний бохирдол газар авч байгааг илтгэх шиг.
Үүнтэй зэрэгцүүлээд бодвол хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн багачууд гадаа ил задгай 00-д бие засдаг нь анхаарал татав. Бууцагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрлээ “Манай Гэрэл” цэцэрлэг 50 настай. 2-5 насны 500-аад хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олж байна. Бие засах өрөө болон ариун цэврийн зориулалтын өрөөгүйгээс багш нарынажлын ачаалал тэр хэмжээгээр нэмэгддэг. Бага насны сурагчид 40 гаруй хэмийн хүйтэнд ч гадаа гарч бие засдаг. Тиймээс сумдын сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ гаргаж бие засуулахаас эхлээд ажил мундахгүй” гэдгийг хэлсэн юм.
МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛААГ БЭЛТГЭХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Хэдийгээр улсын төсвөөс хөрөнгө мөнгө хуваарилж хөдөөг шинэчлэх, байшин сууцнаас нь эхлээд орчин үеийн технологийг нэвтрүүлж шинэ хөдөөг алслагдмал орон нутагт байгуулахыг зорьж байгаа нь сайшаалтай ч нүүдэлчдийн ахуй хөдөөд алдагджээ гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Учир нь монгол хүний зочломтгой зан алсуураа үтүйлэгдэж морь унасан малчин нүдний гэм болжээ.
Хөдөөгийнхөн цагаан идээгээ боловсруулж малаа мориор хариулдаг байдал алдагдсаныг нутгийн настайчууд зовнингуй хэлнэ билээ.
Мал нь мотоциколтой хүнээс биш морьтой хүнээс айж үргэх аюул нүүрлэлээ.
Мөн мал маллаж байгаа идэвхтэй насжилт нь 45-аас дээш васныхан болжээ. Тиймээс залуу малчдын халааг бэлтгэх, тэднийг мал маллах арга ухаанд сургах төрийн бодлого хэрэгтэй байна гэсэн юм. Ямартаа л таваас доошгүй жил мал маллаж байгаа залуусыг төрөөс урамшуулбал яасан юм бэ. Мал маллах малчны ажил хөдөлмөрийг үнэлэх цаг болжээ. Залуус яагаад малаа маллахаас хөдөөг зорихоос татгалзаад байна вэ гэхээр малчдын ажиллах цаг төрийн албаныхны ажиллах цагаас хэд дахин их байгаагаас үүдэлтэй гэдгийг малчид онцолж байсныг энд дурьдая.
Тодруулбал, малчид орон сууцны зээлд хамрагдаж болох эсэх, малчдын тэтгэврийн насыг эргэн харах, мөн албан хаагчид өдөрт найман цаг ажилладаг бол малчид өдөрт 14 цагийг хотондоо эсвэл малынхаа бэлчээрт өнгөрүүлж байна. Иймээс таван жил тутамд малчдад тэтгэлэг олгож байя зэрэг саналуудыг салбарын сайддаа дуулгаж байв.
Юутай ч Хонгор нутагт өвлийн жавар тачигнасан ч малчдын хотонд төлийн дуу цангинах цаг ойртож байгаа учраас малчид шинэ төл хүлээж авах бэлтгэлээ дор бүртээ базааж эхэлжээ. “Шинэ хөдөө-шинэ малчин” аяны богцын дараагийн сурвалжлага Баянхонгор аймгийн Баянлиг сумаас үргэлжилнэ.