Малчдад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж олгоно
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ажлаа тайлагнав
2014.01.29

Малчдад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж олгоно

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үндсэн тулгуур нь үйлдвэрлэлийн салбар. Тэр дундаа хүнд үйлдвэрлэлийн бодлого, боловсруулалт нь эдийн засгийн өсөлтийн цаашдын үе, шатанд тодорхой нөлөө үзүүлэх учиртай чухал асуудалд тооцогдож байна.

Учир нь, Сайншанд аж, үйлдвэрийн цогцолборын ажил хүчээ авч, мал аж ахуй, хүнсний үйлдвэр, хүнд, хөнгөн үйлдвэрийн ажлууд эрчимжиж байгаа нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах бодит алхам болсон юм. Харин дээрх салбарын бодлогыг зангиддаг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (ҮХААЯ) өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн болоод цаашид үргэлжлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг хүргэж байна.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн долоо дахин өснө

ДНБ 15.2 мянган ам.долларт хүрч одоогийнхоос долоо дахин өсөх аж.

Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2011-2015 оны тэргүүлэх чиглэлд нэн тэргүүнд бичигдэж байгаа Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор (САҮЦ)-ын үйлдвэрүүд тодорхой үе шаттайгаар баригдах бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр 2011-2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5000 ам.долларт хүрнэ хэмээн тооцоологдож байна.

Харин аж үйлдвэрийн цогцолбор 2021 онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор нэг хүнд ногдох ДНБ 15.2 мянган ам.долларт хүрч одоогийнхоос долоо дахин өсөх аж. Түүнчлэн эдийн засгийн бодит өсөлт жилд дунджаар 14-16 хувьд хүрнэ хэмээн үзжээ. Нөгөөтэйгүүр, манай улсын эдийн засгийн бүтцэд уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийн үйлдвэрлэл давамгайлдаг байна. Гэхдээ 2016-2021 онд эдийн засагт өндөр технологид суурилсан боловсруулах аж үйлдвэр давамгайлсан, олон тулгуурт эдийн засагтай болох аж.

Ингэснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж 16.6 хувьд хүрэх бол нийт ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 52.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Харин цогцолбор ашиглалтад ороход усны асуудал төдийлэн тулгарахгүй бөгөөд жилд 15 сая шоо метр ус ашиглах судалгаа гаргажээ.

Архины зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо буурчээ

2012 онтой харьцуулахад үйлдвэрлэл 22.7, борлуулалт 13,2 хувиар өссөн үзүүлэлт аж.

Өнгөрсөн онд хүнсний салбар 737.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 815.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ нь, 2012 онтой харьцуулахад үйлдвэрлэл 22.7, борлуулалт 13,2 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин махны үйлдвэрлэлийн салбарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын урьдчилсан дүнгээр 10.2 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, хөдөө аж ахуйгаас 238.2 мянган тонн мах бэлтгэн, 22.1 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулан гурван мянган тонн мах экспортолсон  байна.

Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны хэмжээ 17.8 мянган тонн буюу 7.4 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 5.7 мянган тонн буюу 34.7 хувиар нэмэгдсэн байна. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцын төвшинд үзүүлсэн нөлөө өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өнгөрсөн таван жилийн дундаж үзүүлэлтээс 3.7 дахин багассан дүн аж.

Харин “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” төсөлд Засгийн газраас 27.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэх шийдвэр гаргаж, 11 аж ахуйн нэгжид 12 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй  зээлийн хөрөнгөөр хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах зориулалттай 50 хөргөлтийн төв байгуулах ажил эхлүүлжээ. Ингэснээр 2013 оны байдлаар 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь 2012 оныхоос 18.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн гурил, хүнсний ногооны боловсруулах үйлдвэрлэлийн салбар 63.7 хувиар буюу 114.9 мянган тонн байсан гурилын үйлдвэрлэл 188.1 мянган тонн болтлоо нэмэгджээ.

Харин “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 23 гурилын үйлдвэрт 48,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн хугацаатай олгож, нэг кг нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550, жижиглэнгийн үнийг 650 төгрөгт тогтвортой барьж чадсан байна. Мөн исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт амтат ус, ундаа, шүүс, савласан усны үйлдвэрлэл жил бүр тогтвортой өсч, өнгөрсөн онд 210.7 сая литр үйлдвэрлэсэн нь өмнөх жилээс 18,9 хувиар өссөн байна. Үүнээс шүүс үйлдвэрлэл 2013 онд 84.4 сая литр үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 26.6 хувиар өсжээ гэх судалгаа харуулж байна.

Харин мөн онд архины зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2012 оныхоос 17 хувиар буурсан. 2013 онд спиртийн зургаа, архины 35, дарсны 15, шар айргийн долоон үйлдвэрийн нийт 63 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Энэ нь, манай улсад одоогоор тусгай зөвшөөрөлтэй спиртийн ес, архины 57 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм.

Мал, амьтны тоо 45.1 саяд хүрэв

146 мянган малчин өрх, 289 мянган малчин, 2100 эрчимжсэн фермийн аж, ахуйд хуваагдаж байна.

Манай улсад тэмээ хамгийн бага буюу 0.3 сая байгаа бол адуу 2.6, үхэр 2.9, ямаа 19.1, хонь 20 саяд хүрчээ. Тэдгээр нь 146 мянган малчин өрх, 289 мянган малчин, 2100 эрчимжсэн фермийн аж, ахуйд хуваагдаж байна. Түүнчлэн 321 мянган гахай, 540 мянган тахиа, дөрвөн мянган бүл зөгий өнгөрсөн онд тоологджээ. Түүхий эд, бүтээгдэхүүний хувьд ноолуур 7.3, хонины ноос 21, тэмээний ноос 1.1, мах 250 мянган тонн тус, тус борлуулагджээ.

Түүнчлэн бодын шир нэг сая ширхэг, богийн арьс есөн сая ширхэг, сүү 400 сая литр, өндөг 110 сая ширхэг худалдаалсан байна. Харин арилжааны хувьд 2012 онд нэг кг ноолуурыг 45 мянга 660 төгрөгөөр худалдаж байсан бол өнгөрсөн онд 67 мянга 140 төгрөгөөр зарсан байна. Ингэснээр нийт гүйлгээний үнийн дүн 403.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Мөн ҮХААЯ-наас малчдад үл хөдлөх хөрөнгөтэй байх боломж олгож байгаа бөгөөд малчид малаа вакцин, тарилга, туулгад бүрэн хамруулсан, түүхий эд нь чанарын шаардлага хангасан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ХАА-н биржээр орлогоо тодорхойлуулсан зэрэг болзол хангах ёстой аж. Дээрх хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ онд нийт малчин өрхийн 1.8 хувийг, 2020 он гэхэд 16.1 хувийг хамруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.