Улсын сайн малчин, тариаланчдад хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.01.28

Улсын сайн малчин, тариаланчдад хүндэтгэл үзүүлэв

Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчин, тариаланчдыг сар шинийн өмнө тодруулж, Засгийн газрын зүгээс шагнал гардуулдаг уламжлалтай.

Энэ үеэр Улсын сайн малчин болсон Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн малчин Ж.Оюунцэцэг, Бүрэнтогтох сумын Бүрэн хаан багийн малчин Ж.Энхжаргал, Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК-ийн механикжуулагч Л.Батцэнгэл, Улсын тэргүүний фермеэрээр шалгарсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК-ийн захирлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ ажлын амжилт хүсье. Өнтэй өвөлжөөд, сайхан хаваржаад байж байгаарай. Удахгүй тойрогтоо очиж ажиллана. Та бүхний зүгээс хүсэх зүйл юу байна” гээд сэтгэгдлийг нь сонссон юм.

Малчдын зүгээс төрөөс хэрэгжүүлж буй бодлого амьдрал ахуйд үр шимээ өгч байна гэж тодотголоо. Тухайлбал, малаас гарч байгаа түүхий эд болох арьс шир, ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан нөхцөлд урамшуулал авдаг болсон нь амьдралд их нэмэр болж орлого оруулж байна гэлээ. Мөн малын тоо толгойны хойноос хөөцөлдөх бус чанарт анхаарч байгаагаа малчид хэлж байна.

Тариаланчдын хувьд УИХ-аар одоо хэлэлцэж буй Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд түлхүү анхаарч бодлого гаргах ёстой байгаа гэдгээ онцолсон юм.

Сануулахад, 2013 онд Монгол Улсын хэмжээнд Улсын сайн малчнаар 53 малчин, Улсын тэргүүний тариаланч хамт олноор есөн аж ахуйн нэгж, Улсын тэргүүний тариаланчаар 15 тариаланч тодорсоноос Хөвсгөл аймгаас улсын сайн малчин хоёр, улсын тэргүүний тариаланч нэг, улсын тэргүүний фермэр улсын хэмжээнд ганц шалгарсан нь ийнхүү Тариалан сумаас тодорлоо. Мөн улсын сайн малчид дунд ганц эмэгтэй малчин шалгарсан нь мөн л Хөвсгөл аймгаас тодроод байгаа юм.

Хүн амын тоогоороо улсдаа тэргүүлэх зэрэгт бичигддэг Хөвсгөл аймгийн хувьд мал сүргийн тоогоороо ч мөн дээгүүрт бичигддэг. Тэр дундаа үхэр сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж ирсэн аймаг билээ.